
Анх уулзсан хэрнээ нэг л дотно санагддаг, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлдэг, цаанаа л нэг гоё хүмүүс байдаг даа. Ч.Улаанхүү хэмээх энэ эрхэм тийм нэгэн аж. Сэтгэл татам сайхан инээмсэглэлтэй, аядуу намдуухан яриа хөөрөөтэй тэрбээр Монгол Улсын 110 дахь генерал. Гавьяаныхаа амралтыг эдлээд дуртай зүйлээ хийж, хойч үеийнхэндээ мэддэг чаддагаа зааж сургаж, зөвлөсөөр яваа энэ хүн амьдралынхаа хагас зуу гаруй жилийг цэрэг, армитай холбосон юм билээ. Зочны минь ярилцлагыг болгооно уу.
-Та 2014 онд АНУ-ын “Гавьяаны загалмай” одонгоор шагнуулсан юм билээ. Тэр ямар учиртай шагнал вэ?
-2006, 2007 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа би нэг жил хагасын хугацаанд Америкийн төвийн командлалын үндэсний ахлах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Азийн бүсийн улсуудыг хариуцдаг байгууллага л даа. Намайг ажиллаж байх үед 64 орны төлөөлөгч байлаа. АНУ-ын байгуулсан Нийтийн терроризмын эсрэг эвсэлд манайх нэгдсэн учраас 2003 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тэр утгаараа 2014 онд АНУ-ын Засгийн газраас Монголын энхийг сахиулагчдад шагнал гардуулсан юм.
-Монголчууд хүний газарт энхийг сахиулах ямар хэрэгтэй юм бэ гэсэн үзэл бодолтой хүн цөөнгүй. Энхийг сахиулах ажиллагаанд оролцохын ашиг тус, давуу тал нь юу юм бэ?
-Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын арга механизмаар хангана гэж Үндсэн хуульдаа заасан. Манайх жижигхэн армитай. Хоёр их хөрштэйгөө байлдах чадварын хувьд авч үзвэл учир дутагдалтай. Тиймээс өөр арга механизмаар хангаж, НҮБ-ын энхийн ажиллагаанд илүү бүтээлч оролцох замыг манай төр сонгосон нь зөв гэж боддог.
-Өмнөх нийгмийн үед Дархан хотод Зенитийн пуужингийн анги, нийслэлд агаарын довтолгооноос хамгаалах Монголын нэг, Зөвлөлтийн хэд хэдэн дивизионтой хороо байжээ. Тэр утгаараа агаарын хамгаалалт сайн байсан гэсэн үг. Тэгвэл терроризм гэдэг аюул хил хязгааргүй болчихсон энэ цаг үед агаарын хилд ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд түүнийг таслан зогсоох, илрүүлэх хүчин чадлын хувьд манайх хэр бол?
-Энэ талаар хуульд заасан байгаа. Агаарын хил зөрчигдсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах, зөрчигчийг албадан буулгах гэхчилэн заалтууд бий. Гэтэл үүнийг илрүүлэх радиолакацийн боломж, галын идэвхтэй хэрэгсэл, зэвсэг, техникийн байдлаас шалтгаалаад учир дутагдал бий. Гэхдээ тодорхой хяналтаа зохих ёсоор нь хийж чадаж байгаа.
-Энд тэндээс харвасан пуужин зэрэг агаарын хил зөрчигч техникийг пуужингаар л харвах уу?
-Пуужинг пуужингаар устгана гэдэг нь их нарийн зүйл л дээ. Яагаад гэвэл, пуужингийн ойх талбай онгоцныхоос бага. Манайх пуужинг пуужингаар онох оролдлогыг 1982 оноос эхэлж хийсэн түүхтэй. Тухайн үед би Зенит пуужингийн галын нэгдүгээр дивизионы захирагч байлаа. Манай анги тэрхүү оролдлогыг Зөвлөлтийн Телемба буудлагын талбайд хийсэн юм. Пуужингийн хүчин чадал нь 800-1000 м/секундийн хурдтай, 0.20-иос 0.30 ам метрийн ойх талбайтай нисэж байгаа агаарын бай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уртаашаа нэг метр, өргөөшөө 20-30 см асар өндөр хурдтай агаарын байг радиолакацийн станцаар илрүүлэн, бариад пуужин чиглүүлэх станцын сууринаас харвасан пуужингаар ононо, устгана гэсэн үг. Ердөө 10-14 секундэд л болох үйл явц шүү дээ. Өндөр хурдтай нисэж яваа пуужин-байг анхны сумаар ононо гэдэг маш их чадвар юм.
-Таныг онцгой овсгоотой, мэргэн, ганц л онилоод байгаа онодог зенитчин байсан талаар сонссон.
-Манай пуужинчид анхны сумаар агаарын байгаа сөнөөж, Зөвлөлтийн пуужинчдыг гайхашруулж байсан түүх бий. Пуужин харвах тухай маш товчхон хэлье. Энэ ажлыг буудагч, чиглүүлэгч офицер, гар дагаврын операторууд, харвахын тоотуудын хамтын ажиллагаагаар хийдэг. Мөн пуужинг ажиллагаанд бэлтгэдэг онцгой үүрэгтэй, мундаг ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг дурдах ёстой. Пуужингийн галт дивизион зургаан харвах суурьтай. Агаарын дайсныг цагт нь илрүүлж, заалт хийгээд, буудагч нь устгах тушаалыг чиглүүлэгч офицерт өгдөг. Би буудагч байлаа.
-Байгаа онох, эсэх нь буудагчаас шалтгаалдаг юм байна. Тэгвэл байгаа онох үед хашхирмаар, дуулмаар, бахархмаар болдог байх даа.
-Тэр ч ёстой ярих юм биш, хачин сайхан мэдрэмж.
-Саяхан Сирид болсон үйл явдлаас жишээ татаад асуухад, зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал дэлхий нийтийн айдас, том гүрнүүдийн “хообий” шахуу болжээ. Ингээд зогсохгүй туурга тусгаар нэг улс руу цэргийн хүчээр дайрч, дайн дэгдээж, пуужин харваж дураараа авирладаг боллоо. Нийтийн эрх ашиг гэсэн халхавчтай ийм үйлдэл бол дарангуйлал, харгислалын нэг хэлбэр болов уу. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ, генерал хүний хувьд?
-Товчоор хэлбэл, маргаантай, хямралтай асуудлыг зэвсгийн хүчээр шийдэх концепцоос тэргүүлэх гүрнүүд татгалзахгүй байна. Хэвлэлтэд шилжүүлэхээр бэлэн болгосон “Агаарын цэргийн офицер мэргэжилтнүүдэд зориулсан товхимол”-доо би энэ талаар буюу сүлжээ төвтэй дайны талаар хөндсөн. Залуу офицер, боловсон хүчнүүдэд санаа, сэдэл болгох зорилгоор гаргаж байгаа юм.
-Эл товхимолд удирдлага, хариуцлага, зорилго гэж чухам юу болохыг хүртэл тайлбарлажээ. Энэ талаар бид бараг өдөр бүр ярьдаг, тун энгийн, ойлгомжтой зүйл мэт боловч том агуулгатай ухагдахуун. Манай улстөрчдийн зорилго УИХ-ын гишүүн, дарга л болох мэт харагддаг.
-Тэгээд тэр хүслээ биелүүлж аваад, сэтгэл нь амардаг байх. Гэхдээ бүгдийг нь тэгж хэлж болохгүй л дээ.
-Тэгвэл улс төрийн томилгоогоор ирсэн мэргэжлийн бус хүмүүс ажил “алдаг” гэдэгтэй та санал нийлэх үү?
-Улс хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан нь энэ шүү дээ. Тухайн салбарыг удирдах хүн хамт олноо судалж, тодорхой зүйлүүдийг өөрөө мэдэрсэн, мэдсэн байх ёстой. Хэн нь ямар үед хэрхэн ажиллаж байсан, шийдвэрлэх мөчид ямар шийдвэр гаргадаг, зан чанарын хувьд ямар вэ гэхчилэн өөрөө тэр тогоонд нь байсан хүний хэмжээнд мэдэхгүй, судлаагүйгээс болж бусдын буюу хэн нэгэн тал зассаных нь үгэнд автах магадлалтай. Энэ бол сул тал. Жишээ нь, Ёндон, Жадамбаа сайд гэхэд салбартаа олон жил зүтгэсэн учраас хуурай замын, пуужингийн, агаарын цэрэгт хэн гэдэг хүн манлайлж байна, энэ ажлыг цаашид аваад явчих нь хэн бэ гэдгийг бодит амьдралаас харж, мэдсэн учраас чамбай, ухаалаг шийдвэр гаргадаг байлаа. Харин гэнэт л томилогдоод ирсэн хүн бусдын хэлсэн, ярьсан сургаар л салбарынхнаа дүгнэнэ. Яг энэ шалтгаанаар боловсон хүчний бодлого үндсэндээ алдагдсан.
-Өнөөгийн нийгмийн байдлыг иргэн хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ?
-Социализм гээд бараантуулж харахгүй л бол удирдлагын, хууль зүйн, эдийн засгийн гээд бүхий л хүрээндээ бодлоготой, системтэй, зорилттой байсан. 1990 оны үйл явдлыг хувьсгал гэхэд хэцүү юм аа. Хувьсгал мөн гэсэн ч аргын хувьд, ялангуяа удирдах түвшнийхэн тэр чигтээ огцордог нь буруу байсан юм болов уу. Бүхэл бүтэн улсаа дан жулдрай хүүхдүүдэд даатгаад орхисныг буруу л гэж боддог. Нэг жишээ хэлье. 1989 оны хоёрдугаар сарын дундуур Налайхад манай пуужинчин дайчид Зөвлөлтийн цэргийнхэнтэй ажил, мэргэжлийн тэмцээн хийсэн юм. “Улаан од” сонины редакц руу утасдаад тэр үйл явдлыг сурвалжлуулах болсны дагуу нэг залуу ирлээ. Жижигхэн биетэй, шинелийнх нь даг дайр болсон зах ардаа овоорч, сэгсийсэн үсэнд нь дарагдчихсан дэслэгч байна. Налайх руу явах замдаа би түүнд “Хоёр орны найрамдлыг бэхжүүлэх арга хэмжээнд оролцох хүн байж наад үс, зүс, шинелиэ хар” гээд жаахан зэмлэнгүй хэлсэн. Эсэргүүцэж, янз бүр болоогүй л дээ. Тэгээд сурвалжилга хоёрдугаар сарын 20 хавиар гарах ёстой байсан ч таг чиг. Хүлээгээд л байлаа. Аргаа бараад “Улаан од” руу утасдлаа. Нөгөөх сурвалжлагч нэг тийш сурвалжилгаар яваад, завгүй байсан учраас удахгүй гаргана л гэнэ. Тэгж тэгж гуравдугаар сарын дундуур нэг мэдээ гарчээ. Уншлаа, монгол, орос пуужинчид уралдсан талаар сурвалжилга бэлтгэсэн болов уу гэж бодтол дэндүү товчхон мэдээ байх юм. Үүнээс үүдээд би тэр сурвалжлагч залууг ажилдаа сэтгэлгүй ханддаг юм байна гэж бодсон. Тэгтэл 1990 онд нөгөө залуу чинь улс төрийн шугамаар их мандаж, дэвшээд Төрийн тэргүүн болтлоо явсан шүү дээ. Тийм л хүмүүст ирээдүйгээ даатгаад Улс төрийн товчоо бүхэлдээ огцорсон нь харамсалтай.
-Монгол хүний жудаг мууджээ гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нээрэн л монгол хүний жудаг жаахан муудсан байна. Ичиж, эмээхээ больж. Энэ чинь л жудаггүйн шинж.
-Та ер нь яаж яваад цэргийн хүн болчихов?
-Дунд сургууль төгсөөд гадаад явна гэсэн ганцхан мөрөөдөлтэй байлаа. Куба улс руу явахын хүслэн.
-Яагаад заавал Куба гэж?
-Хамгийн хол газар руу л явна гэж байхгүй юү. 1964 онд манай сургуулийг төгссөн Садив Куба явчихжээ. Тэгэхээр нь би яагаад болохгүй гэж, тийм зам байдаг юм байна гэж бодсон. Хуваарь ирлээ. 90 хүүхдээс 45 нь их, дээд сургуулийн, үлдсэн нь трактор, комбайнчин, барилгачны курст явсан. Гадаадын сургуульд дан онц төгссөн хүүхдүүдийг авч байна. Тэр дунд цэргийн сургуулийн ганц хуваарь байсан ч хүүхдүүд нэг их тоосонгүй. Тэгэхээр нь би ангийн багшдаа “Би цэргийн сургуульд явна” гэчихлээ. Удалгүй Гомбо захирал намайг дуудав. Их сайхан хүн байж билээ. Тэрбээр намайг цэргийн биш, багшийн сургуульд орохыг зөвлөсөн. Эсэргүүцэж чадалгүй “За” гэчихээд дотроо болохоор гадаад л явна гэсэн хэвээрээ өрөөнөөс нь гарлаа. Намайг есдүгээр ангид байхад захирал багш А бүлгийн Лхагвасүрэнтэй хамт тавдугаар ангийн 20 хүүхдийг хариуцуулсан юм. Бид бүгд дотуур байрных. Янз бүрийн ааш авиртай хүүхдүүд байгаа шүү дээ. Заримдаа хэн нэг нь хичээлээ тасална, зарим нь хулгай хийнэ, хоорондоо гар зөрүүлнэ, орондоо шээх нь ч бий. Би тэдний ая эвийг олох тодорхой оролдлого хийж байсан шиг байгаа юм. Захирал багш бид хоёрыг ажиглаад л байж л дээ. Тэгээд л багш болбол зүгээр гэж зөвлөсөн юм билээ.
-Тэгээд Кубад биш ч гэсэн хүссэнээ гүйцэлдүүлж гадаадад сурчээ. Нэг биш, бүр хоёр удаа хилийн чанадад цэргийн эрдэмд боловсорсон гэл үү?
-Дунд сургуулиа төгсөөд, ЗХУ руу явж, Киевийн артиллерийн инженерийн дээд сургуулийн командын ангид сурсан. 1969 онд төгсөж, офицер болсон. 1984-1986 онд Ёндон сайдын үед Москвад Зэвсэгт хүчний жанжин штабын академид сурсан. 1981 онд АИХ-ын депутатаар сонгогдож, төр барилцаж явлаа.
-Таныг ажиллаж байх хугацаанд Батлан хамгаалахын сайд хэдэн удаа солигдсон бэ. Тэднээс ажлаа мэддэг, удирдах арга барил, чадвараараа манлайлж таны сэтгэлд хамгийн их хоногшсон нь хэн бэ?
-Би цэрэгт 42 жил алба хаахдаа 15 сайдын нүүр үзсэн. Хэдийгээр энгийн байгууллагад ажиллаж байсан ч гэсэн Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр томилогдсон Ж.Авхиа гуай маш их нэр хүндтэй, зангарагтай сайд байсан. Ээжийн минь талын хүн учраас ингэж ярьж байгаа юм биш. Тэрбээр ажлаа мэддэг, дөрвөн жилийн хугацаанд олон зүйл шинэчилсэн, дайчин, шударга, хатуу шаардлагатай хүн байсан. Үүнээс нь болоод доод талын хүмүүс нь адлах маягтай элдэв зүйл ярьсаар огцруулсан юм шүү дээ. Түүнээс гадна Ш.Жадамбаа сайдыг би шударга, үнэхээр хөдөлмөрч, зөв хүн гэж хэлнэ. 1994 онд Жадамбаа сайдтай 14 хоног хилээр явсан юм. Үүрийн гэгээнээс шөнө дөл хүртэл нэг ч минут амрахгүй, заримдаа бүр хоол ундгүй ажиллаад л, давхиад л, шалгаад л явж билээ. Гэнэтийн шалгалт хийнэ. Үнэхээр мундаг сайд байсан.
-Эх орон гэдгийг хилийн зурвасаар төсөөлөх хүн байдаг. Эх орон гэж таны хувьд юу вэ?
-Эх орон бол ард түмний бүтээн босгосон үнэт зүйл юм. Хил хязгаартай, тусгаар тогтнолтой тэрхүү үнэт зүйлээ дээдлэн, эрхэмлэх учиртай. Тэгэхийн тулд жудагтай, хариуцлагатай, хайртай байх ёстой. Эх оронч л юм бол улсаа залилах, хөрөнгөжих гэсэн санаагүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Ялангуяа дээр сууж байгаа хүмүүс.
-Та хэдэн хүүхэд, хэдэн ач зээтэй вэ. Таныг залгамжлах цэргийн хүн гарсан уу?
-Би хүү, охинтой. Ач, зээ тав байна. Зээнцэртэй болсон. Хүү минь цэргийн хүн, хошууч цолтой.
-Армитай холбосон амьдралынхаа явцад баяр, гуниг, гашуун гээд олон үйл явдлын гэрч болж, догдолсон, гунисан, эмзэглэсэн, бухимдсан, гутарсан байх. Сэтгэлээс тань гардаггүй хамгийн баярт мөчөө дурсаач.
-Төр, засгийн буянаар би Америкийн цэргийн командлалд жил гаруй үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн хүн болсны гавьяа, хариуцлага гэж боддог. Энэ бол миний нэг баярт мөч байсан. Ингэхийн тулд би бие дааж англи хэл сурсан. Баярламаар өөр нэгэн дурсамж бол генерал болсон явдал.
-Цэргийн дээд цол хүртэх тухайгаа хэнээс анх сонссон бэ?
-БХЯ-ны сайд энэ талаарх мэдээг утсаар дуулгаад “Цэргийн оёдлын үйлдвэрт очиж, хувцсаа хийлгэ” гэсэн. Тэгээд л гараад давхисан даа. Хоногийн дотор оёж бэлэн болгодог юм билээ. Цолоо хүлээж авах үедээ “Аав аа, ачийг тань хариуллаа” гэж тэнгэрт буй аавдаа хэлсэн. Аав минь намайг генерал болохоос дөрвөн жилийн өмнө 1992 онд өөд болсон юм. Цэргийн дээд цолыг би дан ганц өөрийн хүчээр хүртээгүй гэж боддог. Үүнд хамт олон, армийн буян бий. 40 гаруй жил ханилсан эхнэр Б.Цэгмидийн минь тус дэм асар их. Намайг генерал болгосон хань минь гурван жилийн өмнө тэнгэртээ харьсан.
-Тэгвэл бухимдсан, гутарсан үе хэзээ бол?
-Генерал болсон хүн ажиллах урам, хүсэл зорилготой байна биз дээ. Тэгж байтал засаг, төр солигдоод АН гарлаа. Дорлигжав сайд болсон. Арванхоёрдугаар сарын 19-нд гэнэт тушаал гаргаад намайг ажлаас чөлөөлчихдөг юм байна. Надтай хамт генерал Жүгдэрнамжил, хурандаа Тайванхүү нарыг нэг тушаалаар чөлөөлсөн. Нөгөө хоёр маань шууд л гарчихсан. Би жаахан гөжүүдлээд сайдад өргөдөл гаргаж “Намайг гадаадад, эсвэл дотоодод англи хэлний дамжаанд сургаж өгнө үү” гэж бичсэн ч зөвшөөрөөгүй л дээ. Түүнээс хойш би өөртөө бие дааж англи хэл сурахаар андгайлсан. Хоёр жилийн хугацаанд ямар нэгэн хэмжээгээр сурсан. Англи хэлнээс орчуулсан хэд хэдэн ном бий. Армийн төлөө чин сэтгэл зүрхээ зориулж байсан хүн гэнэтхэн халагдчихаар эмзэглэдэг л юм билээ. Энэ талаараа шүлэг бичсэн. Ер нь сэтгэл “донсолсон” үедээ би цаас, үзэг нийлүүлчихдэг юм.
-Та тэгэхээр “айхтар” элдэвтэй хүн байх нь. Шүлэг бичнэ, орчуулга хийнэ, ном товхимол гаргана. Өөр ямар нөөц авьяас байгаа бол?
-Би их оролдлоготой “дурак” л даа, муугаа мэдэхгүй. 2007 онд тэтгэвэртээ суугаад олон таван юм бодолгүй л БХИС-даа багшилсан. Урьд нь 1996-2000 онд Батлан хамгаалах удирдлагын академийн захирлаар ажиллаж байсан. Миний аав 1936 онд анх цэргийн албанд татагдаад Улаанхуаранд бага даргын сургуульд суралцаж байсан гэж хуучилдаг байсан. Дүү минь ЦНДС-ийг төгсөж офицероор ажиллаж байсан, хүү маань ч тэр сургуульд сурсан юм. Тэгээд л энэ ээлтэй газарт ажиллая гэж бодсон хэрэг. 2008 онд сургуулийнхаа докторантурт элсэж, эрдмийн ажил хийж эхэлсэн. 2011 онд “Дайны бус цэргийн ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх нь” сэдвээр цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо сургуулийнхаа профессорын багийн гишүүн, докторантурын ангид аюулгүй байдлын асуудлаар хичээл зааж байна. Ажлынхаа чөлөө, заваар орос, англи хэлнээс орчуулах ажилдаа шамдах санаатай явж байна даа.
Ийнхүү хийхээ төлөвлөж, нарийн хуваарь гаргасан энэ хүн үнэхээр дайчин, мэрийлттэй, зүгээр суудаггүй, зөгий шиг хүн аж. Өч төчнөөн ном гаргасан, Фредерикийн “Генералуудад илгээх зааварчилга”, Сун Цыгийн “Дайны урлаг”, Н.Бонапартын “Дайны зарчмууд” зэрэг цэргийн урлагийн сонгодог гарын авлага болсон зохиол орчуулсан, хэдэн арван дуу, шүлгийн эзэн юм байна. Өдгөө хэвлэлтэд шилжүүлэх нэг товхимол, удахгүй “өлгийдөх” өөр нэгэн номтойгоо “ноцолдохын” зэрэгцээ БХИС-д багшилж буй. Гавьяаныхаа амралтыг эдлээд, “тарвалзаад” суух насандаа юм юм оролдож, хийж, бүтээж буй түүнийг, ургаж, цэцэглэж буй ургамалтай зүйрлэмээр санагдлаа. “Ургадаг” генерал маань бас их егөөтэй, хошин шогийн мэдрэмжтэй юм билээ. Түүний бичсэн зарим шүлэг нэлээд “чимхсэн” өнгө аястай. Жишээлбэл, ажлаасаа халагдсан тухайгаа
“Баатар Батын Дорж, жанжин Лхагвасүрэн, Ёндонгоор бардамнаж, бас Жарантайн Авхиа, Шагалын Жадамбаагаар бахархаж явахдаа бага даргын мөрдэс даагаагүй нэгэн тооноор бууж ирээд Батлан хамгаалахын хоймрыг зайдагнана гэж зүүдэлсэнгүй” гэж егөөдсөн бол Цагаан сарын золголт хийхээр ажил цалгардуулдаг байдлыг шүүмжлэн 2005 онд
“Жаран насны зоо тэнийсэн надаар
Жанжин штабыг мануулж орхичихоод
Цэл залуухан, гял цалхан дарга нар
Цагаан сарын золгоондоо мордов оо” гэж бичжээ. 2009 онд тэргүүний багшаар шалгарсан түүнд хүмүүс баяр хүргэж, жигтэйхэн догдолж, хөөрч байтал нэг мэдэх нь ээ хоёрдугаар байрт орчихсон байжээ. Учрыг мэдэх нь ээ, ажилласан жил цөөн гээд ухраачихсан аж. Үүнд эмзэглэсэн тэрбээр “Түрүүлсэн ажнай хүүхэдгүй бол тав ухраана. Наадмын комисс. Тэргүүлсэн багш хөгширсөн бол нэг ухраана. Сургуулийн комисс” гээд “чимхчихэж”.
Ийм нэгэн хүнтэй элдвийг хөөрөлдсөн яриагаа энэ хүргээд өндөрлөв. Санаж сэдэхэд цаг хугацаа, нас, зүс хамаардаггүйн үлгэр дуурайл болсон нөхөр генерал танд арвин амжилт хүсэн ерөөе.