Дундговь аймгийн музейн хамт олон өөрийн сан хөмрөг дэхь болон иргэдийн хөөрөгнүүдээр үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд мана, хаш, сүйжин, чүнчигноров, гартаам хөөрөгнөөс эхлээд ноёдын хэрэглэж байсан луун хээтэй хятад шаазан хөөрөг ч тавигдсан аж.
Эрдэнийн чулуу тус бүртээ янз бүрийн өвчнийг анагаах увдистай байдаг гэнэ. Тиймээс дорно дахины уламжлалт эмнэлэгт нэлээд өргөнөөр ашиглаж ирсэн юм байна. Ялангуяа гартаам, сүйжин хөөрөгний ачаар халдварт саа өвчнийг анагаасан тохиолдол байдаг аж.
Тус аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Дэлгэрбуян тус үзэсгэлэнд 5-6 хөөрөг дэлгэн үзүүлсэн байна. Аймгийн музейн сан хөмрөг дэх оюу толгойтой, уран сийлбэр бүхий шүрэн хөөрөг хамгийн ховор, үнэтэйд оржээ. Энэ хөөрөгний зөвхөн шүрэн толгой нь долоон сая төгрөгөөр үнэлэгддэг гэнэ.
С.ЗАЯА