
Зарим эцэг, эхчүүд хүүхдээ зодож шийтгэх нь бий. Ялангуяа монголчуудын дунд "маханд нь ойлгуул" гэх олон жил "хэрэглэсэн" шийтгэлийн аргаар хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь олонтаа. Шийтгэл гэдэг зүйл заавал байх ёстой боловч тун хэмжээг нь тааруулж, хэлбэрийг нь зөв сонгох нь чухал юм.
Хүүхдийн шийтгэлийн хэлбэр ямар байх шаардлагатай вэ?
Шийтгэлийн "хэрцгий" гэх хэлбэрийг сонговол хүүхэд аймхай, ичимхий, ямар нэг зүйлд идэвхгүй, гомдомтгой, урвагар түүнээс гадна маш ууртай болдог. Түүнчлэн ямар ч шийтгэлийн хэлбэр нөлөөлдөггүй, мэдрэмжгүй хүүхэд болж өсөх магадлал өндөр байдаг байна.
Хүүхдийг шийтгэх гэдгийн гол зорилго нь сэтгэл санаа болон бие мах бодийн дарамт учруулах бус шийтгүүлсэн гэдгээ мэдрэх, хийсэн зүйлийнхээ бурууг тунгаах, ойлгох боломж өгөх явдал юм. Харин хүч хэрэглэж шийтгэх нь хэзээ ч зөв арга байгаагүй, сэтгэхүйн хөгжилд ноцтой дарамт учруулж хүнд өсөрхөх, хүчирхийлэгч болж өсөх үндсийг тавьж болно.
Хүч хэрэглэж шийтгэдэг хүүхэд эргээд найз нөхөд, ах дүүдээ хүч хэрэглэх явдал ажиглагддаг. Насанд хүрсэн хойноо өөрийнхөө хүүхэд, хань ижлээ хүчирхийлэх явдал ч цөөнгүй байдаг байна.
Сургуульд мөн багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд энэ төрлийн шийтгэлийн хэлбэрийг хэрэглэхгүй байх нь чухал юм. Учир нь хүүхэд үүнээс болж ямар ч хохирол амсаж болно. Тиймээс эцэг, эхчүүд багштай нь байнга холбоотой ажиллаж, болохгүй зүйлийг ярилцаж байх хэрэгтэй.
- Өөртөө итгэх итгэлгүй болох
- Сэтгэл санаагаар унах
- Аз жаргалгүй болох
- Эцэг, эхдээ дургүй болох, бүрэг ичимхий байх
- Хурдан уйлдаг болох
- Сэтгэл зүйн буруу үйлдэл гаргадаг зэрэг нь хүүхдэд буруу шийтгэлийн арга хэрэглэсний үр дагавар юм.
Хүүхэдтэйгээ ярилцах, өдрийн амттаны тооноос хасах, тоглох цагаас хасаж ном унших цагийг нэмэх, "өнөөдөр зурагт үзэхгүй, учир нь...", "Хичээлээ хийгээд орондоо орно, өнөөдөр тоглоом тоглохгүй, учир нь..." гэх мэтээр хүүхдэд бодох боломж олгож шийтгэх нь хамгийн үр дүнтэй байдаг.