Грек хэлний баярын дуу гэсэн үгээс гаралтай ГИМН хэмээх үгийг сүлд дуулал гэж хөрвүүлж болох юм. Төрийн болон цэргийн, хувьсгалын, шашны зэрэг олон төрлийн сүлд дуулал байдаг. Сүлд дуулал Грект үүсэхдээ ч бурхан, тэнгэр магтсан агуулгатай байжээ. XV-XVI зуунд Чех, Герман зэрэг Европын улс орнуудад төрөл бүрийн сүлд дуулал олноор бий болж улмаар 1700-гаад оны үед Францад “Марсельеза” гэдэг хувьсгалын сүлд дуулал маш хурдацтай алдаршсан байна.
Өдгөө дэлхийн бүх улс, орон өөрийн гэсэн сүлд дуулалтай болж, найрал хөгжим болон найрал дуучдад зориулсан хэлбэрээр хөгжмийг нь бичих болсон байна. Өнгөрсөн зуунд Монгол Улс нь хэд хэдэн Төрийн дуулалтай байсан юм. Одоогийн Төрийн дууллын хөгжмийг Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нар, шүлгийг Цэндийн Дамдинсүрэн зохиожээ.
1950 онд зохиогдсон эл Төрийн дууллын хөгжмийг өдгөө ч хэвээр нь ашиглаж байгаа ба шүлгийн зарим хэсгийг өөрчлөн Ленин, Сталин, Сүхбаатар гэсэн нэр орсон мөртийг хасаж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 оны долдугаар сарын 11-нээс Чингис хааныг магтсан мөрт нэмж дуулах болсон юм.