
Хууль зөрчсөн үйлдэлд нь тавьсан замын хөдөлгөөн зохицуулагчдын шаардлагыг үл хүндэтгэж, биед нь халдах, доромжлох жолооч сүүлийн үед олширч буй. Хамгийн сүүлийн жишээ өнгөрсөн даваа гарагт гарсан. Нэгэн барилгын компанийн захирал, Б гэгч урсгал сөрж, улмаар эл үйлдлийг нь зогсоохоор шаардлага тавьсан замын цагдаагийн албан хаагчийг цохив.
Тэрбээр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх. Энэ талаар нийгмийн сүлжээнд “Тэр хүний хүүхэд осолд ороод яарч явахад нь цагдаа зогсоосон учир ийм асуудал үүсчээ” гэх мэдээлэл түгээд буй. Энэ тухай болон ийм тохиолдолд жолоочид ямар хариуцлага хүлээлгэх ёстой талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
-Тухайн үед яг юу болсон юм бэ. Энэ талаар янз бүрийн л мэдээлэл байна. Зөрчил гаргасан хүнд шийтгэл ногдуулаагүй гэх хүн ч бий?
-Урсгал сөрж хөдөлгөөнд оролцох ёсгүйг жолооч нар байтугай хүүхэд ч мэддэг болсон. Гэтэл тухайн хүн эсрэг урсгалаар зорчсон байгаа юм. Энэ бол ноцтой осол гаргах, эсвэл хүний амь хохироох хэмжээний аюултай үйлдэл. Замын хөдөлгөөн зохицуулагч түүний хууль зөрчсөн үйлдлийг зогсоож, шаардлага тавьсан байдаг.
Гэтэл эсэргүүцэл үзүүлж, биед нь халдаад явсан. Үүний улмаас олон нийтийн сүлжээнд “Жийп унасан хүнд хууль үйлчилдэггүй”, эсвэл “Хүний амь эрсдэх гээд байхад цагдаагийн албан хаагчид аргагүй байдалд оруулсан” гэх мэдээлэл түгж, цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдлаа.
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Зөрчлийн хуулийн дагуу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сар хасаж, 50 нэгжээр (нэг нэгж нь 1000 төгрөг) торгосон. Харин цагдаагийн биед халдсан үйлдэлд нь хэрэг үүсгэн шалгаж байна.
-Хүүхэд нь осолд орсон гэдэг худал гэсэн үг үү?
-Тийм зүйл болоогүй, тогтоогдоогүй. Өгсөн мэдүүлэгтээ “Хүүхэд рүүгээ яарч явсан” гэсэн байна лээ. Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл хийсэн хүнийг өмгөөлж байгаад үнэхээр харамсаж байна. Тэр жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэлийн хөдлөл өндөртэй байхдаа жолоо барьсан.
Энэ нь мэдүүлгээр нотлогдсон. Хэргийн газраас явсныхаа дараа буцаж очоод замын хөдөлгөөн зохицуулагчид “Би сая чамайг яасан бэ. Цохисон уу” гэж асуусан байгаа юм. Тэгэхээр ямар үйлдэл хийснээ санахгүй байна гэсэн үг. Хэрэв тухайн үед замд нь хүн таарсан бол яах вэ.
-Гурван сарын дараа тэр хүн дахиад л жолоо барих эрхтэй болно. Уцаартай, бухимдалтай үедээ дахин жолоо барихгүй байх баталгаа алга. Хүний аминд хүрэх магадлалтай хэвээр байна гэсэн үг л дээ.
Эрүүл мэндийн үзлэгт оруулж, жолоо барих эрх олгох нь зүйтэй, эсэхийг шалгах ёстой юм биш үү?
-Эрүүл мэндийн үзлэгт оруулж, тухайн хүнийг цаашид жолоо барих боломжтой, эсэхийг үзэх ёстой. Иргэн Б-д насан туршид нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгохгүй байж болно гэж харж байгаа.
Гурван сарын дараа дүрмийн шалгалт өгч, эрхээ сэргээлгэхэд нь түүнийг сэтгэл зүйн шалгалтад оруулж, эмгэгтэй юү, үгүй юү гэдгийг тогтоолгох төлөвлөгөөтэй байгаа. Ер нь жолооны дамжаанд сурч, үнэмлэх авч буй хүмүүсийн сэтгэцийг оношлох шаардлагатай байна.
-Манай улсад ийм шалтгаанаар жолоо барих эрх олгохоос татгалзсан тохиолдол байдаг уу?
-Бусад улс оронд бол ийм тохиолдол олон бий. Харин манайд маш цөөн.
-Дамжаанд сурч, жолооны үнэмлэх авахдаа хүмүүс эрүүл мэндийн хуудсыг мөнгө өгөөд л хуурамчаар бөглүүлдэг болсон нь нууц биш. Үүнийг залруулахгүй бол энэ мэт зөрчил гаргах хүн цөөрөхгүй байх.
-Тийм ээ, энэ их буруу. Таньдаг хүнээрээ дамжуулан хуудас бөглүүлдэг үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Эрүүл мэндийн хуудас хуурамчаар бөглөж буй эмч нарт ч хариуцлага тооцох нь зүйтэй. Цагт 250 км хурдалдаг техник жолоодох гэж байгаа хүний харааны, сонсголын зэрэг эмгэгийг тэд зөв оношлох үүрэгтэй.
Тэр байтугай тээврийн хэрэгсэл төдөн жил барьж болно гэж нарийвчлан бичиж өгөх учиртай юм. Хувь хүн өөрийнхөө өвчин, эмгэгийг нуудаг. Эмч нар түүнийг нь илрүүлэх ёстой. Ийм хуудсыг үзлэг хийхгүй бөглөөд, тухайн жолооч нь осол гаргаж, эмч нарыг нь хариуцлагад татсан тохиолдол 2008, 2013 онд гарсан байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхан үүнд анхаарлаа хандуулж, зөв онош тавьж байх шаардлагатай гэсэн үг.
Нисгэгчийг онгоцоо жолоодохын өмнө хэдэн цаг унтсаныг нь хүртэл шалгадаг. Тэгээд нойр дутуу байвал нисгэдэггүй. Автомашин газраар л явж байгаа болохоос хариуцлага нь яг ижил. Бүх эрхтэн нь эрүүл байж жолоочийн анхаарал нь 70-80 хувь төвлөрч, осол гаргалгүй зорчих нөхцөл бүрддэг юм.
-Олон улсын жишгийг судалж үзсэн үү?
-Бусад оронд 18-25 насны залуусыг хоёр жил, зургаан сар тутамд заавал үзлэгт оруулдаг жишиг бий. Тухайн хүний эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гарч болно шүү дээ. Сэтгэл зүй, бие бялдраас нь авахуулаад олон өөрчлөлт гарч мэднэ. Хараа нь муудах, бүр цаашлаад оюун санааны хомсдолтой болохыг ч үгүйсгэх аргагүй.
Харин 40-өөс дээш насны хүмүүсийг жил тутам эрүүл мэндийн үзлэгт оруулдаг юм билээ. Тэнцэхгүй бол тухайн хүний өөрийнх нь болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жолоо барих эрхийг нь түдгэлзүүлдэг. Мөн замын цагдаагийнхан нь дэргэдээ эмч нарын багтай байдаг улс цөөнгүй. Гэтэл манайд эсрэгээрээ, үнэмлэх авсан л бол түүгээрээ насан туршдаа хөдөлгөөнд оролцож байна.
Замын хөдөлгөөн зохицуулагчид Б шиг хүнийг дагуулаад, эмчид хандан “Сэтгэц нь хэвийн байна уу, тодорхойлоод өгөөч” гэвэл гайхна. Цаашлаад төлбөр нэхэх байх шүү. Энэ үнэхээр буруу тогтолцоо. Эрүүл мэндийн хуудсыг цусны даралт нь 250 хүрдэг хүнд ч өгч байгаа нь үнэн. Хэдэн жилийн өмнө яг ийм өвчтэй хүн жолоо барьж явахдаа нас барж, машин нь айлын хашаа мөргөсөн хэрэг гарсан гашуун сургамж бий.
-Манайд ийм тогтолцоо нэвтрүүлэх боломжгүй учраас өдий хүргэсэн гэж ойлгож болох уу?
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, боловсронгуй болгох хэрэгтэй. Хэрэв тийм шийдвэр гаргавал мэргэжлийн байгууллагуудад бэлэн санал олон бий.
Одоо бол арван жил тутамд жолооны үнэмлэхийг л сольж байгаа. Түүнээс биш тухайн хүнийг машин жолоодох чадвартай байгаа, үгүйг нь шалгадаггүй. Гэтэл өнгөрсөн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмыг хэд хэдэн удаа шинэчилж, тэмдэг тэмдэглэгээг ч солилоо.
Харамсалтай нь, эрх зүйн хоцрогдлоос болоод жолооч нар түүнийг судлахгүй байна. Тиймээс кампанит ажил өрнүүлж, хүмүүсийг тээврийн хэрэгсэл жолоодож болох, үгүйг тогтоох зохицуулалттай болох шаардлага тулгарсан хэрэг.