Иргэдийн оролцоо гэдэг нь “ИРГЭН-ТӨР”-ийн үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилготой бөгөөд төрөөс шийдвэр гаргах үйл явцдаа иргэдийн саналыг сонсох, тэдний дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг шийдвэртээ тусгах, ИРГЭД төрийн үйл хэрэгт хяналт тавих, санал, шаардлагаа хуулийн дагуу хүргүүлэх, гарсан эсхүл гарах гэж буй шийдвэрт нөлөөлөх үйл явц юм. Энэ ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” хэмээн баталгаажуулсан байдаг.
Иймд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслөөс захиалгаар “Монгол Улсын хуулиуд дахь иргэний оролцооны талаархи зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ”-ний ажлын тайланг хийж гүйцэтгэсэн байна. Тус тайлангийн танилцуулгыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд зохион байгуулах гэнэ.
Энэхүү судалгааны тайланд 1992 оноос 2017 оны долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй хүчин төгөлдөр нийт 482 хуулиас иргэний оролцооны зохицуулалт бүхий заалтыг түүвэрлэн, нийт 109 хууль, тэдгээрийн 308 зохицуулалтын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийжээ. Нийт хуулийг 10 жилийн үечлэлээр авч үзэхэд эхний 10 жилд 25 хууль, 2 дахь арван жилд 35 хууль, сүүлийн 6 жил 49 хууль иргэний оролцооны зохицуулалтыг агуулсан заалттайгаар батлагдсан байна. Энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн нийгмийн хандлагыг дагаж иргэний оролцооны зохицуулалттай хуулийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг илэрхийлж байна. Иргэний оролцооны талаархи хуулийн зохицуулалтыг мэдээллийн, зөвлөлдөх, идэвхитэй, хяналтын болон бусад хэмээх таван төрөлд ялгамжтай ангилан авч үздэг байна. Монгол Улсын хуульд хамгийн их хувийг эзэлдэг зохицуулалт нь мэдээллийн болон идэвхитэй иргэний оролцооны хэлбэр бүхий зохицуулалт хамгийн их буюу 61 хувийг эзэлж байгаа бол зөвлөлдөх, хяналтын болон бусад хэлбэрийн иргэний оролцооны зохицуулалт бүхий заалт 39 хувийг эзэлж байна.
Иргэний оролцооны зохицуулалт бүхий заалтын 31 хувь нь хангалттай хэрэгждэг, 36 хувь нь хэсэгчлэн хэрэгждэг, 33 хувь нь хангалтгүй хэрэгжиж байгаа болохыг судалгаанд дүгнэж, хууль тус бүрийн зүйл, заалтын хэрэгжилтийг тухайлан тайлбарласан байна.