
“Халуун байна, гол бараадъя” гэх яриа хаа сайгүй. Аагим халуунд гол, нууранд очиж сэрүүцэх иргэдийг буруутгах аргагүй. Гэвч голд сэлж, нууранд завьтай зугаалахдаа хоромхон зуурт анхаарал болгоомж алдахад амь эрсдэх аюултай. Монголчууд бид усанд ам гардаггүй гэж эмээдэг байсан бол эдүгээ хэн дуртай нь хийлдэг болон моторт завь хөлөглөн гол, нууранд сэлгүүцэх болсон. Баталгаагүй завинаас болж амиа алдах тохиолдол гарсаар байна.
Хоёр жилийн өмнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Байкаль” жуулчны баазын харалдаа далайн усанд завьтай явж байсан таван хүн осолдсон харамсалтай явдал болсон. Тэдний дөрөв нь хүүхэд байв. Ойр орчимд нь байсан завьтай иргэд тусламж үзүүлэхээр очиж, зургаа, найман настай хоёр хүүхдийг далайн эрэгт гаргасан ч анхан шатны тусламж үзүүлж чадалгүй, гар дээрээ өнгөрүүлсэн гэдэг.
Өнгөрсөн онд Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд завьтай загасчилж явсан дөрвөн хүн амиа алдсан. Тэдний завь хөмөрч, бүгд тусламж авч чадалгүй амьсгал хураасан. Саяхан буюу өнгөрсөн сарын 20-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суман дахь тариалангийн талбайн усалгааны цөөрөмд хийлдэг гудсан дээр хөвж явсан 28 настай залуу осолдож, амиа алдав. Түүнтэй хамт байсан хоёр залууг аврагчид уснаас эсэн мэнд гарган, эмнэлэгт хүргэсэн. Гадаадад олон жил ажиллаад ирсэн нэгэн ээж хийлдэг завь авч өгснөөр хүүгээ үүрд алдана гэж яаж санах билээ. Чанарын шаардлага хангахгүй завь, хийлдэг гудасны аюулгүй байдалд хэн хяналт тавьдаг вэ.
Ийм завь, гудас “Нарантуул” зах болон бусад худалдааны төвд элбэг байдаг ч хил гаалиар оруулж, зарж борлуулах үйл явцыг хянах газар алга. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааныхан далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хянаж шалгах үүрэгтэй ажилладаг. Гэхдээ хийлдэг завины “асуудалд” тэд оролцдоггүй юм байна.
Тус захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Манай байгууллага усан замын тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, гэрчилгээ, дугаар олгох зэрэг ажил хариуцдаг. 2003 онд баталсан Усан замын тээврийн тухай хуулийг 2016 онд шинэчилсэн. Үүний дагуу манай байгууллага усан замын тээврийг хянах эрхтэй болсон. Зорчигч тээвэрлэлт болон техник ашиглалтын аюулгүй байдлыг шалгадаг.
Мөн байгаль орчинд учруулж буй бохирдлыг хянадаг. Хөдөлгүүрээс гардаг утаа болон зарим завь тос, шатахуунаа хольж хэрэглэдэг нь байгаль орчныг илүү бохирдуулж байна. 2017 онд усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн зохион байгуулалтаар хийсэн. Тухайн үед манай улсад усан замын тээврийн хэрэгсэл 155 байсны 122 нь техникийн үзлэгт тэнцсэн. Манайд ашиглаж буй ихэнх завь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, хуучны эд.
Өгийн нууранд завь түрээслүүлдэг иргэдийн зөрчил хамгийн олон байсан. Зорчигч тээвэрлэх боломжгүй 4-5 завийг улсын бүртгэлээс хассан. Одоо манай байгууллагад бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгсэл 111 байгаагийн 98 нь Хөвсгөлд бий. “Сүхбаатар” хөлөг онгоц хамгийн том нь. Усан замын тээврийн тухай хуулиар хамгийн багадаа гурван метр урт, арван морины хүчтэй тээврийн хэрэгслийг бүртгэх ёстой юм.
Үүнээс бага хэмжээтэйг нь тухайн орон нутгийн мэдэлд шилжүүлдэг болсон. Хийлдэг завинд тавих хяналт сул байгаа нь үнэн. Үүнийг тухайн орон нутгийн байгаль хамгаалагчид газар дээр нь хянах боломжтой” гэв. Мөн түүний хэлснээр тус захиргаанд бүртгэлтэй завьтай холбоотой ослын улмаас 2015 онд дөрөв, 2016 онд долоон хүн нас барсан аж. Өнгөрсөн онд амь эрсэдсэн хүн байхгүй. Түүнчлэн ийм тээврийн хэрэгслүүдийн зогсоол хамгийн тулгамдсан асуудал гэдгийг хэлсэн.
Жилдээ гадаад, дотоодын 60 мянга орчим жуулчин хүлээн авдаг Хөвсгөл далайд хамгийн олон завь хөвдгийг дээр дурдсан. Улсын бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ч техник хэрэгсэл бүрэн бус, чанарын шаардлага хангахгүй аврах хантаазтай газар цөөнгүй гэх юм билээ. Олон улсын ISO12402 гэсэн аврах хантаазны багц стандарт гэж бий.
.jpg)
Уг стандартын дөрөв дэх буюу зорчигчдод зориулсан аврах хантаазтай холбоотой хэсгийг Үндэсний стандарт болгосон аж. Гэвч үүнийг мөрдөж, шаардлага хангасан хантааз хэрэглэдэг нь цөөхөн гэнэ. Ихэнх нь өөрсдөө захиалж оёулаад хэрэглэдэг юм байна. Хантааз нь аврах бүстэй адил чухал үүрэгтэй ч хүмүүс үл ойшоон, өмсдөггүй, тухайн аяллын компани, баазаас аюулгүй хувцас, хэрэглэлийг шаарддаггүй, цаадуул нь ч үүнд санаа тавьдаггүй гэнэ. Хайхрамжгүй энэ мэт үйлдлээс болж олон хүн хохирсоор байх уу.
ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Туяа “Энэ сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд усны осол 25 удаа гарч 31 хүн амиа алдлаа. Тэдний зургаа нь хүүхэд. Хэдхэн хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн нутгаар урсах Ховд голд нэг эмэгтэй, хоёр хүүхэд осолдсон. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад усны осол их байна. Энэ сарын мэдээнээс харахад 30-аас дээш насны залуус амралт, зугаалгаар явж, архидан согтуурсан үедээ осолдох нь ихэслээ.
Баян-Өлгий, Увс аймгийн нутгаар урсаж буй Ховд гол үертэй байгаа учраас орохгүй байхыг иргэдэд сануулъя. Ослын шалтгааны багагүй хувийг завьтай яваад эндсэн тохиолдол эзэлдэг. Аврах хантааз өмсөөгүй, аюулгүй байдлаа хангаагүй байж гол, нуурын усанд орох нь маш аюултай. Манай улсад загасчилж явсан гадаадын иргэд ч амиа алдсан шүү дээ. Сэлж чаддаг гэж эрдэх хэрэггүй” гэж ярив.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Нэргүй “Хуурайшлын үе дуусаж, борооны улирал эхэлсэн учир гол, нуурын усны түвшин нэмэгдлээ. Амралт, зугаалгатай холбоотой усанд осолдох дуудлага буурахгүй байна. Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврагчид Туул гол дагуу завьт эргүүл гаргасан ч хүч хүрэлцдэггүй. Тиймээс иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, шаардлага хангахгүй завинд суух, худалдан авах хэрэггүй. Амралтын газрууд хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан, аврах хантааз өмсгөж буй, эсэхийг хянах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна” гэлээ.
Усан замын тээврийн хэрэгслүүдийг өмнө нь гурван жилд нэг удаа шалгадаг байсан бол жил бүр хянах болжээ. Үүний дагуу энэ сарын 15-наас Хөвсгөл далайд явж буй завинуудын техникийн аюулгүй байдлыг шалгаж эхэлжээ. Жижиг нууранд хүртэл завь тавьж, багагүй мөнгө халааслах болсон энэ үед хүний амь хариуцсан уг үйлчилгээнд гойд анхаарах цаг болжээ.
Хяналтгүй үлдэж буй хийлдэг завины аюулгүй ажиллагааг шалгах, шаардлага тавих албан байгууллагыг тодорхой болгохгүй бол сиймхийгээр нь хэчнээн ч хүн эрсдэлд орж мэдэх нь. Тиймээс баталгаагүй завинд амиа бүү даатга. Хийлдэг завийг хэрхэн, яаж хэрэглэх зааврыг нь дагалдуулж зардаг бол авсан, өгсөндөө ч өлзийтэй баймаар. Орхигдуулж боломгүй бас нэг чухал асуудал нь усанд живсэн хүнд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүн бүрт багаас нь зааж өгөх. Үүнийг мэддэг бол Хөвсгөл далайд живсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэхдээ доош нь харуулж, цаг алдахгүй л байсан болов уу.