Америк, Австрали, Франц, Швед гэсэн жагсаалт Монголоор үргэлжлэх нь. Энэ бол дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг “Космополитан” сэтгүүлийн хувилбарын жагсаалт. Сар бүр 120 сая бүсгүйчүүдийн гарт очдог уг сэтгүүлийн эрхийг авсан 61 дэх орон нь Монгол Улс бөгөөд 34 дэх хэлээр орчуулагдсан монгол хувилбар нь ирэх сарын 7,8-нд нээлтээ хийх гэж байна.
“Космо” гэх товчлолоор нь бүсгүйчүүд Никольтой, шилдэг эмэгтэй дижейтэй “Космо”-гийн нээлт анддаггүй уг сэтгүүлийн монгол хувилбарын анхны дугаар 180 хуудастай бөгөөд амжилт, гоо сайхан, харилцаа, хайр дурлал, бэлгийн амьдрал, загварын ертөнц гээд зургаан үндсэн төрлөөр зөвлөгөө өгөх юм. “Хирст” корпорациас эрхлэн гаргадаг уг сэтгүүлийн эрхийг “Ирмүүн” агентлаг авсан бөгөөд орчуулгын мэдээлэл монгол хувилбарын 70 хувийг эзэлнэ хэмээн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
“Космополитан” Монголд хөл тавьсны баярыг тус агентлагийнхан шоу тоглолт хэлбэрээр хийхээр зэхэж байгаа гэсэн. Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлийн нээлт тул дэлхийд данстай уран бүтээлчдийг ч урихаар товложээ. Түүнчлэн тус тоглолтод поп опера, этно, поп жааз, рок, R&B уран бүтээлчид оролцож, ардын урлагийн “Бөртэ” хамтлаг язгуур урлагийн гайхамшгийг харуулж, балет, танго, латин болон үндэсний бүжгийн үзүүлбэр, акробат, уран нугаралт, видео арт гээд урлагийн бүхий л төрлийн үзүүлбэр багтсанаараа онцлог.
“Өнгө алаглах” шоу тоглолт хоёр удаа болох бөгөөд урилгаар “Pussycatdolls” хамтлагийн дуучин Николь Шерзингер, Оросын контртенор Олег Безинских, дэлхийн шилдэг эмэгтэй дижей, Оросын алдарт “Тодес” хамтлаг болон Азийн дива хэмээгддэг дуучин Ч.Урнаа нар оролцоно.
О.УНДАРМАА