Монгол угсаатны соёлын өвийн сор дээжийг судлан, сурталчилж үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 60 жилийн ойн баяр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр тус чуулгын байранд боллоо. Чуулгынхан энэ баяртаа зориулан тусгай нэвтрүүлэг болон баримтат кино бэлтгэснээ үзүүлсэн юм. Үйл ажиллагааг нээж тус чуулгын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн А.ЦэдэнИш үг хэлэв.
Тэрбээр “ҮДБЭЧ нь 1945 онд “Эстрад концертийн товчоо” нэртэйгээр үндэслэгдэж улмаар 1950 онд “Ардын дуу танцын ансамбль” хэмээн өөрчлөгдөж өнөөгийн тулгын чулуугаа тавьсан юм. Тэгэхээр өнөөдөр бид ҮДБЭЧ үндэслэгдсэний 65 жил, үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэж байгааг онцлох хэрэгтэй” хэмээсэн. Түүнийг үг хэлсний дараа шагналын хур бууж, ойн баярт мэндчилгээ хүргэн, гарын бэлгээ гардуулахаар ирсэн урлаг, соёлын байгууллагын удирдлагууд болон хувь хүмүүсийн хөлд тайз дарагдсан юм.
ҮДБЭЧ ойн баярынхаа үеэр бүх уран бүтээлчдээ талархал илэрхийлэхийг хүссэн учраас Монголын урлаг, соёлыг хөгжүүлж, ард түмэндээ урлагаар үйлчлэхээр мөр зэрэгцэн бүтээл туурвиж буй Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Улсын драмын эрдмийн театр, Монголын үндэсний музей зэрэг байгууллагад нэрс тараан өгсөн байжээ.
Театр, чуулга, музейн дарга захирлууд урт дараалалд зогсон баяраа тэмдэглэж буй уран бүтээлчдийг урамшуулахаар хичээж буй нь тун сонирхолтой харагдаж байлаа. Шагнал, цэцэг, дарга нарын урт дараалал, уран бүтээлчдийн сэтгэл догдлолоор ҮДБЭЧ-ын 60 жилийн ойн арга хэмжээ ийнхүү нээлтээ хийлээ.
Өнөөдөр тус чуулгын үе үеийн дуучид хамтран “Жаран дамжсан дуулал” тоглолт хийх юм. Тоглолтод ардын жүжигчин Д.Самбуу, А.Нэргүй, гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Л.Чулуунчимэг болон С.Цогтсайхан, Б.Батмэнд, А.Амаржаргал, Д.Ширмэнтуяа нарын ард түмнийхээ зүрх сэтгэлд дуу хоолойгоороо мөнхөрсөн алдартнууд оролцоно.
Ж.СЭЛЭНГЭ