Блиц:
Овог нэр: Николь Пресковия Еликолан Валиенте
Төрсөн он, сар, өдөр: 1978.06.29
Төрсөн газар: Хавай мужийн Хонолулу хот
Гарал: Филиппин, Хавай, Орос
Биеийн өндөр:165 см
Өөрийгөө товч тодорхойлбол: Дайчин, омголон, сүсэг бишрэлтэй
Дуртай хамтлаг: “U2”, “Black Eyed Peas”
Дуртай кино: “Napoleon Dynamite”
Хамтлагийнхаа уран бүтээлүүдээс хамгийн хайртай нь: “Feelin’ Good”
Цахим хаяг: http://www.nicolescherzingermusic.com
Америкийн хөгжмийн ертөнцөд “Don’t cha” дуугаараа цахиур хагалж, хамгийн шилдэг хамтлагаар тодорсон “Pussycat dolls” хамтлагийн ахлагч Николь Шерзингер ирэх даваа гаригт Монголд ирэх гэж байна. Тэрбээр “Ирмүүн” агентлагийн урилгаар арван хоёрдугаар сарын 7, 8-нд болох “Cosmopolitan” сэтгүүлийн нээлтийн шоу тоглолтод оролцох юм. Энэ тухайгаа “Азийн хамгийн агуу түүхтэй улсад очно гэдэг миний хувьд шинэ адал явдал, өөрийгөө нээх боломж олгож байна.
Монголын залуусыг боловсролтой, илэн далангүй, эрч хүчтэй, цоглог гэж нэгэн танил маань дуулгасан. Удахгүй болох тоглолтын үеэр монгол залуустай уулзаж, нэгэн үдшийг сэтгэл хангалуун өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн цахим захидал илгээсэн байна. Никольтой хамт продюссер, менежер Лоринс Магнелл, менежер Брайн Кросс нар ирнэ.
О.УНДАРМАА