Монголд анх удаа “48 цаг-2010” кино наадам зохион байгуулагдахаар болжээ. Ирэх сарын 10-12-нд болох наадамд оролцохоор 10 гаруй багийн 50 орчим уран бүтээлч бүртгүүлээд байгаа аж.
Наадамд оролцогчид 48 цагт багтаан кино зохиолоо бичиж, жүжигчдээ сонгон, зургаа авч, эвлүүлэг хийн дуу оруулж 4-7 минут үргэлжлэх богино хэмжээний кино бүтээх үүрэг хүлээж байгаа юм билээ. Энэ наадам 2001 оноос АНУ-д зохион байгуулагдаж эхэлсэн.
Жил бүр 4-5 гишүүн хотоор хүрээгээ тэлсээр 2009 онд Улаанбаатар хотод “48 цаг” кино наадмыг зохион байгуулах эрхийг найруулагч Н.Цогтбаяр авчээ. Тэрбээр АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа Сан Франциско хотод эл наадамд оролцсоноор эх орондоо зохион байгуулах зорилго өвөрлөсөн аж.
Наадамд оролцогчдод өмнө нь хийсэн бичлэг, дуу ашиглахыг хатуу хориглож байгаа ба киноны хөгжмийг өөрсдөө зохиох, эсвэл хөгжмийн зохиолчоос дууг нь кинондоо ашиглах эрх авсан байх шаардлага тавьж байгаа. Зохион байгуулагчид зайлшгүй байх дүр, үг буюу өгүүлбэр, хэрэглэгдэх зүйлсийг наадам эхлэх мөчид уран бүтээлчдэд мэдээлнэ гэсэн.
Мөн энэ үед киноны төрлөө сугалаагаар сонгох аж. Кино наадамд оролцож өөрийн уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, богино хугацаанд хэр их зүйл амжуулж, олон нийттэй хэрхэн харилцах боломжтойгоо шалгахыг хүссэн хүн бүхэнд энэ сарын 8 хүртэл наадмын бүртгэл нээлттэй байх юм билээ.
Шилдэг бүтээлийг 16-нд “Өргөө” кино театрт шалгаруулж, түрүүлсэн уран бүтээлчид ирэх онд Майамид болох “48 цаг” олон улсын кино наадамд оролцох эрх олгох аж.
Ж.СОЛОНГО