
Мэргэжлийн боловсрол түүний хөгжил, чиг хандлагын талаар Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, аргазүйч С.Лувсанвандан нартай ярилцлаа
.-Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаа ямар зорилготой вэ. Үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач?
Ц.Б: Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 216 тоот тогтоолоор байгуулагдсан бөгөөд үндсэн чиг үүрэг нь мэргэжилтэй ажилтны ур чадварыг үнэлж баталгаажуулах, нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэх юм. 13 ажилтантай үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна.
Мэргэжилтэй ажилтныг богино хугацааны сургалтаар төгсгөж байгаа сургалтын байгууллагууд хэр ур чадвартай иргэн төгсгөж байгаа, тухайн иргэн ажлын байран дээр гараад ямар ур чадвар эзэмших, ажиллах нөхцөл хэрхэн бүрдэж байгаа талаар хөндлөнгөөс шалгаж, үнэлэх зорилготой.
Тухайн хүний ур чадвар, мэргэшил, ямар зэрэгтэй гэх мэт мэдээллийг нэгдсэн бүртгэл, мэдээллийнхээ санд байршуулах бөгөөд ажил олгогч уг мэдээлэлд тулгуурлан хүний нөөцөө бүрдүүлнэ гэсэн үг юм.
-Хувийн мэргэжлийн боловсрол олгох байгууллагууд олширсон. Компаниуд хүртэл мэргэжлийн боловсрол олгох жижиг институттэй болсон. Чанартай үр дүнтэй ажиллаж чадаж байгаа болов уу?
С.Л: Улсын хэмжээнд үнэлгээний байгууллага байгуулагдсанаар хувийн 3500 орчим байгууллагад шалгалт хийсэн. Төгсөгчдөд нь хөндлөнгөөс үнэлгээ хийж баталгаажуулаад, гэрчилгээ олгоод эхлэхээр сургалтын байгууллагууд харьцангуй багасч төгсөгчид илүү чанартай боловсрол эзэмших болсон.
Жишээлбэл: ХНХЯ, Автокурсуудийн холбоо, Халамж үйлчилгээний ерөнхий газар хамтраад улс орны хэмжээнд жолооны сургалтын байгууллагуудад аттестатчлал явуулсан. Удахгүй дүн нь гарна. Зарим жолооны байгууллагууд подвалд үйл ажиллагаагаа явуулж байхад зарим нь дадлагын ганцхан машинтай байх гэхчлэн зөрчил илэрсэн.
Ингээд хяналт шалгалт хийгээд ирэхээр чанарын шаардлагыг хангахгүй байгууллагууд багасна. Илүү чанартай сургалт явуулах нөхцөл бүрдэнэ.
-Иргэд сургалтад суухдаа сургалтын байгууллагуудын чанартай эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Ц.Б: Иргэд сургалтын байгууллагыг сонгохдоо хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй
1. Тухайн сургалтын байгууллага хөтөлбөрөө Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвөөр баталгаажуулсан байна уу, үгүй юу.
2. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг дагаж мөрдөж байгаа эсэх
3. Олгож байгаа сертификат нь улсын нэгдсэн мэдээллийн санд ордог эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Манайхтай хамтран ажиллаж байгаа сургалтын байгууллагууд тухайн сургалтыг эхлэхээс 7 хоногийн өмнө суралцагчийн мэдээллийг өгдөг. Төгсөлт хийхээс 7 хоногийн өмнө дахин мэдээллийг баталгаажуулж үнэлгээгээ хийлгэдэг.
Чадамжийн гэрчилгээ, бусад бичиг баримт нь Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвд бүртгэлтэй болох уу гэдгийг анхаарах нь чухал.
-Чадамжийн гэрчилгээний талаар мэдээлэл өгнө үү?
Ц.Б: Чадамжийн гэрчилгээ нь 2017 оны 01 дүгээр сарын 25-нд ХНХЯ-ны сайд БСШУС-ын сайдын хамтарсан А11, А12 гэсэн шинэчлэгдсэн загвартай тушаалаар батлагдсан.
Уг шинэчлэгдсэн загвар ямар ач холбогдолтой вэ гэвэл тухайн иргэн ямар боловсрол эзэмшсэн, ямар чадамжийн нэгж эзэмшсэн гэх зэрэг мэдээллүүд агуулагдсан бөгөөд боловсролын бичиг баримт гэдэг утгаараа /Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар/ монгол бичгээр бичигдсэн байгаа.
Нэгдсэн мэдээллийн системд мөн бүртгэгдэх юм.
С.Л: QR кодтой уг кодыг тусгай скайнераар уншуулахад тухайн ажил горилогч Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв болон үнэлгээний багаар албан ёсны үнэлгээ хийлгэнэ. Үнэлгээний дүнг ажил олгогчид мэдэгддэг юм. Чадамжийн гэрчилгээ нь англи хэл дээр ч байгаа. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй болсон гэсэн үг юм.
-Чадамжийн гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримт болж чадах уу?
Ц.Б: Улс хооронд хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ олгодог байгууллагууд байдаг. Тэдэнтэй хамтран ажиллана гэсэн төвөвлөгөөтэй байгаа.
-Олон улсад ямар стандарттай байдаг вэ. Монгол Улсын Мэргэжлийн боловсролын чиг хандлага ямар түвшинд байгаа вэ?
Ц.Б: 1992 онд мэргэжлийн боловсролын салбар уналтад орж энэ нь 2008 он хүртэл үргэлжилсэн. 2008 оноос хойш олон улсын төсөл хөтөлбөрүүд орж ирсэн. Мөн бодлогын түвшинд шинэчлэлүүд хийгдсэн. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь том алхам болсон.
Ингэснээр сургуулиудын үйл ажиллагаа сэргэж, чанар сайжирч хүүхдүүдийн ур чадвар улам нэмэгдсэн. Монгол Улсын хэмжээнд манайд бүртгэлтэй 90 орчим сургалтын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 40,000 орчим оюутан тэнд суралцаж байна. Сүүлийн үед суралцагсадын тоо нэмэгдсээр байгаа.
Энэ жил БСШУСЯ дээд боловсролын босго оноог нэмсэн. Энэ ч утгаараа энэ салбарт элсэх хүүхдийн тоо нэмэгдэх байх.
С.Л: Сүүлийн үед өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ гэдэг нэр томъёо гарч ирсэн. Албан бус боловсрол, амьдрах орчноос чадамж эзэмшсэн иргэд байдаг. Гадаадад туслах ажилтан хийж байгаад мэргэжил эзэмшсэн байж болно. Эсвэл ээж аавыгаа дагаад тодорхой чиглэлд мэргэшсэн байж болно.
Гэвч Монголд ирээд хөдөлмөрийн зах зээлд орох гэхээр зөвхөн туслах ажилтны ажлын байр л тэдэнд олддог. Мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ, нотлох баримт байхгүй болохоор тэр. Үүнтэй уялдуулан Барилгачдын холбоо, GIZ буюу Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээг туршилтын журмаар хийсэн.
Энэ хэрэгцээ шаардлага ажил олгогчид ч байна, тухайн иргэнд ч бий. Бид бодлогын баримт бичгийг цэгцлээд цаашдаа үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Мэргэжлийн боловсрол эзэмшээд ажилд орлоо гэхэд ур чадвартай байхаас гадна аливаад хандах хандлага томоохон байр суурь эзэлж байх шиг байна?
С.Л: Ажил олгогчдод хамгийн их шаардлагатай байгаа зүйл гэвэл ур чадвар дээр нь хандлага гэсэн хоёр чухал чадамж байх хэрэгтэй. Чадамжийн үнэлгээ дотроо гурав хуваагддаг. Мэдлэг, ур чадвар, хандлага гэсэн гурван өгөгдлөөс бүрдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар хандлагыг үнэлэх боломжгүй байгаа. Цаашдаа үнэлж эхэлнэ. Зөв хандлагатай, зөв төлөвшилтэй, ажил тасалдаггүй, худлаа хэлдэггүй, үнэнчээр ажилладаг байх ёстой.
-Нийгмийн түншлэлийн талаар танай төв ямар байр суурьтай ажиллаж байна вэ?
Ц.Б: Нийгмийн түншлэлийн чиглэлээр манай байгууллага маш олон ажил хийж байгаа. Ажил олгогч нь мэргэжилтэй, ур чадвартай хүнийг авахын тулд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийдэг байх ёстой.
Ажил олгогч болон мэргэжлийн холбоод манай байгууллагатай холбогдож бодлогын түвшинд хамтарч ажилламаар байгаа юм. Тухайлбал, суралцагчдад хэрэг болох үүднээс ажилтан мастеруудаа лавлах дээр суулгах, тоног төхөөрөмжөөр хангах гэх мэтчилэн практик ажилд дадлагажуулах зэрэгт хамтран ажиллаж болно.
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ дээд боловсролтой болгох талд ихээхэн анхаардаг. Гэхдээ үүний үр дүн ямар байгааг 20 жилийн түүх харуулж байна. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр ямар давуу талтай болох вэ?
УБ: Мэргэжилтэй ажилтан болсноор нэгдүгээрт, ажлын байр бэлэн. Хоёрдугаарт, тухайн мэргэжлийг доод түвшнээс дээд түвшин хүртэл эзэмших боломжтой болдог. Дээд боловсролтой олон ажилгүйчүүд байдаг.
С.Л: Өндөр хөгжилтэй орнуудад боловсрол 70/30 харьцаатай байдаг. Өөрөөр хэлбэл баялаг бүтээх салбарынхан 30, Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүмүүс нь 70 хувь байх ёстой. Гэтэл Монголд эсрэгээрээ байгаа дүр зураг харагдаж байна. Үйлдвэр хөгжихгүй, үйлчилгээ дээшлэхгүй, ажлын байр олдохгүй зэрэг асуудал нь бүгд мэргэжлийн боловсрол эзэмшигчийн тоо бага байгаатай холбоотой.
-Ярилцсанд баярлалаа.