Яс нь хэрзийсэн хэдэн тугал тэднийг бараадаж “хаягдлыг” нь идэж байв. Харин тэд машиныхаа кабинд бөөгнөрөн, хоолоо хийж, ихэнхдээ “хов базаж” өдрийг өнгөрүүлдэг аж. Ойр орчимд нь үүнээс өөр хөдөлгөөн байхгүй. Өдөр, хоногийг дэмий шахам өнгөрүүлдэг тэд оройн цагаар өөрсдийгөө зугаацуулдаг нь илт, ойр орчимд нь шар айраг, архины шил хөглөрч харагдав.
Овоорсон хогийг эс тооцвол эл хуль. Бас болоогүй ээ, орчин тойрноос нь эвгүй үнэр ханхална. Бие засах газаргүй тэд хаа ч хамаагүй “морь харчихдаг” бололтой. Ер нь тэдний байгаа орчин бохир гэж жигтэйхэн, ажлын нөхцөл нь ч хүнд юм. Тэд гэдэг нь Улаанбаатар хот орчмыг тойрон өвс худалдаж буй хүмүүс.
Өдгөө нийслэлийн таван дүүрэгт 600 орчим өрх 14 мянга гаруй мал адгуулж буй. Энэ бол шүлхийгээр өвчилсөн, хотоос нүүлгэсэн 3000 орчим малыг хасаж тооцсон статистик. Ирэх сарын 1-нээс урьтаж мал бүхий үлдсэн иргэдийг нийслэлээс нүүлгэхээр төлөвлөжээ. Харамсалтай нь, малчин өрх хотоос холдох боломжгүй учир Улаанбаатарын ойролцоох, суурьшлын бүс хараахан болоогүй 11 цэгт л аваачихаас өөр аргагүй гэх.
Гэтэл эдгээр өрхийн малын тэжээлийг худалдах тусгай цэг байхгүй, хадланчид боломжтой гэж үзсэн газартаа наймаа хийж “хар зах” үүсгэсээр байна.
“БАЙНГА ХӨӨГДӨЖ, ТОРГУУЛАХ ХЭЦҮҮ”
Дан ганц нийслэл бус, Улаанбаатартай ойролцоо аймгуудын хадлан бага авсан малчид малдаа өвс, тэжээлээ хотын ойролцоогоос базаагаад арав гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч өвс худалдах тусгай цэг байхгүйн улмаас дээрх шиг эмх замбараагүй байдал үүсээд буй. Ялангуяа Өлзийт хороолол, Айцын даваа, Эмээлт, 22-ын товчоо, Хонхор гээд шалган нэвтрүүлэх товчоотой ойр газарт өвс худалддаг хүмүүс нэгдэн “зах” байгуулжээ.
Ямар ч зөвшөөрөл авалгүй худалдаа эрхэлж буйг зогсоохоор холбогдох албад, тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагынхан хөөдөг ч өөр газарт очоод “тухалчихдаг” гэнэ.
Арав гаруй хоногийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт шүлхий гарсны улмаас 22-ын товчоо орчимд өвс зарж байсан хүмүүсийг цагдаа, онцгойгийнхон нүүлгэсэн. Ачиж авчирсан өвсөө худалдахгүй л бол харьж чадахгүйгээр нийслэлд “хадагдсан” тэд Өлзийт хороолол руу “дүрвэсэн” байх юм. Ингэхдээ тус хорооны удирдлагаас сул газар гуйж, өвсөө арай гэж худалдахаар болсон байна. Гэвч тэр нь шатахуун түгээх станцтай ойролцоо тул мөн л өвс худалдах хориотой байх жишээтэй.
Дээрээс нь уг газарт өвс худалддагийг хүмүүс бараг л мэдэхгүй учир Өлзийт хорооллынхноос өөр худалдан авагчгүй байгаа гэнэ. Өвсөө зарахаар зогсож буй, Дорнод аймгийн иргэд Ц “Нийслэлд ирээд би сар гаруй боллоо. Хэд хоногийн өмнө 22-ын товчооноос хөөгдөөд энд ирсэн. Шүлхий гараад бидний зорчих хөдөлгөөнийг хязгаарлачихсан. Хөл хорио хэзээ тавигдаж, гэртээ харих юм, бүү мэд.
Нэг газраас нөгөө рүү хөөгдөж явсаар өвсөө ч зарж чадсангүй. Цагдаа нар биднийг харсан даруйдаа л торгоно. Ямар ч байсан эндээс нэг сар орчим хөдөлж чадахгүй болчихоод байна. Цагдаад баригдвал бичиг баримт хурааж аваад, хөл хорио тавигдахаар торгуулиа төлөөд ав гэдэг болсон. Байнга хөөгдөж, торгуулах хэцүү байна.
Одоо худалдаа эрхэлж буй газраас 10 гаруйхан метр зайд ШТС бий. Тэгэхээр удахгүй нүүлгэх биз. Өмнө нь энд өвс зарж байсан нэг хүний машин шатсан гэж дуулсан. Тэгэхээр аргагүй байх. Жолооч нь сэргэлэн тулдаа гал гарсан даруйд уул руу давхиж, өвсөө жалга руу унагасан юм билээ. Янз бүрийн бэрхшээлээс болоод түүн шиг нэг намрын хөдөлмөрөө талаар болгож байгаа хүн цөөнгүй” хэмээн ярив.
ӨВСНИЙ ҮНЭ ХЭЛБЭЛЗДЭГ НЬ ТӨВЛӨРСӨН ЦЭГГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ГЭВ
Өнгөрсөн сарын 27-нд “ДЦС-4”-ийн урд өвс худалдаж байсан хүмүүсийг “Онцгой бүсэд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн” гэх шалтгаанаар нүүлгэсэн удаатай. Тэгвэл хөөгдсөн хүмүүс Эмээлтэд очжээ. Ийнхүү худалдаа эрхлэгчдийн байршил өөрчлөгддөг учраас өвс авах гэсэн хүмүүс будилж, эрэл мухарддаг гэнэ. Түүнчлэн үүний улмаас өвсний үнэ тогтмол өөрчлөгддөг аж.
Өнгөрсөн амралтын өдөр манай сурвалжлах багийг Өлзийт хороолол, “Эмээлт”, 22-ын товчоо орчимд очиход нэг боодол өвс хямддаа 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин ногоон, шим сайтай нь 8000 төгрөг. Худалдаа эрхлэгчдийн хэлснээр үнэ нь цаашид нэмэгдэх магадлалтай гэнэ. Зүүн аймгуудад шүлхий дэгдэж, нийслэлд хөл хорио тогтоосон учраас тэр.
Сүхбаатар аймгаас хадлан бэлтгэн, Айцын даваа орчимд худалдаж буй иргэн Б “Манай улс жил бүр хадлангийнхаа талаас илүү хувийг Сүхбаатар, Дорнодоос бэлтгэдэг. Өнөө жил дотоодын компаниуд хадлан арвин авсан. Гэтэл ХХААХҮЯ болон холбогдох бусад албаныхны алдаатай тооцооллын уршгаар тэд “шатах” болчихоод байна. Би хоёр машин өвстэй ирсэн ч борлуулж чадсангүй. Шалтгаан нь хамхуул шиг туугдаж явсантай холбоотой.
“ДЦС-4”-ийн дэргэд байхад Төв аймгийн ихэнх сумынхнаас авахуулаад нийслэлийн иргэд өвс худалдаж авдаг байв. Гэтэл одоо өдөрт ихдээ л арван боодол өвс зарж, олсон мөнгөө идэж, уугаад дуусгадаг боллоо. Нэг намрын хөдөлмөрөө ингэж үрэн таран хийх ямар олиг байх вэ дээ. Уг нь хадланчид тэнд арав гаруй жил худалдаа эрхэлсэн болохоор малчид мэддэг болчихсон байсан” хэмээн ярив.
Тэгвэл мөн тус аймгаас ирсэн иргэн Ө “Шүлхий өвсөөр дамжин тархаж байна гэх мэт үнэн, худал нь тодорхойгүй яриа бий. Салбарын яам энэ асуудлыг судалж, нэг талд нь гаргахгүй бол хадланчид багагүй хохирол амсахаар байна. “Сүхбаатар, Дорнодын өвс шүлхийн вирустэй” гэх мэт элдвийн яриа гарч байгааг сонсож л байгаа байлгүй.
Ер нь Монгол Улс малын өвчинд дарлуулчихаад байна шүү дээ. Үүнээс нь болоод өвс тогтсон ханшгүй болчихсон. Нийслэлд шүлхий дэлгэрч, хөл хорио тогтоолоо. Энэ нь хот руу өвс, амьд мал оруулахгүй гэсэн үг шүү дээ. Ингээд л өвсний үнэ өсчихөж байгаа юм. Хэрэв тогтсон цэгтэй, төр тэнд хяналт тавьдаг бол ийм асуудал үүсэхгүй. Нийслэлд өвсний эрэлт байгаа нь илт. Тэгэхээр уг асуудлыг шийдэх шаардлага зайлшгүй байгаа биз” гэлээ.
ТӨВЛӨРСӨН ЦЭГТЭЙ БОЛБОЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЖ, ӨВС ТАРЬДАГ БОЛОХ НЬ
Хот бараадан өвс худалдаж буй хүмүүс машиндаа хоног төөрүүлж, бэлэн хоолоор гол зогоож буй. Хэрэв хотын аль нэг захын хэсэгхэн газарт тусгай цэг байгуулбал одоогийн нөхцөл байдлыг сайжруулах боломж байгаа талаар Хадлан, тэжээл бэлтгэгчдийн холбооныхон хэлэв. Өвс худалдаж буй хүмүүс ч тэдэнтэй санал нэг буйгаа хэлсэн юм.
Төвлөрсөн цэгтэй болбол тус холбооныхон өвс худалдаж буй хүмүүсийг зохион байгуулалтад оруулж, ил задгай газарт бие засаж, хогоо хаях зэрэг наад захын бэрхшээлээс авахуулаад орон нутгийн иргэдийн өвсийг худалдан авч, үнийн хөөсрөлийг арилгах боломжтой гэж үзжээ. Тухайн орчныг тохижуулах зардлыг хувийн хэвшлийнхэн хариуцах боломжтой гэсэн. Үр дүнд нь орон нутгаас ирсэн хүмүүсийн өвсийг худалдан авч, жилийн дөрвөн улирлын турш тогтсон үнээр зардаг тогтолцоо тэнд бий болох ажээ.
Ингэснээр зүүн аймгийн иргэд нэг машин өвсөө зарах гэж хотод хоёр сар амьдрах шаардлагагүй болох юм. Мөн ийм цэг байгуулснаар хоолны газар, зочид буудал нээгдэж шинээр ажлын байр бий болох тооцоотой. Хамгийн гол нь тэд хадлан хаддаг бус, тарьдаг болох зорилго тавьж буй явдал. Хүнсний ногоо, улаанбуудай тарих талбайг сэлгэн газрын шимийг нөхөн төлжүүлдэг.
Харин сүүлийн жилүүдэд өвс, хадланг ургасан даруйд, тэр дундаа үрээ цацаж амжаагүй байхад нь хадсанаас болж газрын гарц жил ирэх тутам багасаж, газар ч хатаж байгаа гэх мэдээлэл бий. Гэтэл өвс, ногоо тааруутай урд хөршийнхөн манай улсаас худалдаж авсан өвснийхөө үрийг сэгсэрч, ургуулаад малаа тэжээж буй гэх. Хэрэв уг санаачилгыг ажил хэрэг болговол шүлхийн нян өвсөөр дамжсан зэрэг шалдар бульдар цуурхал тарахгүй.
Нийслэлийг тойрсон өвс худалдах “хар зах”-уудаар баруун аймгийн иргэд их үйлчлүүлдэг юм билээ. Тиймээс “Эмээлт” орчимд ийм цэг байгуулахад болохгүй зүйлгүй аж. Машиндаа хоног төөрүүлж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөн, хүрээлэн буй орчныг бохирдуулж буй хүмүүсийг зохион байгуулалтад оруулах шаардлага тулгарсныг нийслэлийн удирдлага анхааралдаа авах цаг болжээ.