Монгол, Өвөрмонголын жүжигчдийн тоглосон “Аравт” уран сайхны кинонд гардаг шиг 10 цэрэг уул ус, хангай говь, хээрийн бүсээр аялан удирдлагынхаа өгсөн даалгаврыг биелүүлэхээр аялж явна. Гэхдээ тэд нум саадаг агсаж, махир сэлэм зүүгээгүй. Морин цэргүүд орчин үеийн буу, сум, агсамж, хүнс гээд хүн нэг бүрийн бүх л зүйлсээ агссан дайчид тасаг, тасгаараа жигдрэн замд гарчээ. Тэд эхний даалгавар болох 1.2 гүн усан саадыг туулахдаа цэргийн толгойн сэргийлэх болон хоёр морьтон эхэлж Туул голоор гараад эргийн цаад талыг хамгаалан, үндсэн бүрэлдэхүүнээ усаар гаргав. Наймуулаа нөгөө эрэгт гарсан цэргүүд хамгаалалтад үлдсэн хоёроо гаргахад орчин тойрноо харуулдсаар аравт бүрдэн замаа цааш үргэлжлүүлсэн юм.
Энэ бол “Монгол аравт” хэмээх морин цэргийн дайчдын ур чадвар, авхаалж самбаа, хүлэг мориных нь шандсыг сорьсон тэмцээний эхний даалгавар. Зэвсэгт хүчний морьт дивизионтой ангиудаас шалгарсан гурван тасаг буюу аравтууд 140-өөд км зам туулж, алсын зайн даалгавраа гүйцэтгэсэн юм. Удаах даалгавар нь морь бугуйлдаж, унаагаа сэлгэх, түүнээс цааш явсаар Хустайн нурууны өндөр уулсыг давж, гурав дахь даалгавартаа хүрлээ. Өндөр уул давах гэж морь ч, хүн ч нэлээд ядарцгааж, хоноглох газар болох Молцог элсэнд ирсэн. Энд ирээд бас л тусгай даалгавар биелүүлж, хээр нуусан хоол хүнс, майхан, жодгор олсон юм. Тэндээ хооллож, морь, биеийг амраахдаа мөн л цэргийн ёсоор хоёр хоёроороо харуулд гарсан.
Өглөө болоход амарч, хүч сэлбэсэн цэргүүд дараагийнхаа даалгаврыг биелүүлэхээр мордоцгоов. Энэ нь үлдсэн 50-иад км замын хугасаас илүүг туулж, шархтан болон сум, галт хэрэгсэл зөөх байлаа. Өгөгдсөн даалгавраа биелүүлээд нэг цагийн хугацаанд амраад, үлдсэн 19 км замаа туулж дуусгасан юм.
Ийнхүү аялан яваа цэргүүдийн хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл, агсамж, дуулга нь нийлээд 40-өөд кг, байлдагч өөрөө дунджаар 60-70 кг жинтэй гээд тооцохоор жижиг биетэй ч монгол морины хүч чадал ямар гайхамшигтай вэ. Шархтан, сум галт хэрэгсэл зөөх даалгавар биелүүлэхдээ мориндоо ганзагалсан богцоо буулгаж, цэргүүд агсамжаа ч тайлалгүй тус бүр нь 20-30 кг татах гурван хайрцагтай сумыг унаандаа дүүрээд зөөхөд морьд төдийлөн хүч тарамдсангүй.
Манай БХЯ, ЗХЖШ-аас санаачлан зохион байгуулж буй “Морин аравт” уралдааны эхний хэсэг нь энэ байв. Дараа нь тэд Тавантолгойн Сургалт, бэлтгэлийн төвдөө морин дээрээс болон нуувчнаас гранат шидэх, буудах гээд цэргүүдийн биелүүлэх ёстой нормативыг богино зайд гүйцэтгэнэ.
Дэлхийн дайдыг морины хүч, эрэмгий зориг, цэргийн нарийн ухаанаар эзэлж явсан монголчууд XX зууны дунд үеэс морио армидаа төдийлөн хэрэглэхээ больсон билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчинд тэртээ 1932 онд анх морин цэргийн дүрэм гэж баталсан бөгөөд түүнээс хойш Ардын армийн хөгжлийн явцад адуу цэргийн уналгаас хасагдаж, мотомеханикжуулсан бригад, дивиз болж орчин үеийн зэвсэглэлд шилжсэн түүхтэй. Өдгөө манай Зэвсэгт хүчин Торгон цэргүүд л морь унаж буйгаас биш, бусад төрөл мэргэжлийн ангиудад алба хаагчид адуугаа хэрхэн маллаж, харилцахаа мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Морин аравт” жилээс жилд алсарч байгаа уламжлал, түүх соёлоо сэргээхэд багагүй ач холбогдолтой тэмцээн болж байгааг ЗХЖШ-ын орлогч дарга, тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Ж.Бадамбазар онцолсон.
Манай БХЯ, ЗХЖШ-ынхны ирээдүйн зорилт бол “Морин аравт”-аа олон улсын цэргийн наадамд нэг төрөл болгож оруулах гэнэ. Саналаа Москвад уламжилсан бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу энэ намар манай улсад айлчлахдаа хариу өгөх сурагтай. Зэвсэгт хүчиндээ морин ангитай арми ОХУ, БНХАУ, Казахстан, Энэтхэг зэрэг оронд байдаг аж. Сүүлийн үед энхийг сахиулах ажиллагааны жижиг бүлгийн эргүүлд морьт цэргүүд үүрэг гүйцэтгэх болсон.
