Эцэг эхчүүдийн нүдийг орой дээр нь гаргах дөхсөн цахим захидал илгээснийхээ төлөө Британийн нэгэн сургуулийн хичээлийн эрхлэгч хүлцэл өчжээ. “Глид” нэртэй охидын технологийн коллежийн хичээлийн эрхлэгч тэрбээр сурагчдынхаа эцэг эхэд долоон өгүүлбэр бүхий захидал илгээхдээ хэл зүйн 14 алдаа гаргасан аж.
Хэдийгээр товчлуур андуурч дарсны улмаас “evening” гэх үгийг “evering” хэмээн бичсэн гэх уучилж болохуйц алдаа байсан боловч найруулгын наад захын алдаатай захидал байсан нь эцэг эхчүүдийг багагүй бухимдуулжээ. Нэрээ нууцалсан нэгэн ээж “Daily mail” сонинд ярилцлага өгөхдөө “Охины минь боловсролын хэм хэмжээг тогтоох ёстой хичээлийн эрхлэгч ийм хариуцлагагүй байгаа нь хачирхалтай санагдаж байна.
Багш нь иймэрхүү мэдлэг нимгэн байхад охиноо өндөр боловсролтой хүн болно гэдэгт би яаж итгэх юм бэ” гэжээ. Тус сургуулийн захирал Лиз Шаухюлм “Хэл зүйн алдаатай захидал илгээснийх нь төлөө бид түүнд заавал хариуцлага тооцох болно” гэжээ.
У.ТЭНҮҮН