
Монгол наадмын өвөрмөц нэгэн шигтгээ бол Хүй долоон худагт болдог соёлын наадам. Уг наадмыг Монголын үндэсний уламжлалт өв соёлын талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор “Сэрсэн тал” нэрийн дор 2008 оноос зохион байгуулж ирсэн. Энэ жилээс агуулгын хувьд баяжуулж, нэрийг нь “Соёлын наадам” гэх болсон бөгөөд хот айлын хэлбэрээр зохиомжилж буй ажээ. Хот айлын нэр нь “Монголын нэг өдөр”. Санаачлагч, зохион байгуулагч байгууллагуудын нэг СУИС-ийн Уран бүтээлийн газрын дарга Б.Болормаагаас дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
06.00 цагт Монголын радиогийн дохио хөгжим дуугарахад эхэлсэн “Монголын нэг өдөр” хот айлын амьдрал 23.00 цагт Төрийн дуулал эгшиглэх хүртэл хэрхэн өрнөхийг дөрвөн хүүхэдтэй малчин айлын өдөр тутмын амьдралыг урлагийн тоглолт, соёлын үзүүлбэрүүдтэй уялдуулан харуулах нь энэ удаагийн онцлог аж.
Хот айл дотроо хотхонуудтай. Орчин үеийн урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал, төрөл бүрийн инстоляц багтаасан “Сэрсэн тал” хотхон байх юм байна. Нүүдэлчдийн “Талын монгол” хэмээх хотхонтой. Энд наадамчид ардын аман зохиол, ардын урлагийн тайлбарт үзүүлбэрүүдтэй танилцаж болно.
Шагай болон нум, сум харваа, тэр бүү хэл, аргал түүх үзүүлбэр ч байх аж. Хүүхдэд зориулсан “Хүүхэд бидний ирээдүй” хотхонд наадамчин жаалууд оньсон тоглоомоор наадаж, зургийн уралдаанд оролцож, зугаатай нүүр будалт зэрэг олон төрлөөр үйлчлүүлж болох нь. “Монгол наадам” хэмээх соёлын хотхонд цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүний худалдаатай. Мөн шинэ баримлууд бүхий инстоляцаар хотхоны өнгө аясыг тодотгоно. Сургуультай морьдын “Морьтон монгол” үзүүлбэр ч байх гэнэ.
Соёлын наадмын урлагийн тоглолтын тайзыг өөрчилсөн байна. Өмнө нь задгай талбайд дөрвөлжилж, өөрөөр хэлбэл, театрын тайз хэлбэртэй зассан тайзан дээр урлагийн тоглолт болдог байсан. Тэгвэл энэ удаа тайзаа монгол гэрийн доторх хэлбэртэй болгожээ. Өдрийн аль үеийн үйл явдлыг харуулахаас хамаараад тайз буюу гэрийг эргүүлж болохоор хийсэн нь сонирхолтой.
Хот айлын анхаарал татах элемент нь дээр хэлсэнчлэн дөрвөн хүүхэдтэй айл. Жаалууд нь хээр тоглож яваад “Ийм юм оллоо” гэсээр авчирсан зүйл нь байгалийн, эсвэл эхийн мэт зөөлөн авиа гаргадаг хөгжмийн зэмсэг байх аж. Тэр нь лимбэ мэт тоглох атлаа хэлбэр хийц нь ондоо хурган чих хэмээх хөгжим.
Хүүхдүүд түүнийг үлээж, сурч, янз бүрийн дуунууд тоглох гэж оролдох аж. Сонирхолтой нь, энэ нь бодит айл байх юм байна. СУИС-ийн уртын дууны багш, тэнхимийн эрхлэгч, Гавьяат жүжигчин Чулуунцэцэг багшийн ач, зээ нарыг аав, ээжтэй нь уг наадмын гол “бай” байхаар бэлдүүлжээ.
Чулуунцэцэг багш хүүхдүүдээ монголжуу хувцаслаж, монгол ёс заншил, мэдлэгээ өвлүүлэн үлдээхийн төлөө сэтгэлтэй, үйлдлээрээ харуулдаг үлгэрлэн дуурайх сурган хүмүүжүүлэгч, эх хүн учир сонгосон хэмээн Б.Болормаа дарга ярьж байна. “Өнөр бүл” киноны Цэрмаа гэхээр түүнийг хүмүүс мэднэ дээ” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Урлагийн тоглолтоор сүүлийн хэдэн арван жилд Монголд дуулаагүй, эртний монгол дуунуудаас хүргэхээрээ онцлог. Шведийн угсаатны музейгээс манай улсад илгээсэн, мартагдсан, ховор монгол дуунуудыг Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын баг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бичлэгээс нь сонсож, ноотолж, сэргээн тоглож цомог болгосон. Тэр дуунуудаас энэ удаа дуулах юм байна.
“Соёлын наадам”-ыг БНСУ-ын МЕТАА олон улсын байгууллага болон СУИС санаачилж, МУЗ-тэй хамтран зохион байгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд МЕТАА оролцохгүй байгаа. Харин СУИС, МУЗ-ийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр, наадмаа агуулгын хувьд баяжуулсаар иржээ.
Соёлын наадам эдүгээ үндэсний баяр наадмын төв комиссын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болсон бөгөөд “Монгол наадам” цогцолбор хамтран ажиллаж буй. Энэ удаа уг “Соёлын наадам”-ыг “Рио тинто” групп ивээн тэтгэж, Хаан банк, Чингэлтэй дүүрэг дэмжиж буй ажээ.