Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр болгон зарласан. Энэ ажлын хүрээнд ЭМЯ, Глобаль сан, ДОХ-той тэмцэх Үндэсний сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Залуус эрүүл мэнд” төрийн бус байгууллагаас “Mister beauty” 2010 гей мисс шалгаруулах арга хэмжээг 2010 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Энэ тэмцээнд гоо үзэсгэлэнгээрээ шалгарсан найман “бүсгүй” оролцож, авъяас чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдсөн байна. Гоёлын болон үдшийн даашинз, усны хувцастай үзүүлбэр, урлагийн тоглолт, ухаан сорих тэмцээнүүдэд тэд эн тэнцүүхэн өрсөлдөж, үзэгч олныг шагшуулав. Гей залуусын гоо бүсгүйн тэмцээн нь 2007 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, зохион байгуулалт нь сайжирч байгаа юм.
Энэ арга хэмжээ нь бэлгийн цөөнхийн эрхийг хүндэтгэх, тэднийг нөхөрлөх боломжоор хангах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх хамгийн гол нь ХДХВ ба ДОХ-оос өөрийгөө болон бусдыг хамгаалах сурталчилгаа хийхэд чиглэдэг. Ялангуяа тэмцээнд оролцогчдын дунд явуулсан асуулт хариултын тэмцээн нь тэдний тухай олон нийтэд зөв ойлголт өгөхөд ихээхэн ач холбогдолтой болов.
Тэмцээнд оролцогчид “Бид энэ өдөр л жинхэнэ өөрөө өөрийнхөөрөө байж чаддаг учраас жил бүрийн мисс шалгаруулах тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг. Намайг ойлгодог, надтай адилхан хүн олон байдаг учраас бидэнд бие биенийхээ сайн сайхны төлөө хамтран ажиллахад энэ тэмцээн шинэ боломжийг нээж өгдөг” хэмээн хэлж байлаа. Түүнчлэн тэд асуулт хариултын тэмцээний үеэр ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан мессежийг түгээж байсан нь сайшаалтай.
Тэмцээний шүүгчээр МУСТА, дуучин Ж.Алтанцэцэг, ДОХ-той тэмцэх сангийн гүйцэтгэх захирал А.Мөнхжаргал, Нисора сангийн гүйцэтгэх захирал н.Алтанчимэг, тайчих урлагийн хатан хаан Н.Ганбууш, Межик салоны нүүр будгийн багш, өмнөх тэмцээнүүдийн удаа дараагийн тэргүүн шагналт н.Батболд нар ажиллалаа.
“Mister beauty” 2010 Гей мисс шалгаруулах тэмцээний Гран при шагналыг Сарнай хүртэж, мөнгөн титэм үнэ бүхий зүйлээр шагнуулсан бол тэргүүн мисс шагналыг Анужин, дэд миссийн шагналыг Хулан гуравдугаар байрын шагналыг Сүндэрьяа нар хүртэж болор цом мөнгөн шагнал хүртэцгээв.