Шилдэг цахим сүлжээ болоод байгаа Facebook.com сайтыг санаачлагчдийн тухай өгүүлэх кино аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна.
“The Social Network” нэртэй уг киног Холливудад бүтээж байгаа бөгөөд интернэт сайтын түүхийг өгүүлж буй анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа гэнэ.
Тэгвэл энэ мэдээний араас дэлхийн шилдэг хайлтын систем болох Google-ийн тухай кино хийгдэх талаар мэдээлэл таржээ.
Уг киног зохиолч Кен Аулеттагийн борлуулалтаараа тэргүүлэгч “Googled: The End of the World as We Know It” номны зохиолоор бүтээж байгаа бөгөөд продюссерээр Майкал Лондон ажиллах юм байна.
Google-ийг үндэслэн байгуулсан Сергей Брин, Ларри Пэйж нарын хэрхэн амжилтад хүрч, “мөнгөний уурхай”-тай болсон тухай үнэн түүхийг өгүүлэх энэ кино хэзээ үзэгчдийн хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байна.
Т.НЯМ