Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас 150 мянга орчим “шувуу” эрдэм сурахаар ирж яваа. Тэдний нэг нь Б.Болормаа. МУИС-ийн МХСС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элссэн тэрбээр их хотод анх удаа хөлж тавьж байгаа гэсэн. Зам гарах гэж 10 минут “ноцолдож” байгаа нь үүнийг нь батлах шиг. Тэр надтай ярилцахаас ичээд байсан болохоор өөрийнхөө тухай нэг их ярьсангүй. Тэр ч бүү хэл зургаа авахуулахаас татгалзсан.
-Хотод ирээд хэр удаж байна вэ?
-Долоо хоног болсон. Анх удаа ирж байгаа болохоор эртхэн ирж, хоттой танилцсан нь дээр гэж бодоод ирсэн дээ. Өчигд өр сургуульдаа бүртгүүлсэн. Хот их аймаар юм аа.
-Юу нь аймаар байна?
-Ийм их машинтай. Сая би зам гарах гэж бөөн юм боллоо. Хотыг зурагтаар зөндөө харж байсан л даа. Гэхдээ яг хүрээд ирэхээр өөр байна шүү. Өндөр, гоё барилгууд ихтэй юм. Манай аймагт ч өндөр барилга цөөнгүй бий. Гэхдээ хотынхтой харьцуулбал юу ч биш юм байна өө.
-Чи яагаад утга зохиолын мэргэжлийг сонгосон бэ?
-Би шүлэг бичих дуртай. Аймгийнхаа “Хүрэл тулга” наадамд байнга оролцдог байсан. Бас ном их уншдаг болохоор багаасаа л уран зохиолын мэргэжлээр суралцана гэж боддог байлаа. Энэ жил манай аймагт МУИСийн монгол хэл, уран зохиолын нэг л хуваарь ирж, би хүссэн ангидаа орсондоо баяртай байгаа.
-Дотуур байрандаа орж амжсан уу?
-Амжаагүй ээ. Бараг бүтэхг үй л юм шиг байна. Манай хамаатны айл Шархаданд байдаг юм. Тэднийхээс л хичээлдээ явна байх. Сургуулиас жаахан хол л юм. Уул нь дотуур байранд орчихвол амар л байна. Ямар ч байсан материалаа бүрдүүлээд өгсөн байгаа.
-Анх удаа хотод ирж байгаа гэсэн. Ганцаараа явж болж байгаа юм уу?
-Байгаа айлын маань хүүхэд одоо энд (МУИС-ийн хичээлийн II байр) ирнэ. Тэр өнөөдөр намайг хоттой танилцуулах гэж байгаа юм (инээв).
Ж.ТЭГШЖАРГАЛ