Эцэг эхийнх нь хүмүүжүүлсэн хүмүүжил тухайн хүний зан чанарыг тодорхойлдог. Хэрэв хайртай залуугаа ямар хүн бэ гэдгийг мэдэхийг хүсвэл өссөн орчинг нь сайн судлаарай. Хожим түүнтэй хувь заяагаа холбож болох талаар олон зүйл мэдэх боломжтой.
Ээжийн эрх хүү
Та түүнийг ээж шиг нь бөөцийлж, амьдралын чухал асуудлыг өөрөө шийддэг бол санаа зоволтгүй. Гэхдээ тэсвэр, тэвчээр багагүй шаардагдана. Аргагүйдсэн үед ээжийн эрх танхи хүү амьдралаа авч явах ёстойг ухааран, гэр бүлдээ түшиг тулгуур болох нь бий. Тэд сайн аав, хань байж чаддаг.
Ууган хүү
Багаасаа дүү нараа өсгөлцсөн түүний хувьд таныг халамжаар дутаахгүй. Гэвч бүхэнд тэргүүлж байх дуртай зангаас нь болж, гэр бүлд маргаан, зөрчил үүсэж болзошгүй. Амьдралын чухал асуудлыг тантай зөвлөхгүйгээр өөрөө толгой мэдэн шийдвэрлэхийг илүүд үздэг. Бусдын үгийг хүлээж авах дургүй. Өөрөө л зөв гэж шийдвэл түс тас салж мэднэ. Түүний хөдөлмөрч, шаргуу, нэг ажил эхэлсэн бол заавал дуусгаж байж, санаа нь амардаг зан бусдыг өөртөө амархан татдаг. Хуучинсаг үзэлтэй ч амьдралд түшиг болж чадна. Тэрбээр ойр дотныхоо хүмүүст өөртөө тавьдаг шигээ дэндүү гэмээр өндөр шаардлага тавьдаг. Та түүнээс “Энэ даашинз намайг тарган харагдуулаагүй биз” гэж асуувал “Аймаар” гэсэн хэнэггүй хариулт сонсвол бүү гомдоорой.
Дунд хүү
Түүнд ууган ахын хуучин хувцас, эд зүйл оногдох талтай. Тэрбээр багадаа ууган, отгон хүү шиг анхаарал, халамж хангалттай авч чаддаггүй. Дунд хүү бусдаас түрүүлэн эхнэр авах магадлалтай. Түүнд өөрийн гэсэн орон гэр, хайр чухал санагддаг.
Тэрбээр гэрлэсэн тохиолдолд эхнэр, үр хүүхдэдээ халамжаар дутаахгүй. Орчин тойрныхондоо хүлээцтэй ханддаг. Нөхөрлөлдөө үнэнч болохоор сайн найзуудын хүрээлэн өргөн. Багадаа хэт танхи өсөөгүй дунд хүү амьдралын ухаантай, аливаа асуудалд алсын бодолтой ханддаг. Элдэв олон аашгүй тул амьдрахад нийцтэй. Гэхдээ нэр алдартай болох нь ховор. Учир нь тэрбээр нэр хүндээс илүү энгийн амьдрахыг илүү эрхэмлэдэг.
Отгон хүү
Зарим талаараа ээжийн эрх хүүг санагдуулна. Энэ нь отгон хүү хэмээн багад нь өхөөрдсөнийх. Бие дааж шийдвэр гаргахдаа тааруу. Бусдад уруу татагдахдаа амархан. Багадаа ах нарынхаа үгийг чих зөөлөн хүлээж авдаг байсан болохоор байнга өөрт нь анхааруулж, сануулж байхад дуртай. Хэрвээ түүнтэй гэрлэсэн бол насаараа халамжилж, тордоно гэсэн үг. Багаасаа ах, эгч нарын бөөцийлөлд өссөн тул өөртөө арчаа муутай, эмх замбараагүй. Отгон хүү жаахан зоргоороо, адал явдалд дуртай ч сэргэлэн, авьяастай зан нь амьдралд манлайлагч болгодог тал бий. Таныг санасанд чинь хүртэл халамжлахгүй ч үр хүүхдээ хайраар дутаахгүй эцэг байж чаддаг.
Айлын ганц хүү
Тэрбээр аливаа зүйлд анхдагч, шилдэг байхыг хүсдэг. Багаасаа томчуудын хайр энхрийлэл дунд өссөн болохоор эрх мэдлээр бусдаас давуу байхыг хүсдэг. Хувийн зохион байгуулалт сайтай. Өөрийн эд хөрөнгийг хадгалах, арвижуулах, даатгуулах, хувийнхаа үнэтэй гэж бодсон зүйлээ бусадтай хуваалцах тун дургүй. Бизнес эрхлэхээр болбол ашиг орлого, уналт босолт аль алийг нь сайн төлөвлөж тооцдог. Түүний дэргэд тоглоом шоглоомоор “Тавгатай хоолноос чинь амсъя” гэж бүү хэлээрэй. Тэр үүнийг хэзээ ч тэвчихгүй. Харамсалтай аминаасаа ч илүү хайрлаж, өсгөсөн эхийнх нь сэтгэлд ганц эрдэнэ болсон хүүд нь таарч тохирох бэр тэр бүр олдохгүй нь хүндрэлтэй.
Өнчин, асрамжийн газар өссөн бол
Хадамтай харилцах асуудал байхгүй учир давуу талтай байж болно. Багаасаа эцэг, эхийн хайр халамжаар дутмаг өссөн тэрбээр гэр бүлдээ элгэмсэг, дотно хандах нь бий. Гэр бүлээ юунаас ч илүү эрхэмд тавьж, хайрлаж, хүндэлдэг. Гэхдээ эмзэг сэтгэлтэй. Таны болгоомжгүй хэлсэн үг, үйлдэл чинь түүнийг насан туршид нь гомдоож болно. Өв тэгш хүмүүжилтэй, өндөг шиг өөгүй хүн гэж хаана ч байдаггүй. Бүсгүй хүний торгон мэдрэмж, зөн совингоороо та түүний давуу болоод сул талыг олж, харсан байж таарна. Бага зэрэг дутагдлыг нь хамтдаа шийдвэрлэж чадвал амьдралд эргэлзэх асуудал төдийлөн гарахгүй.
Хамгийн тохиромжтой хос:
Айлын том хүүхэд айлын бага хүүхэдтэй
Ийм гэрлэлт бие биедээ хамгийн тохиромжтой. Өөрсдийнхөө сул талыг тэнцвэржүүлж чаддаг.
Айлын ганц хүүхэд айлын дунд хүүхэдтэй
Нэг нь анхаарал, халамж шаардахад нөгөө нь дуртай тусалдаг. Ийм гэр бүл тайван амгалан уур амьсгалыг илүү эрхэмлэдэг.
Хамгийн тохиромжгүй хос
Айлын том хүүхэд айлын том хүүхэдтэй
Хоёулаа амьдралыг ойлгодог хэрсүү ухаантай тул аливаа зүйлд тэргүүлэгч байхаар тэмүүлдэг.
Айлын дунд хүүхэд айлын дунд хүүхэдтэй
Гэр бүл болоход аль аль нь шийдэмгий биш. Аливаа асуудлыг шийдэхдээ аав ээж, ах, эгч нарынхаа зөвлөгөөг дагах дуртай.
Айлын бага хүүхэд бага хүүхэдтэй
Анхаарал, халамжийн төлөө хамтдаа өрсөлдөнө. Нэг нэгэндээ дэндүү өндөр шаардлага тавьдаг.