Сүүлийн жилүүдэд 11-16 насны буюу өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа харамсалтай мэдээ бий. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон гэсэн судалгааны дүн гарчээ. Судалгааны дүнгээс таван жилийн дунджаар жилд 411 хүн амиа хорлосон байна. 2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байна. Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувийг эзэлжээ. Дэлхий нийтэд ч мөн сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг. Үүнээс 40 секунд тутамд 1 хүн амиа егүүтгэн нас барж байна. Номхон далайн баруун бүсэд сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг. Үүнээс өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг гэсэн ДЭМБ-н мэдээ бий. Монгол Улс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаараа номхон далайн баруун бүсийн орнуудаас 7 дугаарт, сэтгэл гутрах эмгэгээр Австрали ба Шинэ Зеландын дараа 3 дугаарт, 100.000 хүн амд амиа егүүтгэх нас баралтын тоогоор 6 дугаарт тус тус жагсаж байна.
Тэгвэл “дотнын тань хэн нэгэн дуугаа хурааж, дотогшоо хандаж, ганцаараа байхыг илүүд үздэг болсон бол юун түрүүнд ярилцаж, сэтгэл рүү нь өнгийхийг хичээх хэрэгтэй” хэмээн эмч нар зөвлөдөг. Уг нь ийм зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл судлаачид өгдөг баймаар. Гэвч манай улсад ийм мэргэшсэн “хүн” судлаачид ховор. Уг нь сэтгэл судлалын мэргэжил дэлхийд хамгийн эрэлттэй мэргэжлийн наймдугаарт жагсдаг. Харин манай улсад шинэ ойлголт хэвээр байх шиг.
Сэтгэл судлаачдад “орон тоо” байдаггүй
Сүүлийн үед сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч нийт өвчлөгсдийн тэн хагас нь эмчилгээ авч чаддаггүй. Энэ нь тусламж үзүүлэх чадвартай бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхи болон нийгмийн гадуурхалтай холбоотой гэнэ.
Монголд сэтгэл судлаачид бэлдэж эхлээд 20 гаруй жил болчихсон байна. Хэдийгээр сэтгэл судлал урт түүхтэй, ууган шинжлэх ухаан ч монголд хөгжсөн талаас нь харах юм бол их богинохон хугацаа юм. Энэ хугацаанд сэтгэл судлалд хандах нийгэм хүмүүсийн хандлагад их дэвшил гарсан. Харин дутагдалтай тал нь гэвэл хуулиндаа албан байгууллага бүр сэтгэл зүйчтэй байх ёстой гэсэн орон тоо байдаггүй. Тийм ч учраас энэ чиглэлийн хүмүүс мэргэжлээрээ ажиллах нь бусад мэргэжилтэй харьцуулахад их бага. Сүүлийн үед зарим албан байгуулага, эмнэлэг, цагдаагын газар сэтгэл зүйчтэй болох нь чухал гэж үзээд дотоод дүрмэндээ оруулсан тохиолдол бий. Гэсэн хэдий ч дутагдалтай салбар бий. Ялангуяа хамгийн их шаардлагатай газрууд болох сургууль, төрөх эмнэлгүүдэд мэргэшсэн сэтгэл судлаачид байдаггүй. Орон тоо ч гаргадаггүй гэж хэлж болно. Жишээлбэл, манай улсад төрсний дараах сэтгэл гутралыг шинжилдэг мэргэшсэн сэтгэл зүйч ерөөсөө байхгүй гэж нэгэн эрх барих эмч нотлов.
Сэтгэл судлаач бусдын өмнөөс асуудлыг нь шийдвэрлэдэг хүн биш
Сэтгэл судлал бол үргэлж хүнтэй ажилладаг, хүнийг ойлгож, өөрийгөө таньж мэдэхэд хэрэг болдог өвөрмөц чухал мэргэжил гэж Сэтгэл судлаач Ш.Батсүх хэлсэн. Мөн тэрбээр сэтгэл судлаач нь үйлчлүүлж буй хүн асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой болох тийм л уур амьсгал, нөхцөлийг бий болгодог. Товчоор хэлбэл, хүмүүст хүчээр зөвлөгөө өгдөггүй. Харин өөрийгөө өөрчлөхөд бэлэн буюу сайн дураар зөвлөгөө авахаар хандсан хүмүүстэй ажилладаг гэсэн юм. Тэр нь ч үнэн биз. Гэтэл ихэнх хүн сэтгэл судлаач л гэхээр хүний eртөнцийн талаар бүгдийг мэддэг, арай л ирээдүйг нь хэлж өгч чадна гэж бодох нь холгүй болчихсон мэт санагддаг. Тэгвэл сэтгэл судлал нь их өргөн хүрээтэй мэргэжил юм. Хүн бодож сэтгэхээс эхлээд юу хийж, ямар үйлдэл хийх, хүнтэй хэрхэн харилцах, уйтгар гунигтай үедээ ямар үйлдэл хийдэг, түүнийг яаж тайлж тайтгаруулах, яаж баяр баясгалантай болгох вэ гээд олон асуудал бий. Ийм л их мэдлэг, мөн торгон мэдрэмж шаардсан амаргүй мэргэжил. Дуртай зүйлээ амандаа “бурдаг”, элсэлтийн оноо нь хүрэхгүй дуртай дургүй сонгодог мэргэжил биш юм.
Дэлхийн хөгжлөөс 5 алхамын хойно...
2000 онд манай улсад Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль батлагдсан. Тус хуулиар нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, энэ ажилд төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн төрийн бодлого, зарчим тодорхойлогдсон. Хууль батлагдаад хэдий 20-иод жил болох гэж байгаа ч хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт болон амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байна. Энэ нь дэлхий нийт эмнэлэгт суурилсан тусламжаас татгалзаж байхад харин манайд хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгуурлаж байгаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл, манай улсад аль ч салбараараа дэлхийн хөгжлөөс даруй таван алхамын цаана алхаж буй юм.