Торгоор зөвхөн үндэсний хувцас ч биш, гоёлын даашинз, өдөр тутмын ажил хэрэгч загварын хослол, залуусын өмсөх өмд, цамц гээд юуг ч урлаж болохын шидийг харуулсан байгууллага бол “Торго загвар” гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Тиймдээ ч монголчууд үндэсний хувцсаараа бахархаж, өдөр тутмын хэрэглээндээ түлхүү өмсөх болсонд тус салоныхон багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Жил бүрийнхээ ажлыг үзэгчдэдээ шоу хэлбэрээр тайлагнадаг тус хамт олон нэгэн арваныг үдсэний баяраа өнгөрөгч баасан гаригт “Мишээл экспо” төвд тэмдэглэлээ.
ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЛЭЛ
Шоу гэхээсээ илүүтэй ёслолын үдэшлэг хэлбэрээр өрнөдөг “Торго” наадмын хэв маяг энэ удаад ч эвдэгдсэнгүй. Үүднээ улаан хивс дэвсэж, ирсэн зочдыг дарсаар дайлан, “Торго 2010” гэсэн самбарын өмнө саатаж, патиараа татуулах боломж олгоно. Яг л барууны ёслолын ээлж дараагаар үргэлжлэх арга хэмжээ. Хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд оролцох үнэ 50 доллар. Тиймдээ ч зохион байгуулалтын хувьд сайн, хувцсаа өлгүүлэх гэж уртаас урт дараалалд зогсохг үй, ширээгээ эрэн бэдрэх ч зав олгохгүй уриалгахан үйлчилгээний ажилтнууд замчилна.
Аргагүй, эл үдэшлэгт оролцогчдын олонх нь улс төр болоод бизнес, урлаг соёл гээд салбартаа тэргүүлэгчид. Мисс Ч.Содтуяа, УИХын гишүүн Л.Гантөмөр тэргүүтэй зочид хэдийнэ суудлаа эзлэн тухалчихаж. Хөтлөгч Э.Гантулга “Торго” салоны арван жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг тайлагнаснаар шоу эхэллээ.
2000 онд торго бөс бараа зарах, захиалгаар хувцас оёх үйлчилгээ явуулан “Торго” салон нэртэйгээр үйл ажиллагаасаа эхэлж байсан тус компани өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй загварын агентлаг, язгуур урлагийн тоглолтын хамтлаг, загварын хувцасны борлуулалт, захиалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
ҮНДЭСНИЙ ХУВЦСАА СУРТАЛЧИЛСАН НААДАМ
Наадмын эхний коллекц элдэв гоёлгүй үндэстэн, ястнуудын хувцас байсан нь Улс тунхагласны 86 жилийн ойд барьж буй тус хамт олны бэлэг байлаа. Тайзнаа байрлуулсан хоёр дэлгэцээр “Монгол премиум” гэсэн наадмынхаа нэрийг хадны сүг зураг мэт харагдахаар гаргаж, хөгжмийг ч тус коллекцтэй уялдуулан сонгож, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн “Толин хул”-аа дуулж байгаагаас нь харахад эх оронч сэтгэлгээг сурталчлах гэсэн нь илт. Үндэсний бүхнээ сурталчлах гэсэн шоу “Монгол премиум” гэх гадаад нэртэй байсан нь харамсалтай.
ТОПУУДАД ТООГДООГҮЙ ШОУ
Эхний коллекцийн дараа европ хувцасны жижиг хэсг үүдийг үндэсний хувцасны донж маягтай хослуулсан өдөр тутмын коллекцийг сонирхуулав. Дундад зууны үеийн язгууртан хатагтай нарын өргөн хүрээ бүхий бүрх, ангийн арьсан оруулга бүхий хүрэм, босоо захтай хослол гээд л эрхэмсэг байдлыг энгийн хувцсанд гайхалтай сайн зохицуулсан коллекц үзэгч дийн нүдийг хужирлалаа. Энэ наадмын хамгийн шилдэг коллекц болсон гэвэл мэтгэх хүн бараг л үгүй байх. Харамсалтай нь эхний таван ч цуврал өнгөрлөө.
Жил бүр “Торго”-ын наадмыг гоёдог топууд харагдсангүй. Загварын тайзнаа цөөнг үй жил гунхаж, хэдийнэ туршлагажсан хэдийгээ загварын шоу бүрт оролцуулах албагүй ч “Торго 2009” наадмын үеэр Э.Одгэрэл, Д.Болормаа тэргүүтэй Монголын загварын ертөнцийн урдаа барьдаг томчуулын танилцуулсан авангард загварын коллекцийг залуус өмссөн харагдсан. Энэ удаагийн үзүүлбэр эздэд нь таалагдсан байж болох ч, хэн, хэрхэн илэрхийлж байсныг нь өчигдрийнх мэт тод санагдах цуглуулгаа дахин дэлгэж, тэгэхдээ бүр залуу загвар өмсөгчдөд даатгасан нь үзэгчдэд таашаагдаагүй нь илт байсан.
У.ТЭНҮҮН