“Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ. Тус үзэсгэлэнд нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эд өлгий, эзэнт гүрнүүдийн соёлыг төлөөлөх 533 ширхэг үнэт үзмэр соёлын өв багтсан. Энэхүү үзмэрүүд дээр тулгуурлан Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног” арга хэмжээ болсон бөгөөд 60 гаруй мянган иргэн үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд гардуулан өгөв.
БНСУ-ын Үндэсний музейн захирал Пэ Ги Дун сэтгэгдлээсээ хуваалцахдаа " Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосон бид их талархаж байна. Харин надад хамгийн сонирхолтой санагдсан олдвор бол булшин дахь хаад хатдын өмсгөл зүүлт байлаа. Монгол оронд түүхийн томоохон үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно" гэв.
Үзмэрийн хадгалалт хамгаалт сул байдаг манай орон цаашид энэ тал дээрээ хэрхэн анхаарах төлөвтэй байгаа талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунаас тодрууллаа.
-Солонгосчууд бидний асуудалтай байгаа зүйлийг олж харан үзмэрийн хадгалалт хамгаалалтыг хангахуйц бэлэг бэлджээ. Тэгвэл бид ер нь хадгалалт хамгаалалт сайжруулах тал дээр цаашид хэрхэн анхаарах вэ?
-Монголд хадгалалт хамгаалалтын тал дээр асуудал их байгаа. Бид Монголын Археологийн Үндэсний музей байгуулах ажлыг хөөцөлдөж байгаа. Шинэ нисэхээс Улаанбаатар явах замд газрын асуудлаа шийдсэн. Хэрэв музей маань байгуулагдчихвал одоо тулгараад байгаа асуудлууд шийдэгдэнэ. Өнөөдөр Монгол улс шиг подволд соёлын үнэтэй дурсгалуудаа хадгалаад байж байдаг улс байхгүй. Үүнийг маань ч соргогоор мэдэрч шилэн хорго болон бусад дагалдах хэрэгслийг бидэнд өгсөн байна. Энэ удаад бид дэлхийн стандартад нийцсэн музейн орчинд үзмэрүүдээ заллаа. Үзэсгэлэнд орсон үзмэрүүдийн бактери устгах, сав суулганд хадгалах тэр бүх нөхцлийг хангаж ажилласан. Ер нь үзэсгэлэн гаргана гэдэг чухал. Монгол Улсыг сурталчилж, соёлыг түгээхээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр их.
Монголчууд соёлын өвөө хадгалах хамгаалах асуудал дээр төр засгаас хэсэгчилсэн биш цогц арга хэмжээ авах ёстой.
-Хар муу саналаа гэхээсээ илүү эргэлзээ арилгах зорилгоор нэг асуулт асууя. Үнэтэй цайтай үзмэрүүдийг маань сольчихоогүй гэдэгт бид хэрхэн итгэх вэ? Хэрхэн шалгаж авдаг талаар мэдээлэл өгөөч?
-Бүгд стандартын хэмжил зүйтэй, хяналтын дор явдаг. Жин, төрх байдлыг нарийн тодорхойлох бол зайлшгүй хийдэг. Эхнээс нь эцсийг хүртэл шалгаж авдаг хяналтын хүмүүс байгаа. Гэхдээ бид нэг юманд итгэх хэрэгтэй. Солонгосын талаас солих холин асуудал байхгүй гэдэг дээр баталгаа гаргаж өгдөг. Үүнээс гадна манай дурсгалаас гадна тэдний нэр хүнд байгаа. Бид нарийн нандин юмаа "Барьцгүй" улс оронд өгөөд явуулна гэж байхгүй. Ер нь дурсгалаа яачих вий гэж санаа зовж байгаа бол Солонгосчуудаас биш монголчуудаасаа л айх хэрэгтэй. Хорин жилийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаатай учир бид итгэдэг юм.
-Нэр хүндийн асуудал болохоор солихгүй гэж найддаг юм байж. Хэрвээ ямарваа нэгэн байдлаар солигдсон байвал гэрээн дээрээ бид юу гэж тусгасан байдаг юм бол?
-Ширхэг хадаас ч алга болохгүй. Би үүнийг баталж байна. Хэрвээ алга болдог юм бол 100 хувь нөхөн төлүүлнэ. Дайнтай байгаа Афганистан 49 газар цогц үзэсгэнэлгээ явуулж байна. Монгол 2012 оноос хойш нэг ч үзэсгэлэн гаргаагүй. Бид өмнөө барих ганцхан зүйлтэй ард түмэн гэж боддог. Энэ бол соёл. Тиймээс асар болгоомжтой, хүндэтгэлтэй, төр засгийн хувьд нэгдсэн нэг бодлоготой улс төржихгүй хандах хэрэгтэй. Энэ бол итгэлцэл дээр явах ёстой үнэт зүйл юм.