Оросын алдарт дуучин Владимир Пресняков энэ жилийн тавдугаар сард Беларусийн дуучин Наталья Подольскаятай гэрлэсэн билээ. Оросын шоу бизнесийн хамгийн сайхан хосоор шалгарсан тэд бал сарын аяндаа гарахаар болжээ. Тэд Монголд аялан, морь унах хүсэлтэй байсан ч санаанд оромгүй саад учирсан байна.
Оросын нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа Владимир Пресняков “Хайрттайгаа би Монгол явахаар төлөвлөсөн юм. Морь унамаар санагдсан хэрэг. Харамсалтай нь тэд бидэнд виз өгөөгүй” гэж ярьсан байна. Ертөнцөд морьтой газар ганц Монгол биш хэмээн шийдсэн тэд төлөвлөгөөгөө өөрчилж, Якутскт амрахаар болжээ. В.Пресняков “Якутскт морь ч байгаа, хээр тал, буга гөрөөс ч байгаа. Тэгээд ч эх орон маань шүү дээ” гэжээ.
Владимир Пресняков Алла Пугачёвагийн охин Кристина Орбакайте, загвар зохион бүтээгч Лена Ленская нартай өмнө нь гэрлэж байсан бол Наталья анх удаа гэрлэсэн нь энэ. Харин манай элчингийхэн алдарт дуучинд яагаад виз өгөөгүй юм бол. Харлаад үлдэнэ гэж айв уу, эс бөгөөс таньсангүй юу? Уг нь В.Пресняков ирсэн бол түүнийг дагаад өчнөөн сэтгүүлч, сурвалжлагч дагаж ирэн хэдэн төгрөгнөөс гадна Монгол хайрт хосууд бал сараа өнгөрөөдөг газар болох ч байсан юм биш биз.
М.СУГАРАА