Хууль ёсны эхнэрээсээ гадна залуухан, нууц амрагтай болсон эр араасаа байнга хэл ам дагуулдаг зовлонт амьдралыг туулах нь бий. Хоёр эхнэрийн дунд хавчуулагдсан түүнд гэр бүлээ аварч үлдэх үү эсвэл шинэ амьдралд дахин хөл тавих уу гэдэг томоохон асуудалтай тулгардаг.
Хуучин эхнэр
Одоогийн эхнэр эр нөхөрт чинь хамгийн чухал хүн тул ухаалаг алхам хийх хэрэгтэй. Хэдийгээр тэрбээр шинэ амьдрал зохиосон ч бүсгүй та түүний анхны хань, үр хүүхдүүдийнх нь ээжийн хувьд хүндтэй байр суурийг эзэлсэн хэвээр байх болно. Тиймээс шинэ эхнэрээс хэрүүлийн үг өдөж, аяга таваг хагалан, шуугиан дэгдээх хэрэггүй. Тусламж шаардлагатай болсон үед жагсаалт гаргаж, нөхөртөө танилцуул.
Хүүхдүүдийнхээ дэргэд нөхрөө муулж, буруу ойлголт төрүүлэхгүй байхыг аль болох хичээгээрэй. Өөрт тань гэнэтийн гэмээр үйл явдал тулгараагүй бол нөхрийнхөө ажил, гэр рүү бус гар утас руу залгаж байсан нь дээр. Хэрвээ нөхрийн чинь шинэ эхнэр тантай найрсаг харилцаа тогтоох хүсэлгүй байвал харилцах хэрэггүй. Танд тэрбээр сайн байх албагүй шүү дээ.
Түүнд нөхрийнхөө зан чанар, бэлгийн харилцааны тухай ярьж огт болохгүй. Хүүхдүүдээ нөхрийнхөө хүссэн үед нь уулзуулж, ойр дотно байлга. Нөхцөл байдалд ул суурьтай, хүлээцтэй хандаж, нөхрийгөө шийдвэр гаргатал амьдралаа шинээр эхлэх гэж яарах хэрэггүй. Хойд эцэг хүүхдүүдэд чинь хэрхэн хандаж болохыг, хүүхдүүдийн чинь сэтгэлзүй шинэ нөхрийг тань яаж хүлээж авахыг сайтар бод.
Шинэ эхнэр
Хэрэв нөхрөө өөрт минь анхаарал тавьж, цагийг үр бүтээлтэй хамтдаа өнгөрүүлээсэй гэж хүсэж байгаа бол эхнэр, хүүхдүүдтэй нь эвтэй, найрсаг харилцах хэрэгтэй. Гэхдээ дүр үзүүлэх хэрэггүй, жинхэнэсээ найзла. Тэгвэл нөхөр чинь хааяа ч гэсэн тантай хамт цагийг өнгөрөөнө. Нөхрийнхөө ярианаас хуучин эхнэр ямар хүн байв, салах шалтаг хэнд нь илүү байсан бэ гэдгийг бага багаар мэдэхийг оролд. Хуучин эхнэртэй нь уулзахыг хүсвэл нөхрөөрөө дамжуулахгүйгээр ярилцаад үз.
Эмэгтэйчүүд нэг нэгнээ эрчүүдээс илүү сайн ойлгодог. Ярилцаж байхдаа ямар зан араншинтай хүн бэ гэдгийг мэдэж ав. Дараа нь дүгнэлт хийхэд амар хялбар байх болно. Нөхөр чинь хуучин гэр бүлдээ хааяа чөлөөт цагаа зориулахыг хүссэн санал тавибал битгий татгалз.
Түүнд үр хүүхэд нь юу юунаас илүү эрхэм, үр хүүхдэд нь эцгийн хайр халамж үгүйлэгдэж байгаа гэдгийг сайн бод. Та сонирхдог хообитой бол түүнийгээ хөгжүүлж, цаг хугацааг өөртөө ашигтайгаар эргүүл. Завтай үедээ найз нөхөд, хамаатан саднаараа зочил. Тэдэнд өөрийгөө гэр бүлтэй хүнд дурласан азгүйн эмэгтэй гэх сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хичээгээрэй.
Эр нөхөр
Эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэдний ярьж буй зүйлийг сэтгэл догдлолоос нь ялгаж, салгаж сур. Дараа нь өөрийн үзэл бодлыг хэлж, оновчтой шийдвэр гарга. Өөртөө шударгаар хоёр бүсгүйн хэнийг нь эрхэмлэдгээ хүлээ. Энэ нь маргаантай асуудалд цэг тавихад тусална.
Та нэгэнт ийм амьдралыг сонгосон болохоор хоёр эхнэрийн аль нэгэнд илүү амлалт өгөх гэж бүү яар. Тэдний хэлсэн бүхнийг биелүүлэх гэж гүйсээр эцэж ойчвол өөрөө л хохирно. Өөрийн боломжоо бодитоор тунгаа. Тиймээс аль алинд нь шаардсан зүйлийнх нь талыг өгч бай.