Байгалийн шинжлэх ухааны өсвөрийн сурагчдын олон улсын олимпиадад манай хүүхдүүд оролцохоор бэлтгэж байна. Африкийн Нигери улсад ирэх сарын 2-12-нд болох болох уг олимпиадад нийслэлийн нэгдүгээр сургууль, “Сант”, “Орчлон”, “Шинэ Монгол” сургуулийн аравдугаар ангийн зургаан хүүхдийг сонгожээ.
Биологи, физик, химийн хичээлд суурилж, бодлого бодох, шинжлэх ухааны туршилт хийж өрсөлддөг энэ олимпиадад манай хүүхдүүд амжилттай оролцож, 4-5 медаль тай ирдэг юм байна. Гэсэн ч энэ удаа санхүүгийн бэрхшээлтэй байгаа аж. Замын зардал нь 3700 доллар учир санхүүжүүлэх газар олдохгүй байгаа бололтой.
БСШУЯ-ны төсөвт олон улсын тэмцээн уралдааны зардалд зориулж 80 гаруй сая төгрөг суулгасан боловч энэ мөнгө нь оны эхний тэмцээнүүдэд оролцоход зарцуулагджээ. Олимпиадад оролцох хүүхдүүдийг МУИСийн Биофизикийн тэнхимийн багш, доктор, профессор С.Дамдинсүрэн удирдан явах төлөвлөгөөтэй.
Тэд энэ асуудлаа салбарын яамандаа тайлагнах бөгөөд хүүхдээ цөөлөөд ч болов оролцохыг хичээж байгаа аж.
Э.ЭНХ