Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр вувузела хэмээх бүрээний шунгинасан дуу олон хүнийг залхааж орхисон билээ. Тоглогчид бүрээний дуунаас болж нэгнийгээ сонсож чадахгүй байгаа тул хориглож өгөөч гэсэн хүсэлтийг FIFA-д тавьсан боловч хүлээж аваагүй.
Харин ДАШТ-ий дараа бусад холбоод яршигтай бүрээг хориглох шийдвэрийг гаргах болсон. Харин саяхан Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ноос өөрийн зохион байгуулдаг тэмцээний үеэр вувузела бүрээ үлээхийг хориглосон байна.
Тиймээс хөлбөмбөгийн хорхойтнууд Аваргуудын лиг, Европын лиг зэрэг том тэмцээнүүдийг санаа амар үзэж болох нь. Үүнээс өмнө Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA), Францын хөлбөмбөгийн холбоо, Тивийн хоккейн лиг зэрэг байгууллагууд яршигтай бүрээг хориглоод байсан билээ.
Г.БАЯРСАЙХАН