Манай улсын мал аж, ахуйн салбарт элдэв янзын өвчин “заналхийлж” буй. ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгээс өвчлөлүүдийг цаг алдалгүй оношлох шинэ бүтээл гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. Энэ талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул, генетикийн лабораторийн эрхлэгч П.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр адууны нийлүүлгийн өвчнийг оношлох тест зохион бүтээсэн юм.
-Адууны нийлүүлгийн өвчин ямар хор хөнөөлтэй вэ?
-Эгэл биетнээр үүсгэгддэг өвчин. Нийлүүлэг, ахуйн замаар халдварладаг эл өвчин сүүлийн үед манай улсад их дэлгэрч байгаа. Уг өвчнийг үүсгэгч адуунаас бусад малд ч байдаг. Бидний гаргасан оношилгооны тестийг зөвхөн адууны нийлүүлгийн өвчинд хэрэглэх боломжтой.
Учир нь амьтдад өөр, өөр шинж чанартай үүсгэгчүүд бий. Азарга халдвартай байвал нийлүүлэгт орж буй гүүнд халдвар дамжуулж, тухайн гүү нь цааш дамжуулан халдварлуулдаг. Нэг сүрэгт нэг азарга байдаг учраас энэ нь тухайн сүргийн бүх гүү халдвар авах эрсдэлтэй. Цаашлаад халдвар авсан гүү хээл хаях, амьгүй төл гаргах, эсвэл огт хээл авахгүй, сувайрах, азарганы төмсөг хавдах, арьсаар нь зоосон мөнгөний хэмжээтэй хавдар туурах гэх мэт сөрөг нөлөөтэй.
Мөн турж эцэх, мэдрэлийн хэв шинж алдагдах шинж тэмдэг илэрдэг. Халдварын эхний шатанд амархан эмчлэх боломжтой учраас манай лабораторийнхон оношилгооны тест гарган, ашиглаж эхэлсэн. Харин өвчний гурав, дөрөвдүгээр шатанд орсон тохиолдолд адууг нядлахаас өөр аргагүй. Тиймээс халдварын эхний шатанд түргэн оношилгооны тестээр илрүүлчихвэл цаг алдалгүй эмчлэх боломжтой.
Бид эмчилсэн адуундаа хяналт тавьдаг. Үүний үр дүнд хэд хэдэн азарга эдгэрч, хээлтсэн гүү ч бий. Тиймээс эхний шатанд оношлох нь хамгийн чухал. Дэлхийн, мал амьтны эрүүл мэндийн байгууллагын дүрэмд уг өвчин оношлогдсон л бол устгах заалттай. Гэвч энэ нь тухайн хүний хувийн өмч учраас өвчний эхний шинжүүд илэрсэн тохиолдолд устгаж чадахгүй шүү дээ.
-Оношлуурыг хэр хугацаанд судалж, гаргасан бэ?
-Манай хүрээлэн болон лаборатори Япон улстай хамтарч ажилладаг. Тус улсад судалгаа хийж, төгсөж ирсэн судлаачдын бүтээлийг 2014 оноос Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-гийн хамтарсан төслийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард оношлуураа гаргаж, стандартыг нь батлуулсан.
Одоо Малын эм шалгах, баталгаажуулах улсын лабораторид шалгуулна. Үүний дараа худалдах боломж бүрдэх юм. Гэхдээ хуулийн дагуу гар дамжуулан худалдахгүй, зөвхөн байгууллага хооронд хийсэн гэрээний дагуу борлуулна. Мөн хяналтын цэгүүд мал амьдаар нь оруулж ирэхдээ манай оношлуурыг ашиглах боломжтой. Ганц өвчнийг ч эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авах боломжтой.
-Адууны нийлүүлгийн өвчин манай улсын нийт адууны хэдэн хувьд нь илэрдэг юм бол?
-Манай судлаачид Монгол орны бүх аймаг, сумыг хамруулан, түүврийн аргаар 4000 гаруй адуунаас дээж авч, судалгаа хийсэн. Үүний үр дүнд таван хувьтай гарсан. Гэхдээ нийлүүлгийн өвчин зөвхөн азарга, гүүнд дамжин халдварладаг. Бид уг судалгаагаар ганц нийлүүлгийн өвчин биш, бусад өвчлөлийн тархалтыг судалсан учраас морь, гүү, азарга гэж ялгалгүй оношилсон тул өвчлөлийн хувь бага гарсан байх.
Харин малын эмч нар болон иргэдийн хүсэлтийн дагуу ирсэн мэдээллээс харахад 40-50 хувьтай байдаг. Халдвар тархаад байгаа шалтгаан нь хурдан морины бизнес “цэцэглэж” буйтай холбоотой. Хурдан удмын азарганаас төл авах нэрээр ямар ч хяналтгүйгээр гүүтэйгээ нийлүүлдэг. Энэ нь нийлүүлэгт оруулах гэж байгаа гүү болон азарганд уг өвчний шинж тэмдэг бий, эсэхийг нь шалгалгүйгээр тархалтыг даамжруулах үндэс болж байгаа юм.
Манай улс 1992 оноос уг өвчнийг оношилж эхэлсэн байдаг. Анх оношлохдоо гадаад адуунаас халдвар авсан гэж үзсэн. Гадаад адуу бол монгол адуунаас мэдрэмтгий, тэсвэр муутай, шинж тэмдэг илрэх нь хурдан юм билээ. Харин монгол адуунд шинж тэмдэг илрэх нь удаан, дархлаа сайтай учраас биедээ удаан тээдэг.
-Өмнө нь хэрхэн оношилдог байсан бэ?
-2000 оны үеэс Мал эмнэлгийн төв лабораторид Шведээс наалдуулах урвалын тест оруулж ирдэг болсон. Манай тест бол зөвхөн адууны нийлүүлгийн өвчнийг л оношилдог. Энэ нь мэдрэгч өндөртэй, алдах боломжгүйгээрээ давуу талтай. Түүнчлэн гадаадаас худалдаж авдаг тест байнга бэлэн байдаггүй, захиалдаг юм билээ.
Тиймээс орон нутгаас шинжилгээ хийлгэх хүсэлт ихээр ирдэг байсан. Одоо оношлуураа өөрсдөө гаргаад авчихаар сум, багийн эмч нар шуурхай оношлох боломжтой. Үүнийг дагаад хугацаа алдахгүй эмчлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Үнийн хувьд Шведээс худалдаж авч байгаагаас ялгаагүй.
Энэ оношлуур нь адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсгийг ашиглан адуунд байгаа эсрэг биеийг илрүүлэх зарчмаар бүтээсэн биотехнологийн бүтээгдэхүүн юм. Энгийнээр хэлэхэд жирэмсний тестээс ялгаагүй. Адуунаас авсан цусаа тест дээр дусаагаад 30 минутын дотор хариу нь гардаг.
Бид сав, баглаа, боодлоо дотоодоос авах боломжгүй учраас бүгдийг нь БНХАУ-аас авч буй. Тиймээс өртөг шингэсэн байж магадгүй. Одоогоор Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-гийн хамтарсан төслөөр хийж буй учир Засгийн газарт нийлүүлэх гэж 4600 төгрөгийн үнэ батлуулсан. Цаашид үүн дээрээ суурилж дараа, дараагийн өвчний оношлуур гаргаж авахаар судалж байна.
-Тестээр өвчин илрэхгүй байх магадлал бий юү?
-Зарим тохиолдолд илрэхгүй байх магадлалтай. Нэгдүгээрт, малчид өвчний шинж тэмдэг илрэнгүүт өөрсдөө дур мэдэн тааж, ямар ч хамаагүй эмчилгээ хийдэг. Ийм үед илрэхгүй байх боломжтой.
Хоёрдугаарт, ханиад, томуу гэх мэт вирусийн гаралтай өвчинтэй хавсарсан тохиолдолд илэрдэггүй. Учир нь дархлааны систем өөр хүчин зүйлд нөлөөлдөг.
-Хэр аюултай өвчин бэ?
-Малын бусад өвчин, өөрөөр хэлбэл, малаас мал болон хүнд халдварладаггүй учраас тийм ч аюултай биш. Гэхдээ адууны цөм сүрэгт аюул дагуулах тул заавал мэдээлж байх өвчний жагсаалтад багтсан байдаг.
-Энэ төрлийн оношлуурыг ямар, ямар өвчинд зориулж үйлдвэрлэх боломжтой вэ?
-Ер нь бүх л өвчинд ийм оношлуур хийж болно. Гэхдээ бидний нөөц бололцоо, төсвөөс шалтгаалдаг учраас түүнд тааруулж л хийж байна. Одоогоор бид адууны хачгийн халуун өвчний оношлуурыг хийхээр судалж буй. Учир нь хачгийн халуун нь адууны нийлүүлгийн өвчнөөс тархалтын хувьд илүү өндөр. Нийт адуун сүргийн 33 хувийг эзэлдэг. Зарим аймагт 60-70 хувьд хүрдэг.
Манай улсад таван төрлийн 17 зүйлийн хачиг бий. Газар нутгаасаа хамаарч өөр өөр төрөл, зүйлийнх байдаг. Нийт нутгийг хамардгийг нь бэлчээрийн, ойн хачиг, говийнх гэх мэт нэрлэдэг. Өвөл идэвхгүй болж ичсэн хачиг дулаан болж, газар дэлхий чийгтэж, амьдрах тохироо нь бүрдэх үед амь орно. Үүнийг монголчууд хачиг унах үе гэж нэрлэдэг.
Хавар гурав, дөрөвдүгээр сард хачиг унах үе болон унасны дараа хачигтсан адуу өндөр халуурч, цусаар шээж, цус нь багаддаг. Энэ нь ганц адуунд ч биш, бүх малд адилхан илэрнэ. Яагаад цус нь багадаж, халуурдаг вэ гэвэл хачгийн халуун өвчин үүсгэгч нь хүн мал, амьтанд хүчилтөрөгч дамжуулах үүрэгтэй цусны улаан эсэд шимэгчилдэг.
Мөн тухайн шимэгч нь улаан эсийг задалдаг учраас мал цустай шээх шинж тэмдэг илэрдэг. Харин бог малын улаан бус цагаан эсэнд шимэгчилнэ. Хачгийн халуун өвчин нь мөн цусаар дамжин халдварлах боломжтой. Учир нь энэ өвчин туссан амьтанд тариа хийж, нөгөөд нь дамжуулахдаа тариурын зүүг солиогүйгээс халдвар дамжих магадлалтай.
-Хачгийн халуун өвчний хор хөнөөл нь юу вэ. Эл өвчний улмаас монгол малын арьс ашиглах аргагүй болтлоо цоордог гэдэг.
-Тийм. Уг өвчний гол хор хөнөөл нь мал, амьтны арьсыг үнэгүйдүүлдэг. Эл асуудал сүүлийн үед улсын хэмжээнд яригдах боллоо. Уг нь монгол малын арьсны чанар бусад орныхоос илүү зузаан, сайн гэж үнэлэгддэг. Гэвч гэмтэл ихтэй. Улсын хэмжээнд авч буй ганц арга хэмжээ нь угаалгад оруулах. Одоо ч гэсэн мал угааж байна.
Энэ нь намар унах хачгаас л хамгаалж буй хэрэг. Хавар хачиг унахаас өмнө оруулбал бүгд осгох аюултай. Тиймээс манай хүрээлэнгээс хачгаас хамгаалах тосон түрхлэг үйлдвэрлэсэн. Тус бүтээгдэхүүн нь ширх, шалз, ялаа, шумуул, хачиг гээд бүгдээс нь хамгаална.
Бага хэмжээгээр малын шилэн хүзүүнээс, зоо нуруу дагуулан амьдын жинд тохируулсан тунгаар 10, 10 см-ийн зайтай дусааж хэрэглэдэг. Ингэснээр малын мах, сүү нь хүний хэрэгцээнд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй.
-Та энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Грант” шагналын эзэн болсон. Эл бүтээлээрээ хүртсэн үү?
-Сайдын судалгааны “Грант”-ыг анх адууны хачгийн халуун өвчний эсрэг үйлчилгээтэй эмийн бүтээлээрээ авч байсан. Мөн хачгаас урьдчилан сэргийлэх тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээ өмнө нь дурдсан. Тэр бүтээлээрээ энэ жилийн “Грант”-ыг авлаа. Бүтээлүүд минь малын эмч нарын байнгын хэрэглээ болж чадсан. Манай лаборатори байгуулагдаад 10 жил болж байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамгийн отгон лаборатори. Би 2004 онд ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөж, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Халдварт өвчин, микробиологийн тэнхимд туслах багшаар гурван жил ажилласан. Энэ лаборатори байгуулагдаад нэг жил болсон цагаас нь ажилласан юм.
Докторын ажлаа хачгийн халуун өвчин, түүнийг эмчлэх эмийн судалгаагаар хамгаалж, түүгээрээ эмийн бүтээгдэхүүн гаргаж авсан нь сайдын нэрэмжит “Грант” шагналыг надад авчирлаа.