Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Д.Пүрэвдоржийн уран бүтээлүүдийг Улсын архивын ерөнхий газар сан хөмрөгтөө бүртгэж авлаа. Тэрбээр 1952 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, 1956 онд “Хаврын дуу” нэртэй шүлгийн анхны түүврээ хэвлүүлжээ.
Түүний намтар, ажил байдлын болон уран бүтээлийн тодорхойлолт болон 1933-2010 оны хооронд туурвисан зохиол бүтээл, дурсамж туурвил, өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл, ярилцлага, орчуулга, сонин хэвлэлд нийтлэгдсэн уран бүтээлийн хайчилбар, баяр ёслолын арга хэмжээнд зориулж төр засаг, байгууллага, иргэдийн захиалгаар бичсэн үг, мялаалга ерөөл, хөгжимт уран бүтээлийн нэвтрүүлэг зэргийг бүртгэж авсан байна.
Тухайлбал, “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлэг, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд”, “Чингисийн тахилга“ найраглал, “Шивээ хиагт”, “Нүцгэн ноён“, “Хархорум” дуурь зэрэг алдарт бүтээлийн анхны гар ноорог буй гэсэн.
Мөн “Тарчилсан сүнс”, “Улаан зүүд”, “Нарны жавар” гурамсан роман, “Бор гэрийн богд” дурсамж номын эх болон Монголын анхны сансрын нисгэгч эх орон, ард түмэндээ хандаж хэлэх үгийн төсөл, Зөвлөлтийн дайчдад зориулж босгосон хөшөөнд сийлэх үгийн уралдаанд шалгарсан бүтээл, С.Удвал, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Цоодол, Д.Төрбат нарын үзэг нэгт зохиолч нөхдөөс нь илгээсэн захидал зэрэг нэн сонирхолтой, түүхэн ач холбогдол бүхий үнэт гар бичмэл архивлагдсан аж. Тэрбээр Монголын уран зохиолыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран зохиолын яндашгүй авъяас билэгтэн билээ.
С.ЗАЯА