"Миний цуглуулга олны сонирхол татах зүйл ихтэй гэж хэлбэл онгирсон болохгүй" хэмээн ам бардам хэлдэг нэгний тоонд УИХ-ын гишүүн Р.Буд ордог. Тэрбээр хүүхэд насандаа хурдны морь унаж өссөн болохоор адуунд их хайртай аж. Улс, бүсийн наадамд хурдан хүлгээ сойн, торгон жолоо өргүүлж айраг, түрүү цөөнгүй авсан. Түүнд морьтой холбоотой цуглуулга их бий. Багадаа дөрвөн бэрх буулгаж шагайгаар тоглож өссөн тэрбээр өдгөө 1000 гаруй шагайтай гэнэ. Морины сийлбэртэй цуглуулгын анхны дээжийг нь 1972 онд Төрийн сүлд бүтээсэн УГЗ Ч.Ойдов гуай төрсөн өдрөөр нь бэлэглэжээ.
Түүнд сийлбэрийн цуглуулгаас гадна адууны баримал, хатгамал, зураасан зураг, цутгамал гээд янз бүрийн цуглуулга байдаг аж. Тэрбээр өөрийн болоод уяачдын наадамд уралдуулсан хурдан хүлгийн зураг авах дуртай тул фото зургийн үзэсгэлэн гаргах хэмжээний цуглуулгатай гэсэн.
Эрхэм гишүүн цуглуулгаас хамгийн их сонирхол татдаг зүйл бол өрөөнийхөө ширээн дээрх кнопыг нь дарахаар янцгаадаг морины барималтай. Ядарсан үедее морины янцгаахыг сонсоод алжаалаа тайлдаг аж. Улирал улирлаас хамаараад өрөөндөө тавьдаг үзмэрээ сар бүр өөрчилдөг гэнэ.
Тэрбээр өрөөгөөр нь зочилсон хүнд "Миний цуглуулга өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой" хэмээн ярих дуртай аж. Ах дүү, найз нөхөд нь түүнд төрсөн өдрөөр нь морины баримал, зураг, аппарат ихэвчлэн бэлэглэдэг гэнэ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэн Бат-Эрдэнэ улс, бүсийн наадмаас найман медаль хүртсэн морио гишүүнд бэлэглэсэн удаатай. Адууныхаа зүсийг солих зорилгоор хурдан удмын хүлэг худалдаж авдаг аж. Түүний цуглуулгаас хамгийн томд нь 50 см өндөртэй, 70 см урттай дөрвөн дугуйтай модон морь хамгийн томд нь ордог.
Харин хамгийн бага нь хоёр см орчим байдаг аж. Мөн зэс, гууль, чулуугаар бүтээсэн алтан шармал өнгөтэй мөнгөлсөн морины цуглуулгатай. Цуглуулган дотор нь 1970-1980-аад оны үед хөөмлөөр урласан морины баримал ч бий гэсэн. 10 азарга адуутай.
Адуун сүрэгт нь улс бүсийн наадамд айрагдаж, түрүүлсэн морь олон. Тэрбээр "Жил ирэх тусам шилмэл адууны үнэ өсөж байна. Тиймээс унаган адууны угшил бий болгохыг зорьж байна" гэдгээ ойр дотны найзууддаа ярьжээ. Эрхэм гишүүн гэртээ 800 орчим номтой. Ихэнхийг нь мэргэжлийн голдуу ном эзэлдэг аж.
Тэр дундаа Гадаад хэргийн сайд асан Б.Гомбосүрэн гуайн цуврал ном, суут хүмүүсийн түүхийг сонирхож уншдаг гэнэ лээ.