Амьдралынхаа 20 гаруй мянган цагийг буюу 850 орчим хоногийг хөх тэнгэрт өнгөрүүлсэн Гавьяат нисгэгч С.Жанарыг “Хоймор”-тоо урилаа.
Тэрбээр ЯК 12, 18, АН 2, 14 онгоц, К 26 нисдэг тэрэг жолоодон, түргэн тусламж, онцгой байдлын дуудлага зэрэгт явдаг байсан бөгөөд олон шавийнх нь дундаас 11 Гавьяат нисгэгч төржээ.
1958 онд Нисэхийн цэргийн ангид хуваарилагдаж очсоноор нисэх хүчинтэй амьдралаа холбож, 60 жилийг үдсэн С.Жанар өдгөө ч тэндээ амьдарч буй.
-Жанар гэдэг нэр өмнө нь сонсож байсангүй. Ямар утгатай нэр вэ?
-Би Хэнтий аймгийн Батширээт сум, хуучнаар Хөвчийн жонон вангийн хошууны хүн. 1937 онд Балданбэрээвэн хийдэд хамгийн сүүлчийн удаа майдар эргэж байхад гурван настай намайг мөргүүлж байсан гэдэг. Тэр нутгийн анчин Моломын Дамдингомбо гэдэг хүн намайг төрөхөд эх барьж аваад, нэр хайрласан юм билээ.
Нэрнийхээ утгыг сайн мэддэггүй. Ижилхэн нэртэй хүнтэй амьдралдаа ганцхан удаа л таарч байлаа. Нэг өдөр гэр рүүгээ явж байтал нэг хүн араас миний нэрийг дуудаад байх юм. Эргээд алхаж байтал энгэрээрээ дүүрэн медальтай, өндөр хүн зэрэгцээд яваад байна.
Гэтэл тэр Баянхонгор аймгийн, Хөдөлмөрийн баатар Жанар гэдэг хүн байсан. Нэр нэгтийн чих нэг гэгчээр түүнийг дуудахад нь би сонсчихож.
-Та ачтайгаа хоёулхнаа амьдардаг юм уу?
-Тийм ээ. Отгон хүүхдийнхээ хүүг багад нь урвуулчихсан юм. Хүүхдүүд тусдаа гараад, эхнэрийгээ өнгөрснөөс хойш ачтайгаа амьдарч байна. Эхнэр бид хоёр гурван хүүтэй. Том хүү Батсайхан зам, гүүрийн барилгын компанийн захирал. Дунд хүү Баттогтох Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг. Бага хүү Төртогтох их сургуульд багшилдаг, доктор, профессор хүн.
Тэднээс гадна миний нэрээр овоглодог нэг охин бий. Ганц бие байхад эгч нөхөртэйгөө нэг өдөр манайд ирэв. Нялх хүүхэд тэвэрчихэж. Хөөрхий эгч минь зургаан хүүхэд төрүүлээд бүгд эндчихсэн хэцүү үе байлаа. Охинтой болж дээ гээд баярлаж суутал хүргэн ах маань жаахан халамцуу “Бид энэ хүүхдийг чамд үрчлүүлэхээр ирлээ. Амьд сэрүүн ч бай, үгүй ч бай бидэнд юу ч бүү дуулгаарай” гэв.
Би юу хэлэхээ мэдэхгүй, итгэж ядан байтал маргааш өглөө нь улаан нялзрай хүүхдээ үлдээгээд явчихсан. Өөрсдөө өсгөвөл бас эндчих вий гэж айгаад тэр шүү дээ. Даргын эхнэр хүүхэд асрах нэг эмэгтэй олж өглөө. Сарын 150 төгрөгийн цалинтай, өдөрт нэг хайрцаг янжуур авч өгөх болзолтойгоор тэр эмэгтэйгээр хүүхдээ харуулах болов. Хэдэн сар хүүхдээ асрууллаа, нэг л сэтгэлд хүрдэггүй ээ. Тэгэхээр нь ээж рүү захиа бичээд хотод авчирлаа.
Нарийн учраа хэлэхгүй дуудсан болохоор ээж эхэндээ хүүхэд харахгүй гээд дурамжхан байсан. Маргааш нь ажлаа тараад иртэл ээж маань хоёр тийшээ гүйгээд л, нялхдаа учиргүй хайртай болчихжээ. Тэгсэн охины нуруун дээр гурван толбо байхыг хараад ээж, аавыг дахин төрчихөж гэж бодож л дээ. Аав нуруун дээрээ охиныхтой адил гурван толботой байсан юм билээ.
Охиныг миний нэрээр овоглоод, ээж минь амь шигээ хайрлаж өсгөсөн. Одоо Алтансувд 60 хүрч явна. Ах, эгч хоёр охиныхоо дараа нэг хүү төрүүлсэн нь эрүүл саруул өссөн.
Би ээжтэйгээ их дотно байсан. Ханийгаа анх танилцуулах гэж хөглөж билээ. Нэг өглөө босоод ээжид “Өнөөдөр манай үүдээр хөх пальтотой бүсгүй явна, та хараарай” гэв. Орой иртэл ээж юм хэлэхгүй байхаар нь найз бүсгүйг маань хараагүй өнгөрөөчихөж гэж бодоод асуусангүй. Хэд хоногийн дараа гэртээ иртэл хөдөөнөөс авга ах ирчихсэн, идээ зассан байна.
Гэтэл авга ах “Ёс заншлаар нь эхнэрийг чинь гуйсан шүү. Хэзээ ч гэртээ авчирч болно” гэдэг байгаа. Хэдэн өдрийн өмнө манай хүнийг гэрийн үүдээр явахад ээж дуудаж уулзаад, бэр гуйхаар шийдсэн байж. Авга ахаасаа би их эмээдэг байлаа. Манай отгон дүүг өргөж авсан юм. Би бага байсан ч сайн санадаг. Ээж төрөөд хоёр хонож байтал авга ах манайд ирсэн.
Гэрт орж ирээд богцоо задалж, идээ засаад, бурхны өмнө нэг хадаг тавьснаа “За хүүгээ маргааш өглөө аваад явна даа” гэв. Аав, ээж хоёр юу ч дуугарсангүй. Нээрэн л маргааш нь дүүг маань нэг сайн хөхүүлчихээд өвөртлөөд аваад давхичихсан. Би их гайхаж билээ. Ах хүн аймаар байдаг юм байна гэж бодсон. Авга ахынх хүүхэдгүй байсан юм.
-Та нисгэгч болохоосоо өмнө сувилагч байсан гэсэн үү?
-Аавыг нас барсны дараа гэрийн эзний үүрэг гүйцэтгээд, сургууль, номын мөр хөөх тухай нэг их боддоггүй байлаа. Дүү нар балчир, хоёр эгч хүнтэй суугаад явчихсан. Үеийн хүүхдүүд сургуульд сурахаар аймаг, хот, зарим нь гадаад руу явж байгаа сураг сонсогдоод битүүхэндээ атаархаж л байв. Намар оройхон сумын төв орж, агнасан хэдэн тарваганыхаа арьсыг тушааж, гурил, лаа, шүдэнзээ авчихаад явж байтал сумын дарга Сэржийн Жамъян гуайтай таарлаа.
Дорнод аймаг руу сувилагчийн сургуульд явах уу гэж байна. Ээжтэйгээ ярилцаад явахаар шийдэж, гэрийнхээ бүх ажлыг төвхнүүлж, өвөлд нь бэлдчихээд Дорнодыг зорьсон доо. Сургуулиа төгсөж ирээд, Хэнтий суманд томилогдсон. Эмнэлгийн байр гэж нурах шахсан модон байшин байв. Сумынхаа даргатай уулзаж, наагуур, цаагуур гүйж байгаад эмнэлгийн байраа засварласан.
Аймгийн Намын хорооны дарга Дуламрагчаа манай суманд ирээд, намайг эмнэлгийн байранд засвар хийснийг сонсоод сайшааж, сумын нарийн бичгийн даргаар томилсон. Энэ ажлыг хоёр жил хийгээд цэрэгт явсан юм. Армид алба хаах хүсэлтэй байгаагаа сумынхаа даргад хэлж чадахгүй, нууцаар бүх ажлаа цэгцэлчихээд, нутгийнхаа цэргүүдийг аймаг руу хүргэж өгөх нэрийдлээр оргосон.
-Энэ шийдвэр таныг нисгэгч болох зам руу хөтөлжээ. Цэрэгт алба хааж байгаад Нисэхийн Эвлэлийн хорооны даргаар томилогдсон гэж сонссон.
-Нисэх рүү цэрэг хуваарилж байгааг сонсоод тэнд очих хүсэлтэйгээ хэлтэл “Хаана очихоо чи мэддэг юм уу, гурван жил барилгын тоосго зөөлгөчихмөөр нөхөр үү” гэж зарим нь дургүйцсэн ч тийшээ томилсон. Бага байхад гэрийн дээгүүр олон онгоц янз бүрийн үзүүлбэр үзүүлэн нисэхийг хараад нисгэгч болох мөрөөдөл тээсэн. Нисгэгч болох нь байтугай сургуульд сурах боломжгүй мэт санагдах үе байсан ч мөрөөдлөө орхихгүй бол хэзээ нэг өдөр боломж олддог юм билээ.
-Анх удаа онгоц жолоодож, хөх тэнгэрээр нисэж явахад юу бодогдож байв?
-Сандраад хөл, гар чичрээд юм бодох сөхөө байгаагүй. Багштайгаа хамт нэлээд хэд нисээд, бүх зүйл гарт орж, цээжинд багтсаны дараа айж, сандрахаа больсон. Нисгэгч хүний сэтгэх чадвар, онгоцны хурдаас ч түргэн байх хэрэгтэй гэж багш хэлдэг байлаа. Нислэгийн бүх зүйл нарийн тооцоолол, тогтсон цаг хугацаатай байдаг тул маш хянамгай, сахилга баттай байх ёстой. Дүрэм бол яагаад ч зөрчиж болохгүй хууль.
-Та хүмүүсийн тухай ярихдаа овог нэр, нутаг усыг нь андахгүй юм аа.
-Хүнтэй уулзаж, танилцвал юуны түрүүнд овог, нэр, нас, нутаг усыг нь асуудаг байх хэрэгтэй. Уулзсан хүнийхээ овог, нэрийг андахгүй мэддэг байлаа. Сүүлийн үед заримыг нь мартдаг болчихож. Манай дунд хүүхдийн хүү саяхан гэр бүлтэй болсон. Хүүгээсээ бэр нь аль нутгийнх болохыг нь асуутал “Мэдэхгүй” гэх юм. Ёстой мэл гайхсан. Хэлэх үг олдсонгүй.
Залуудаа ажил гэж явсаар хүүхдүүдтэйгээ цагийг бага өнгөрүүлж, юм зааж өгөөгүйгээ сүүлд нь ухаарч байна. Эргээд бодоход том хүү болон хамт амьдарч буй ач хоёртоо дөрвөн настайд нь үсэг зааж, уншуулж сургаснаас өөр зүтгэл гаргаж заасан зүйл санаанд буухгүй юм. Харин аав намайг шал өөрөөр өсгөсөн. Сур, шилбүүрийн амтаар л хүмүүжсэн дээ.
-Таны үеийнхэн дотор сурны амт үзээгүй өссөн хөдөөний хүн ховор байх. Ахмадын ташуур амьдралын сургамж болсон уу?
-Сур, ташуурын амт мэдрүүлж хэлсэн аав, ээжийн үг бүрийг одоо ч сайн санадаг. Нэг удаа аав хээр азаргатай адуу бүртгэ гэлээ. Хүрэн мориноос бусад нь байна гэтэл нуруун дундуур цулбуурын сур татаад явчихлаа. Гэтэл хүрэн морио өөрөө уначихсан явж буйгаа мартчихаж. Түүнээс хойш малын зүсийг андахгүй мэддэг болсон. Манайх тав, зургаан азарга адуутай байсан.
Аль азаргатай адуунд ямар зүсмийн хэдэн морь байдгийг нэгбүрчлэн нүдэлчихсэн, байнга бүртгэж, заримдаа манаж хонодог байлаа. Хэний мал, хаана явж буйг үргэлж анзаарч, болбол гэр рүү нь дөхүүлээд өгчихдөг болсон. Манай саахалт айлын эхнэр очих бүрт гоё амттай саахар өгдөг байлаа. Нэг удаа саахар идчих санаатай очтол эхнэр, нөхөр хоёр муудалцаж байна.
Гэр рүүгээ гүйж очоод ээжид хэлтэл, ээж жуумалзсанаа сураар ороолгоод авлаа. Ээж “Чи зүүн гэрийн ховыг баруунд нь, баруун гэрийнхийг зүүнийхэнд хэлдэг хүн болох нь уу” гэсэн. Түүнээс хойш хүний хэрэгт хошуу дүрэхээ больсон. Намайг хөлд орсон цагаас эхлэн аав үргэлж дагуулж явдаг байлаа. Морь унах, мал төхөөрөх, өвс хадах, чөдөр, ногт зангидах зэргийг бүр багад зааж өгсөн. Хүүхдүүдтэй нэг их тоглуулахгүй. Бүр долоон настай байхад буу авч өгч билээ.
-Жаахан хүүхдээр ан хийлгэх гээд үү?
-Найман настайдаа анх удаа тарвага агнаж үзсэн. Бай буудуулж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Балчир хүүхдээр амьтны амь хөнөөлгөлөө гэж ээжийг дургүйцэхэд аав “Хүүгээ ямар хүн болгохоо би мэдье, чи охиддоо хөх зүү хөндлөн бариулж сургана уу, үгүй юү өөрөө мэд” гэсэн. Манай эгч нар ч уран хүмүүс болсон. Энэ бол хүүхдийг багаас нь амьдралын ухаанд сургасан хэрэг.
Юм сурахад нас хамаагүй. Аавын энэ зүтгэлийн үр дүнд би эрт биеэ дааж, ажил сурч, аавыг нас барсны дараа хадлангаа хийж, идэшнийхээ үхрийг өөрөө төхөөрчихдөг байлаа. Намайг 13-тай байхад аав өөд болсон юм.
-Хүнд мэдлэг илүүддэггүй гэдэг. Багахан хугацаанд ч гэсэн анагаахын салбарт ажиллаж байсныхаа хэргийг амьдралдаа гаргаж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Дунд хүү маань гэртээ төрөөд, би эх барьж авсан юм. Эхнэр гэнэт өвдөөд, орон дээр хэвтүүлэв үү, үгүй юү жаал бултганаад гараад ирсэн. Хамт ажилладаг байсан хүний эхнэр төрөх гээд өвдлөө. Эмч дуудсан ч ирдэггүй. Хүүхэд юу, юугүй гарч ирэх гээд байхаар нь эх бариад авчихсан. Энэ тухай тэр даруй л тархана биз дээ. Дарга “Чи эмнэлэг, эвлэлийнхээ ажлын аль нэгийг нь л хийнэ шүү” гэж билээ.
Сувилагчаар ажиллаж байхдаа гурав, дөрвөн хүүхэд эх барьж авсан. Хэдэн жилийн өмнө нэг эмгэн хөгшинтэйгөө манайд ирээд “Ээжид золгох гэсэн юм” гэв. Эхэндээ гайхлаа. Гэтэл сувилагч байхдаа эх барьж авсан хүүхэд байсан.
-Та эмнэлгийн түргэн тусламж, цас зуд, үер ус гээд онцгой байдлын дуудлаганд явдаг байсан юм билээ. Нисгэгчийн ур чадвар шаардсан нислэг цөөнгүй л хийж байсан биз дээ.
Эрдэнэт хүний амь аварсан бахархмаар дурсамжаасаа хуваалцаач.
-Хүний амь нас миний ур чадвараас шалтгаалах тохиолдол олон байлаа. Нэг зун Сонгины амралтын хойхно зургаан хүүхэд үерт боогдоод голын дунд жижигхэн довон дээр зогсож байсан. Хурдхан л аврахгүй бол үер авчих гээд их сандарсан. Усны хүчтэй урсгалд нисдэг тэрэг ойртоход амаргүй. Арай гэж л аварсан. Мөн нэг цэргийн баяраар хөдөө албаны хүмүүс хүргэж өгөхөөр нислээ.
Буух газраа очтол цас их орж байв. Хот руу буцаад, маргааш нь дахиад очтол цас арилаагүй л байна. Хүмүүсээ буулгахаас өөр аргагүй тул тойрч, тойрч газардтал их цасан дунд нисдэг тэрэг унах шахсан. Хүмүүс зоогдчихоод алхаж чадахгүй, их цастай байсан. Энэ мэт олон нислэг бий дээ. Хамаагүй ярьж болохгүй, албаны нууц шүү.
Онцгой байдал, түргэн тусламжаас гадна дарга, зочдыг ийш тийш хүргэх, шуудан тээвэрлэх, амьтан, ургамлын хор цацах, засвар хийх онгоц Эрхүү рүү хүргэхээр нисдэг байлаа. Өөрийгөө их магтчихав уу даа. Биеэ магтах тун дургүй хүн шүү, би.
-Эцэг, эхээс тань өөр ачийг нь хариулахыг хүсдэг хүн бий юү?
-Монгол Улсын баатар, Гавьяат нисгэгч Д.Гунгаа даргыг их хүндэлдэг. Нисгэгчийн амьдралын минь бүх албан тушаалын томилгоо энэ хүний гарын үсэгтэй байдаг. Мөн А.Доржсүрэн, С.Элбэг, Ж.Ёндон гээд эрдэм номоо харамгүй хайрлаж, нисгэгч болох замыг минь заасан ачит багш нар бий. Хэнтий суманд ажиллаж байхад их түшиг болдог байсан Гомбо дарга маань олон жилийн дараа хотод ирэхдээ манайхыг сураглаж очсон юм.
Бие нь өвдөөд эмчлүүлэхээр хотод ирсэн гэхээр нь эмнэлэгт хэвтүүллээ. Хоёр хоногийн дараа эмнэлэгт очтол эмч нь “Энэ хүнээ аваад яв. Эдгэрэх найдваргүй. Долоо хоногийн л настай юм байна” гэв. Эмнэлгээс гаргаад нутагт нь хүргэж өгтөл ээж нь бас өвчтэй, хавагнаад танигдахын аргагүй болчихсон хэвтэж байсан. Эх, хүү хоёрыг харахад үнэхээр сэтгэл шимширмээр байсан. Даргадаа сайн тусалж чадаагүй дээ.
Гомбо дарга их сүрхий хүн байсан. Хөдөө айл руу явахаар “Айлд очоод гэрт нь орохоосоо урьтаж, эргэн тойрныг нь ажиглаж сур. Өвс нь хэр их байна, өвөлжөө бууц, хашаа хороо нь бүрэн бүтэн, дулаан байна уу, үгүй юү, тэр ч бүү хэл, гэртээ тэн хийсэн байгаа, эсэхийг нь анзаарч, үгүй бол шаардлага тавь. Хүн загнаж, хүмүүстэй муудалцаж болохгүй” гэж захидаг. Тэр үгийг санаж, өдий наслахдаа хүмүүстэй муудалцаж, хүн ч айхавтар загнаж байсангүй.
-Та залуу байхдаа ирээдүйнхээ тухай хэрхэн төсөөлдөг байв?
-Мөнхийн залуугаараа тэр л үедээ амьдарч, үргэлж хөх тэнгэрээр хөвж явах юм шиг боддог байж. Ирээдүйд би хэн байх бол, улс орон, нийгэм хэрхэн өөрчлөгдөх бол гэж төсөөлдөггүй байжээ. Гэнэт л нэг өдөр “Та гавьяаныхаа амралтад суух болжээ” гэхэд л хөгширснөө мэдсэн дээ. Ажлынхаа онцлогоос шалтгаалаад манайхан эрт тэтгэвэрт гардаг юм.
1993 оноос хойш онгоц жолоодоогүй юм байна. Бие минь эрүүл саруул, ажилдаа гаршчихсан, ид хөдөлмөрлөх насан дээрээ тэтгэвэрт суух болсондоо дуртай байгаагүй. Ажлаасаа гарсны дараа эхнэртэйгээ хөдөө амьдарч мал маллахаар шийдсэн. Бид нэг жижиг гэр, хоёр морь, тугалтай зургаан үнээ худалдаж аваад зун болохоор хөдөө нутагтаа очиж амьдрахаар бэлтгэж байлаа.
Харамсалтай нь, эхнэр минь зуныг үзэж чадалгүй хавар нь нас барсан. Би ганцаараа хөдөө амьдраад яах ч билээ. Энэ Нисэхийнхээ тосгонд л насаа элээх тавилантай байж. Хөх тэнгэрээ хараад, гэрийн дээгүүр нисэж буй онгоцны дууг сонсчихоод, эмч ирж үзвэл баярлаад л сууж байна. Залуу насандаа ирээдүйнхээ тухай санаа зовдог байсан бол өдийд аяга мөнгөлж, бөгж цохиод сурчихсан байхгүй юү.