Хаа очсон газраа хүмүүсийг инээлгэж, хошигнож явдаг алиалагчид сэтгэлд нэг л дотно. Илбэ үзүүлэх,
жонглёр тоглох, дээсээр наадаж, өндрийн үсрэлт хийх гээд чадахгүй зүйл ч тэдэнд үгүй. Тэрхүү адтай, авьяаслаг хүмүүсийн баримлыг цуглуулдаг Д.Зоригтийг “Хообий” буландаа урилаа. Тэрбээр циркийн урлагт 40 орчим жил ажиллаж буй бөгөөд “Шинэ цирк” төвийн захирал юм.
-Танайд олон улсын алиалагчид “цугласан” гэж сонслоо.
-Америк, Хятад, Орос, Исланд, Унгараас ирсэн 60 гаруй алиалагч манайд “амьдардаг”. Хэд хоногийн өмнө Владивостокоос ирэхдээ жонглёр тоглож буй алиалагч авсан нь цуглуулгын хамгийн залуухан нь. -
Энэ баримлуудын юу нь таныг татсан юм бол?
-2008 онд Москва явахдаа багадаа сурч байсан циркийн сургуульдаа очсон юм. Тэндхийн захирлын өрөөний ширээ, цонхны тавцан, ханаар нь алиалагчдын баримал өрөөтэй байсан нь сайхан санагдаж өөрөө цуглуулахаар шийдсэн. Гэхдээ тэрнээс өмнө ч манай гэрт алиалагчдын баримал, бэлэг дурсгалын зүйл байсан л даа. Цуглуулгын маань анхны алиалагч гэхэд л 1974 онд Москвагаас авч байсан Олег Поповын баримал байна. Одоо Германд амьдардаг юм. Оросын ардын жүжигчин, “Нарны алиалагч” гэж нэрлэгдсэн мундаг хүн бий.
-Монголд энэ төрлийн дурсгалын зүйлс ховор. Та цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ? 
-Гадаад орнуудаар ажлаар явахдаа голдуу авчирдаг юм. Цуглуулаад эхлэхээр хаана ч очсон алиалагчдын дүрстэй зүйлс, баримлуудыг өөрийн эрхгүй очиж сонирхдог юм билээ. Мөн найзууд, шавь нар маань өгдөг гол бэлэг нь болсон.
-Таны алиалагч бүгдээрээ гадаадын “иргэн” юм байна.
-Манайд Монголын байтугай гадаад алиалагчдын баримал, бэлэг дурсгалын зүйлс ч цөөн. Тиймээс монгол алиалагчийн бэлэг дурсгал хийх санаа байгаа. Циркийн 70 жилийн ойг тохиолдуулж, Монголын бүх алиалагчийг багтаасан баримал хийнэ гэж бодож байна. Ар талд нь С.Данзан, Б.Содном, Д.Энхээ, Т.Латиф, Д.Галсантогтох, Д.Батсүх нарыг зогсоож, наагуур нь шинэ залуу алиалагчдыг дүрсэлсэн байхаар төлөвлөсөн.
-Алиалагч төрдөг үү, эсвэл бий болдог уу?
-“Алиалагч гэдэг мэргэжлийг эзэмшдэггүй. Алиалагч төрдөг юм” гэж Оросын нэрт алиалагч Лев Гуров зуугаад жилийн өмнө хэлсэн байдаг. Далан хувь нь үнэний ортой шүү. Хүнийг татах, инээлгэх чадвартай авьяас, энерги нь алиалагчийг авч явдаг. Харин мэргэжлийн хичээл, жүжигчний ур чадвараар авьяасаа тордоно.
-Бусдыг инээлгэж, марзагнаж явдаг хүмүүсээр алиалагчийг төсөөлдөг. Наанаа тэгж харагдавч жинхэнэ алиалагч хүн дотроо бол их юм бодож тунгаадаг, хурц ухаантай байдаг болов уу? -
Алла Пугачёвагийн алиалагчийн тухай “Арлекино” гэдэг дуу байдаг даа. “Би олны өмнө гарч, тэднийг баясгадаг ч хэн ч миний дотоод сэтгэлийг харж чаддаггүй нь надад гунигтай санагддаг” гэж дуулдаг юм. Эрт дээр үед ч хаадын дэргэд алиа салбадай үргэлж байсан. Хэцүү асуудал гарах үед бусдыг инээлгэж, хөгжөөж, чухал санаануудыг ч хэлдэг байсан нь ном зохиолд үлдэж. Алиалагчид наанаа салбайсан, марзан харагдавч цаанаа бол тун ухаантай, нарийн мэдрэмжтэй.
-Таны цуглуулгын “хамгийн хамгийн”- ийг сонирхож болох уу?
-Хамгийн анхных нь дээр хэлснээр 1974 онд авсан Олег Поповын баримал. Хамгийн өндөр үнэтэй нь Владивосток хотоос 100 доллараар авсан алиалагч бий. Харин Москва хотын циркийн захирал Л.Костюкийн 2000 онд бэлэглэсэн шаазан алиалагч миний хувьд хамгийн үнэ цэнэтэй дурсгал.
Б.ЭГШИГЛЭН