Монголын дүрслэх урлагийн хөгжилд авьяас, хөдөлмөрөө зориулан энэ салбарт залуу боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулж яваа Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал, зураач Л.Бумандорж, түүний гэргий, ДУДС-ийн монгол зургийн багш Ц.Нармандах, хүү Н.Амгаланбаатар нарын хамтарсан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм.
Удам залган дүрслэх урлагт хүчин зүтгэж яваа уран бүтээлчид үзэсгэлэнгээ “Гурван ертөнц” хэмээн нэрлэжээ. Тэднийг зөвхөн Монголд байдаг зүйлсийг уран бүтээлдээ тусгадаг хэмээн нөхөд нь онцолж байлаа. Учир нь зураач Л.Бумандорж нь зөвхөн эх орондоо л байх гэр хорооллыг бүтээлдээ буулгаж, Ц.Нармандах монгол зургийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа бол тэдний хүү Н.Амгаланбаатар “Их Монгол УлсЭзэнт гүрэн”, “Монгол угсаатны төрт улсууд” хэмээх 7х18 метрийн, 126 кв/м хэмжээтэй шилэн ингэмэл зургийг төрийн ёслол хүндэтгэ лийн өргөө цогцолборт бүтээн байрлуулсан аж.
Пүрэв гариг хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнд тэдний сүүлийн үеийн уран бүтээлийн ололт амжилтыг харуулсан уран зураг, монгол зураг, уран бичлэг зэрэг 100 гаруй бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд ихэнх бүтээлийнх нь анхны үзэгч болох завшаан уншигч та бүхэнд нээлттэй.
Ж.СОЛОНГО