Японы NHK телевизийн захирал Фүкүчи энэ сарын 12-нд Токио хотын “Кокүгикан” ордонд эхлэх мэргэжлийн сүмогийн намрын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх болсноо зарлалаа. Бейсболын бооцооны улмаас нэр хүнд нь ихээхэн унасан сүмо бөхийг цэнхэр дэлгэцээр дамжуулахыг эсэргүүцсэн үзэгчдийн хүсэлтийг харгалзан долдугаар сарын тэмцээнийг үзүүлээгүй билээ.
Гэвч сүмогийн холбооноос алдаа дутагдлаа засах талаар ихээхэн ажил хийж байгааг үнэлэн, энэ сараас эхлэн хамтран ажиллах болсон байна. NHK телевизийн шийдвэрийг сонссон Японы сүмогийн холбооны тэргүүн Ханарэгома ояката сүмогийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэн, “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тунхагаа ажил хэрэг болгоорой гэж NHK телевиз хүссэн.
Хийсэн ажлыг маань үнэлсэн хэрэг болов уу. Өнөөдрөөс эхлэн санаа зовох юмгүй, ажлаа хийнэ” гэж ярьжээ. Өчигдөрхөн “Үндэснийхээ спортыг телевизээр гаргахгүй байна гэдэг Япон орон дууслаа гэсэн үг” хэмээн мэдэгдэж байсан ёкозүна Хакүхогийн хүсэл ийнхүү биеллээ.
М.ИЛД