
Иргэн Ц гудамжинд хог хаягдаггүй, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэдэггүй гээд хэрэндээ л үүргээ ухамсарласан гэж өөрийгөө үнэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Тэрбээр хамгийн бүдүүлэг, бусдад нөхөж баршгүй хохирол учруулж мэдэхээр хариуцлагагүй, амиа бодсон нэгэн гэнэ. Дээд давхрын айлд нь гал гарвал өрхийн гишүүдийн амьд үлдэх ганц найдвар болох аврах гарцыг битүүлж, гагнасан учраас тэр ажээ. Тагт руугаа элдэв хог, борооны ус орохоос сэргийлж, аврах гарцны хаалгыг түүн шиг битүүлсэн, тэр байтугай шатыг нь авчихсан хүн цөөнгүй. Ер нь манай улсад ийм зөрчил энгийн үзэгдэл болоод уджээ. Аж ахуйн нэгжүүд цахилгааны зарцуулалтаа хэмнэхийн тулд галын дохиолол, утаа мэдрэгчээ ажиллуулдаггүй бол зах, худалдааны төвүүд орц, гарцаа тагласан байх нь энүүхэнд.
Уг нь холбогдох албаныхан “Галын аюулаас сэрэмжил. Цахилгааны холболтоос авахуулаад бүгдийг журам, дүрмийн дагуу хий” хэмээн байнга сануулж, норм, нормативыг мөрдүүлэхийн тулд торгохоос эхлээд бишгүй арга хэмжээ авсан ч үл ойшоосоор өдийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд зах, худалдааны төвд гарсан гал шөнө биш, өдөр дэгдсэн бол хэчнээн хүний амь эрсдэх байсныг тааварлахад бэрх юм. Аюулаас зугтаж гарах гарц хаана байгаа нь мэдэгдэхгүй, олоод очлоо гэхэд тэр нь цоожтой байдаг байгууллага, худалдааны төв олон учраас тэр. Үзвэр, үйлчилгээний байгууллагууд ч үүнээс нэг их дээрдэхгүй нь хяналт, шалгалтын мэдээнээс тодорхой харагдана. Орох, гарах ганц хаалгатай, “Аюулгүйн гарц” гэсэн ганцхан тэмдэг харж, таамгаар өчнөөн шат дамжлага туулуулчихаад тэнд нь аваачдаг гэхээр аймшигтай байгаа биз. Ийм газраар үйлчлүүлж явахад гал гарвал гүйсээр байгаад угаартахаас өөр аргагүй. Эсвэл өндрөөс үсэрч, аз турших сонголттой.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн худалдааны дөрвөн төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Тэр дунд орсон “Барс-1”, “Барс-2” зах 2013 онд онцгой байдлынхны шалгалтад бүдэрсэн удаатай. Эдгээр захыг байгуулсан хүмүүс барилгын зургаа мэргэжлийн хүмүүст үзүүлж, галын аюулгүй байдлыг хангаагүй, дур мэдэн өргөтгөл барьсан гэдэг. Тиймээс тухайн үед одоогийнхтой адил үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлөө арилгах албан даалгавар өгч байсан юм. Гэвч таван жил өнгөрчихөөд байхад яг л хэвээрээ, лангуу түрээслэгч, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаагүй байх юм. Гал гэнэт гарвал эдгээр зах доторх бүх хүн хоёрхон хаалгаар л гарахаас өөр сонголтгүй гэдгийг эх сурвалж хэлсэн. Зөрчлөө арилгахад таван жил хангалтгүй байсан бололтой.
Япон улс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах барилга, байгууламжийнхаа аюулгүйн гарц хаана байдаг, гэнэтийн гамшиг болбол яах ёстой вэ гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээрээ зарладаг гэсэн. Шведийн үзвэр үйлчилгээний газар, худалдааны төвүүд барилгынхаа гадна шат, эсвэл хоолой байрлуулдаг гээд эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг сайтар хангасан сайн жишиг олон. Наанадаж, гадаадын улсын үйлчилгээний байгууллагынхан хаалгаа гадагшаа нээгддэг байхаар хийдэг аж. Гэтэл манайд эсрэгээрээ. Түлхэж бус, татаж гардаг хаалга хийнэ. Амь дүйсэн хүмүүс тэр хаалганд тулбал татах тэнхээ, сөхөө байх болов уу. Үүнээс гадна хүн угаартсаны дараа аюулгүйн гарц хийсэн тохиолдол ч бий. Эсвэл авлига өгч, хуурамч дүгнэлт гаргуулаад “Бидний буруу биш” гэж таахалзах. Их хэмжээний хөрөнгө зарж, бусдын адил “гайхалтай” шийдэл сонгох боломжгүй бол эл асуудлыг хялбараар шийдсэн бусдаасаа үлгэр дуурайл авч, орц, гарцаа нээлттэй байлгаж, тэмдэг, тэмдэглэгээгээ сайжруулан, галын хор байрлуулахад л шийдэгдэх асуудал шүү дээ, уг нь. Хууль, тогтоомж мөрдөхгүй, билгэдэл төдий гарц байгуулсан үйлчилгээний газар, худалдааны төвийн үйл ажиллагааг бүрмөсөн хаачихвал ямар вэ.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Люминесцент гэрэлтүүлгийг өргөн ашигладаг болжээ
Аюулгүйн гарцын тоо, өргөний хэмжээг тухайн барилга дахь хүний багтаамж, гарах хүмүүс хаалганаас хэр зайтай оршихоос шалтгаалан тогтоодог аж. Тухайн барилга, байгууламжаас гарах чиглэлийг заасан тэмдэглэгээ заавал тавина. Ийм тэмдэглэгээ нь цахилгаан гэрэлтүүлэгтэй, эсвэл люминесцент (гэрэлтдэг) будагтай байх ёстой гэнэ. Өдгөө аюулгүйн гарцын люминесцент гэрэлтүүлгийг өргөн ашигладаг болжээ. Энэ нь цахилгаан хэмнэхээс гадна харанхуйд ч тод харагддагаараа онцлог. Орчин үеийн люминесцент гэрэлтүүлэг фосфор болон бусад хортой хийгээд цацраг идэвхт нэмэлт бодис агуулдаггүй болжээ. Мөн шатах, дэлбэрэх аюулгүй, арчиж цэвэрлэхэд хялбар. Асааж, унтраах гэсэн хүний хүчин зүйлээс хамааралгүй.
Өдгөө дэлхий даяар янз бүрийн аюул, гамшиг нүүрлэж, иргэдийн аюулгүй байдалд тавих шаардлага их болсон. Герман, Их Британи, АНУ болон бусад улс үндэсний стандартдаа нийцүүлэх ийм гэрэлтүүлгийг өргөн ашиглах болжээ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
АНХАН ШАТНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ Ч АЛГА
Саяхан ОХУ-ын Сибирийн Кемерово хотын худалдааны төвд гал гарсан мэдээ олон хүнийг хиртхийлгэсэн. Энэ үйл явдал манайд давтагдах нөхцөл бүрдчихэж. Олны хөлд дарагддаг, тэр дундаа залуус олноор цугладаг үзвэр, үйлчилгээний газарт галын аюулгүй байдлыг мөрдөхгүй байгааг захын байгуулагаас харж болно.
Бид эхлээд Соёлын төв өргөөг зорилоо. Уг барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр барьж, 1988 онд ашиглалтад оруулжээ. Нийт 15 000 ам метр талбайтай. 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекц, үзэсгэлэнгийн танхим, номын сан, музей, 12 давхар захиргааны барилга зэргээс бүрддэг. Одоогоор уг цогцолборт ШУА, Монголын урлагийн ажилтны холбоо, Соёл урлагийн хороо, Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёл, мэдээллийн төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, Театрын музей, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын филармони, Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулга зэрэг байгууллага, хувийн хэвшлийн 100 шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Жилдээ нийтийг хамарсан 300 орчим урлаг, соёлын арга хэмжээ зохиож, давхардсан тоогоор 350-400 гаруй мянган хүн үздэг аж. Харамсалтай нь, энэ газарт яаралтай үед ашиглах гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл ч хангалттай харагдсангүй. Уг нь 800-1600 ам метр хүртэлх талбайтай байгууламжид 10 литрийн багтаамжтай ус болон хөөсөн гал унтраагуур тус бүр хоёр ширхгээс дээш, нунтаг унтраагуур багадаа арван кгаас дээш байх ёстой гэж Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд заасан байдаг юм билээ.
“Тэнгис” кино театрт ороход үйлчилгээ, худалдааны 10 гаруй цэг үйл ажиллагаа явуулж байв. Тэдгээрийн дийлэнх нь үүдэндээ бараа, танилцуулах материал зэргээ байрлуулсан нь гэнэтийн аюул тохиолдсон үед ашиглах аврах гарцыг нарийсгажээ. Галын аюулгүй байдлыг хангах ажилтан бий, эсэхийг лавлахад мэдэх хүн байсангүй. Өмнө нь “Өргөө-1” кино театрт дээрх зөрчил гарснаас үүдэн үйл ажиллагаа нь зогсоход хүрч байсан удаатай. Кино театрууд гэлтгүй музей, галерейнууд ч аюулгүй байдлаа хангадаггүй нь харагдлаа. Монгол Улсын түүхэн дурсгалт өвийг хадгалдаг хэрнээ галын аюулгүй байдлыг хангах нь бүү хэл, зориулалтын барилгад үйл ажиллагаа явуулдаг нь ховор. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд очив. Энд гамшгийн үед тусламж авах орц, гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байсангүй. Тийм тохиолдолд ашиглах гарц бий, эсэхийг угтагчаас асуухад “Байхгүй” гэв. Мөн гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, унтраах төхөөрөмж, хэрэгсэл ашиглах зааврыг мэдэхгүй гэлээ. Музей шатлаа гэж бодоход үйлчлүүлэгчид нь төв хаалгаараа шахцалдан зугтах, үнэт үзмэрүүдээ алдахаас өөр гарцгүй аж. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлагийн байгууллагад дагаж мөрдөх аюулгүйн дүрэмд гал түймрийн үеийн утаа зайлуулах болон агааржуулалтын системийг жилд хоёроос доошгүй удаа шалгаж, цэвэрлэх, засах ёстойг заажээ. Гэвч энэ заалтыг биелүүлдэг байгууллага байдаггүйг холбогдох албаныхан хэлэв. Түүнчлэн дийлэнх газарт аюулын дуут дохио, утаа мэдрэгч алга. Байгаа заримынх нь ажилладаг, эсэх нь эргэлзээтэй байв. Гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудад бол гал илрүүлэх дохиолол, тэр бүү хэл, дулаан мэдрэгч камер, гал унтраах систем хэрэглээд хэвшчихсэн байдаг аж.
Иргэдийн оюуны таашаал авч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд амар тайван, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ажиллах нь нэн тэргүүний үүрэг нь баймаар. Ниргэсэн хойно нь хашхирах биш, урьчилан сэргийлж, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашиг, эд хөрөнгө, амь насыг урьтал болгохыг үзвэр, үйлчилгээний байгууллагуудад дахин сануулъя.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ЭРДЭНЭБАЯР: Ноцтой зөрчил гаргасан дөрвөн захын үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн
Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч С.Эрдэнэбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.
-Аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлыг хангах нь хэр байна вэ?
-Янз бүр байдаг. Хууль, тогтоомж, норм, нормативыг сайн хангасан байгууллага цөөнгүй. Нөгөөтэйгүүр, үүргээ биелүүлдэггүй байгууллага ч бас нэлээд байдаг. Барилга барихдаа зураг төслийг нь онцгой байдлын газраар хянуулах ёстой. Мөн барилгыг өргөтгөж, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөхдөө мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж, албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Гэвч гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гараагүй байхад дур мэдэн үйлчилгээ явуулдаг газрууд бий.
-Гаргадаг нийтлэг зөрчил нь юу байдаг юм бэ. Нэг үеэ бодвол энэ төрлийн зөрчил буурсан гэж байсан. Үнэн үү?
-Зөрчлийн тоо цөөрч байгаа. Аж ахуйн нэгжүүд галын хор огт байрлуулдаггүй, аврах гарцын мэдээллийн самбар байршуулдаггүй үе байсан. Тэгвэл өнөөдөр уг зөрчил бараг арилсан. Гэхдээ гал унтраах автомат төхөөрөмж буюу галын дохиоллын систем, утаа мэдрэгчгүй, барилгын гадна талд шуурхай албаны автомашин цэнэглэх боломжтой усны эх үүсгэвэр, усан хан гамжгүй зэрэг зөрчил дорвитой буураагүй.
-Зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэд хууль, тогтоомж зөрчих тохиолдол их байдаг гэсэн.
-Дур мэдэн цахилгааны холболт хийх, орц, гарц хааж лангуугаа байрлуулах зэргээр иргэд зөрчил гаргах нь элбэг.
-Өнгөрсөн сард холбогдох албаныхан зарим байгууллагын галын аюулгүй байдлыг шалгасан гэсэн. Уг шалгалтаар ямар зөрчил илрэв?
-Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шалгасан. Шалгалтын явцад нэлээд олон зөрчил илэрлээ. Аливаа байгууламжийг барих зураг төсөлдөө галын аюулгүй байдлыг хангуулах ёстой тухай дээр хэлсэн шүү дээ. Гэтэл шалгалтад хамруулсан байгууллагуудын 36 хувь нь ажлын зургаа хянуулаагүй байх жишээтэй. Түүнчлэн галын аюулгүй байдлыг хангуулах мэргэжилтэнгүй байгууллага ч байв. Бид хууль, тогтоомжийн дагуу гаргасан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Ноцтой зөрчил гаргасан учир дөрвөн захын үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлээд байна. Цаашид уг шалгалтаа үргэлжлүүлж, зөрчлийг арилгуулна.
БАЙР СУУРЬ
Аж ахуйн нэгж байгууллага, үзвэр үйлчилгээний томоохон газрууд галын аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
Эвдэрсэн дохиоллын систем, тоног төхөөрөмжөө засахгүй байна
Г.НАРМАНДАХ: (ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа)
-Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр манай газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт явуулж, зөрчил дутагдлыг нь илрүүлэх, арилгуулах талаар дүгнэлт гаргадаг. Тухайн дүгнэлтийг биелүүлж буй, эсэхийг нь хянаж шалгана. Шадар сайдын баталсан дөрвөн удирдамжийн дагуу энэ онд төлөвлөгөөт найман шалгалт хийлээ. Боловсрол, эрүүл мэндийн салбар болон хүн ам олноор цуглардаг худалдаа, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага гэсэн чиглэлээр цогц шалгалт явуулж байгаа. Шалгалтын явцад аюулгүйн гарц, зам хааж ачаа бараа хураасан, дохиоллын систем нь ажиллахгүй байх зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Барилга, байгууламжийг барихаас эхлээд галын аюулгүй гарц байгуулах зай хэмжээ, ажлын гүйцэтгэлийн зургийг ОБЕГ, НОБГ, тухайн орон нутгийн байцаагч нар хянадаг. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн тухайн байгууламжийг Улсын комисс хүлээн авдаг. Анх галын аюулгүй байдлаа сайн хангаж байсан байгууллагууд үйл ажиллагааны явцад гал унтраах, мэдээлэх, илрүүлэх төхөөрөмжөө засаж, арчилдаггүй. Байнгын үйл ажиллагааг нь хянах ёстой байтал хөрөнгө зарцуулахаас зайлсхийж, дохиоллын системээ салгах жишээтэй. Ямар хэмжээтэй талбайд хэчнээн гал унтраагуур байх ёстой, зам, гарцын зураглалыг байгууллагын үүдэнд байрлуулах зэрэг стандарт бий. Аюулгүйн гарцын зураглалаа нүдэнд харагдах газар байрлуулдаг байгууллага цөөхөн. Өнгөрсөн сард боловсролын байгууллагуудыг шалгахад дотуур усан хангамж, галын хоолой, хошуу хангалтгүй, аюулгүйн гарцыг хааж битүүмжилсэн, гал унтраах автомашин явах замыг хааж, барилга байшин, хашаа барьсан зэрэг зөрчил түгээмэл илэрсэн. Энэ сард эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаж эхэллээ.
Үзэсгэлэн гаргахдаа ч зам хааж байрлуулахыг хориглодог
Т.ПҮРЭВДОРЖ: (Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зохион байгуулагч)
Би энэ байгууллагад 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд галын аюулгүй байдалтай холбоотой асуудал гараагүйд баярладаг. Соёл урлагийн байгууллага хамгийн чухал объект учраас энд ажиллаж буй хүмүүс галын аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Түрээслэгч байгууллагынхныг тамхи татах, ил гал гаргахыг хориглож, гадна талбайдаа тамхи татах цэг ажиллуулж байна. Жүжигчид, уран бүтээлчид их танхимд сандал байрлуулъя гэхээр нь бид зөвшөөрдөггүй. Үзэсгэлэнгийн үед ч зам, гарц хааж бүтээл, сандал байрлуулдаггүй. Манайх гамшгаас хамгаалах улсын байцаагчтай. Дүрэм журмын дагуу ажиллаж байгаа. Гаднаас лед гэрэл, техник хэрэгсэл оруулж ирэх бүрт байцаагч хянадаг. Гал гарсан үед хэн дохио өгч, ямар үүрэгтэй ажиллахыг гамшгаас хамгаалах баг бүрэлдэхүүн хариуцаж ажилладаг юм. Галын гарц, дохио тэмдэглэгээ бүгд бий. Аюулгүйн таван хаалга болон шатнууд байнга ажиллагаатай байдаг. Гамшгаас сэргийлэх дуут дохиогоор бүгд аюулгүй талбайд гарч, сургалт хийсэн. ОХУ-ын худалдааны төвд гарсан галын дараахан манай байгууллагыг онцгой байдлын албанаас хоёр ч удаа шалгасан.
Галын хор ашиглах талаар сургалт явуулаагүй зөрчил түгээмэл
Б.ЭРХЭМБАЯР: (НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч)
-Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтын хуудасны дагуу шалгалт хийдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах 4.1.2 кодтой хяналтын хуудсанд галын аюулгүй байдлын талаар багтсан байдаг. Галын дохиолол, хамгаалалтын систем ажиллагаатай эсэх, галын орц, гарцын зураглал, гал унтраагууруудын бэлэн байдал, баталгаажсан байх, анхан шатны багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, галын аюулаас сэргийлэх санамж байрлуулсан, үгүйг болон ажилтнууд галын хор ашиглаж сурсан, эсэхийг хянаж шалгана. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хянадаг. Шалгалтаар галын хорны цэнэг болон хугацаа дууссан, аюулгүйн орц, гарцыг чөлөөлөөгүй, ажилтнуудад галын хор ашиглах талаар сургалт явуулаагүй, ашиглаж сураагүй зэрэг зөрчил нийтлэг байна.