Туркийн Истанбул, Кайсери, Анкара, Измыр хотуудад болж буй сагсан бөмбөгийн ДАШТий хэсгийн дөрөв дэх тоглолтууд уржигдар боллоо. Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь „D” хэсгийг ганц хожигдолгүй манлайлж явсан Литва, Францын дуэль байв.
Хариуцлагатай энэхүү тоглолтод Балтийн тэнгисийн сагсчид өрсөлдөгчөө илүүрхэн хожлоо. Тоглолтын эхний арван минутыг„Гурван өнгөтнүүд” бүхэл бүтэн 13 онооны илүүтэй өндөрлүүлсэн ч литвачууд үлдсэн гурван үе дараалан давамгайлсаар дөрөв дэх хожлоо авсан юм. Ингэснээр энэ хэсгийг Литва 4-0 амжилтаар тэргүүлж, Франц 3-1- ээр удаалан, дэлхийн аварга Испани 2-2-оор гуравдугаар байрт бичигдэж байна.
„А” хэсэгт аргентинчууд ээлжит ялалтаа байгууллаа. Тэдний энэ удаагийн „золиос” нь Йорданы шигшээ болсон. Германчуудын хувьд Австралид хожигдсон шокноосоо гарч чадаагүй бололтой Анголын даруухан багт дийлдсэнээр тавдугаар байр луу ухрав. Хэсгийг хэн тэргүүлэхийг шийдвэрлэх тоглолт буюу АргентинСербийн тулаан дараагийн тойрогт болно.
Тэгвэл „B” хэсгийг сагсан бөмбөгийн эх орныхон зуун хувийн амжилттай хошуучилж явна. Майк Кржижевскигийн шавь нар Ираныг 37 онооны зөрүүтэй бутниргэсэн бол өмнөх тойрогт тэднийг хожих шахсан бразилчууд Словенид дийлдлээ. Хамгийн жигдхэн өрсөлдөгчидтэй гэгдэж буй „С” группыг талбайн эзэн Туркийн шигшээ дөрвөн ялалттай тэргүүлж явна.
NBA-гийн шилдэг багуудын нэг „Финикс Санс”-д очих нь тодорхой болсон Туркоглугийн гайхалтай тоглолтын ачаар түрэгүүд Пуэрто Рикогийн шазруун залуусыг 79:77-гоор буулгаж авсан. Манай хойд, урд хөршийн сагсан бөмбөгчдийн өрсөлдөөн ч хүч тэнцүүхэн болж, 2007 оны Европын аваргууд хожлоо. Энэ тоглолтод Оросын Виктор Моня 17 оноо, зургаан оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн аж.