“Бурхан минь дайснаасаа би өөрийгөө аварч чадна, харин найз нөхдөөс минь намайг хамгаалж өгөөч” гэх дорнын хэлц үг бий. Эмэгтэйчүүд найз хүүхнүүдэдээ өөрсдийн хайр сэтгэл, зовлон жаргалаа ярьж хуваалцдаг. Тэдний дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй ч таны хувийн амьдрал, аз жаргалд чинь саад болохгүй байх нь чухал. Найз нөхөд үргэлж сайн сайхныг хүсдэггүй гэж сэтгэлзүйчид үздэг.
Хүүхнүүд голдуу атаархлаас болж нэгийнхээ амьдралын хэв маяг, эсвэл сонгосон залууг нь таашаадаггүй. Ганцаардал, уйтгар гунигаас айхдаа найз хүүхнээ дэмжихгүй байх нь бий. Өөрийнх нь хувийн амьдралд томоохон үйл явдал болоогүй байтал найз хүүхэн нь нэг л өдөр нөхөрт гарах, машинтай болох, байранд орох зэрэг өөрчлөлт гарахад сэтгэлзүйн хувьд таатай хүлээж авдаггүй.
Нөгөө талаар өөрөөс нь холдоод явчихна гэсэн хармын сэтгэл найз хүүхэнд чинь тушаа болж, таныг сайшаахгүй байх нь бий. Хэрэв найзууд чинь таны сонголтыг дэмжихгүй байвал өөрийн сэтгэл, мэдрэмжээ сонс. Найз нөхдийн оролцоо ихэсвэл та хариуцлагаас зайлсхийж байна гэсэн үг. Хэрэв сонгосон залуу чинь танд үнэхээр таалагдаж байвал бусдын үгийг заавал дагах шаардлагагүй шүү дээ. Найз хүүхэн чинь таны сонголтыг буруутгаж шүүмжилвэл “Би өөрөө хүсэж байгаа юм” гэж хэлээрэй. Өөр ямар нэгэн тайлбар хэрэггүй.
Бусдад хувийн амьдралаа хэт дэлгэх хэрэггүй
Амьдралын үйл явдлыг ажиглаад харж байхад найз хүүхнүүдэдээ итгэж, бүх нууцаа дэлгэдэг эмэгтэйчүүд зарим талаар хохирох нь бий. Ялангуяа сайн хүнтэй суух гэж байгаа бол эмэгтэйчүүд хашир байх нь зүйтэй. Учир нь хувийн нандин харилцаа бол эмзэг, хэврэг зүйл. Өчүүхэн төдий “сүүдэр” тусахад “хагарч бутрахдаа” амархан. Гэр бүлд, найз залуугийн харилцаанд асуудал үүсэх бүрт найз эмэгтэйдээ зовлон тоочих гэж гүйх хэрэггүй.
Гэр бүлийн амьдрал сэтгэл хангалуун дутах зүйлгүй бол өчүүхэн төдий зөрчил, маргааныг бүү дэвэргэ. Асуудалгүй гэр бүл байдаггүйг сана. Асуудал тийм чухал эсэхийг тодорхойлж үз. Хэрэв нөхөр чинь цалингаа бүтэн өгдөггүй, эсвэл гэр орны ажилд тусалдаггүй бол үүнийг хэлцэх асуудал биш. Нэг л мэдэхэд харамч нөхөртэй гэсэн дэмий яриа хайртай хүний чинь сонорт хүрч асуудал бүр хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгүй. Иймд жижиг сажиг асуудлыг нөхөртэйгээ хэлэлцэж тохирсон дээр.
Нөхрийнхөө сексийн чадавхийг хэзээ ч бусадтай бүү хэлэлц. Хамгийн дотно найз бүсгүйдээ ч тэр. Ор хөнжлийн асуудлын тухай бусдын саваагүй шохоорхлыг хөдөлгөдөг. Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шүүмж бол найз бүсгүй чинь зөвхөн шүүмжийг өлгөж авна. Шүүмж яриа тархаж, гомдож, баярлахдаа амархан настнуудын сонорт хүрнэ.
Гэр бүлийн төсөв, санхүүг бусадтай хэлэлцэх хэрэггүй. Ялангуяа бусдын атаархал төрүүлэхүйц “Би тийм үнэтэй бөгж, зүүлт авсан”, ”Тийм өртгөөр байрандаа засвар хийсэн” гэх мэтийн яриа бүү дэлгээрэй. Хүний хорсол, атаархал гэдэг юуг ч бусниулж чаддаг хүчтэй хар энерги байдаг.
Нөхрийнхөө зан ааш, дадал зуршлын онцлог, өвөрмөц байдлын тухай ч нэг их ярих шаардлагагүй. Хүн бүрт л бага сага сул тал байдаг шүү дээ. Та чухам тэр занд нь татагдаж, гэр бүл болсон биз дээ. Гэр бүлийн амьдрал нууцлагдмал, бага зэрэг далдхан байхдаа гэмгүй.