“Монгол Алт” компанийн захирал Б.Нямтайширын мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг гэнэ. НАХЯ-ны Уул уурхай хариуцсан тасагт ажиллаж байсан тэрбээр газрын баялгийн талаар арван хуруу шигээ сайн мэддэг. Түүнийг тагнуулын албанд ажиллаж байсан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, итгэлтэй зөвлөхөө болгосон гэлцдэг юм билээ. Хэдэн жилийн өмнө Ховд аймгийн Хар ус нуурын ойролцоох ойн цоорхойд тэрбээр ангийн отог байгуулжээ.
Ангийн отог нь бартаа ихтэй, онгон дагшин газар тул нисдэг тэрэг, эсвэл мориор очих боломжтой гэнэ. Ан авд хорхойтой энэ нууцлагдмал сүйхээтэй, сэргэлэн эрхмийн хэн ч ойртож зүрхлэдэггүй зэлүүд байгальд ховор ан амьтан их байдаг гэнэ.
Түүний байгуулсан отог ангийн гэх нэртэй боловч орчин үеийн дээд зэрэглэлийн орд, харшаас дутахааргүй сүндэрлүүлж чаджээ. Бүхнийг цогцлоосон тэрхүү отогт монголын баячууд төдийгүй гадаадын тэрбумтанууд хөл тавих дуртай аж.
Тэрбээр өнгөрсөн жил охиныхоо хуримыг алдартай ангийнхаа отогт хийж, зочдыг угтсан хүлээн авалт, үдэлт нь тэнд уригдсан олны нүдийг орой дээр нь гартал алмайруулжээ.
Нисдэг тэрэг хөлслөхөд нэг цаг нь 15 мянган доллар. “Нууц ноёнтон”-ы отогт зочилсон хэтэвч зузаантай баячуудын хувьд энэ зэргийн мөнгө зарцуулах нь юу ч биш байсан бололтой.