Мисс Б.Гантогоо Монголдоо ирснийг нэгэн танилаасаа сонсоод сэтгүүлийнхээ зочноор урихаар утас цохилоо. Утасны цаанаас хүүхдийн гэмээр цангинасан дуутай тэрбээр цааргалсангүй уриалгахнаар зөвшөөрсөн тул зааж өгсөн газар нь очихоор III хорооллыг зорив. Товлосон газраа очтол “Дипломат сургалтын төв” өөдөөс харагдсанд орохоо түр азнаж, гайхаж хэсэг зогслоо.
Энэ төвийн хоёр давхарт зочин маань “Мисс монгол аялал жуулчлалын холбоо”-г байгуулж, үйл ажиллагаагаа явуулаад удаагүй бололтой. Удалгүй нэгэн бүсгүй ирж, биднийг дотогш оруулснаар түүний ажлын өрөөнд зочиллоо. Тэрбээр шавилхан биедээ ахадсан олон ажил зэрэг амжуулах гээд толгой өндийх завгүй сууж байв. Хүмүүс хэдийнэ унтаж амарсан байхад түүний ажил дуусаагүй үргэлжилсэн хэвээр.
Монголынхоо шилдэг модель охидтой үндэснийхээ хувцсыг сурталчлахаар ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот руу үүрээр таван цагт нисэх болсон тул түүнд хором бүр алдаж болохгүй агшин байсан. Үнэтэй цагаас нь хумслан байж ярилцсан ч гэрт нь тухлах боломж үнэхээр гарсангүй.
-Юуны өмнө баяр хүргэе. Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль 70 жилийнхээ ойн баярыг тохиолдуулж, хүндэт медалиараа таныг шагнасан байна. Тэр сумын хүн юм уу?
-Баярлалаа. Би энэ нутагт өвөө эмээ дээрээ өсөж, хүүхэд насаа үдсэн. Сумын маань сургуулийн 70 жилийн ойн баяр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулсан алдартнуудаа медалиар шагнасан юм. Миний өчүүхэн хөдөлмөрийг өндөр үнэлж, хүндтэй шагналаар мялаасанд сэтгэл өндөр байна.
Ханбогд сумаас төрсөн алдартнуудын амжилт бүтээлийн тухай өгүүлсэн номондоо намайг багтаасанд баяртай байгаа. Ойн арга хэмжээний үеэр ажил ихтэй байсан тул очиж амжсангүй. Ханбогд уул миний шүтээн. Энэ ууланд дэлхийн энергийн төв байдаг. Намайг хаана ч очсон өндөр оргил, уулс дагалддаг. Японд суралцаж байхдаа Фүжи хэмээх алдартай сайхан уулыг өдөр бүр хардаг байлаа.
Африк тивд хөл тавьж байхдаа Килиманжора мөнх цаст оргилыг анх харчихаад, сэтгэл минь ихэд хөдөлж билээ. Нутгаа би дэлхийн эхлэл гэж боддог. Сайхан энерги түгээсэн энэ нутагт төрж өссөндөө баярладаг юм. Хэтдээ нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн зүгээс оюуны хөрөнгө оруулалт хийх бодол бий. “Үлэмжийн чанар” дууг говийн догшин ноён хутагт Д.Равжаа Ханбогд уулыг харж шинжээд “Хүн шидтэй төрөх хэрэггүй.
Энд ирээд шидийг олох юм” хэмээн айлдаад, энэ уулын эзэн болох цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн үзэсгэлэнт залуу сайхан бүсгүйд зориулан зохиосон гэдэг. Аливаа зүйл учир утгатай . Нутгийнхаа нэрийг оргил шиг өндөрт өргөж явах болноо гэж охин чинь зон олондоо сэтгэл өег хэлж чаднаа. Энэ жил би Япон улсын Нисэхийн академийг амжилттай дүүргэж, Италийн нэр хүндтэй “Royal Events” загварын агентлагт загвар өмсөж байгаад эх орондоо саяхан ирлээ.
-Уулзахаас өмнө өөрийг тань хотын унаган бүсгүй гэж бодож байлаа?
-Үгүй ээ, би говь нутагт төрсөн жирийн нэг бүсгүй. Өргөө монгол орны минь алтан босго Өмнөговь сайхан нутаг. Далай баян Даланзадгад гэдэг шүү дээ, миний нутгийг. Манай нутаг хангай, говь хосолсон сайхан газар. Ёлын ам, Гурван сайхан гээд байгалийн үзэсгэлэнт газартай. Намайг хүүхэд байхад өвөө минь ардын дуу сайхан дуулж, морин хуур тоглодог байлаа.
Бага байхаасаа нутгийнхаа ард олны ёс заншлыг харж, уртын дууг сонсож өссөн. Нутгаа учиргүй магтаад байх юм гэж битгий бодоорой. Говийн хүмүүс найрсаг, хөдөлмөрч, хүнд тусархуу. Өссөн нутаг минь сайхан болохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм. Өөдрөг яваагаа би хэлд, хөлд орсон нутгийн минь уул, ус ивээснийх гэж боддог.
-“Miss international-2005” тэмцээнд хэн ч танихгүй жирийн нэг охин түрүүлж, загварын ертөнцийн томчуудыг гайхашруулж байсныг тодхон санаж байна?
-Эх орондоо дөнгөж ирээд найзуудаасаа “Miss international” тэмцээн болох гэж байгааг мэдсэн. Энэ тэмцээнд оролцсоноор хүнийг ялан дийлэх бус өөрийгөө ялах нь амжилтын үндэс юм байна гэдгийг сайн ойлгосон. Түүнээс хойш олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа оролцож, Монгол үндэснийхээ хувцсыг дэлхийн шилдэг хувцас болгож байлаа. Өдгөө “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байна.
-Монгол хувцас гадныханд юугаараа гайхамшигтай санагддаг юм бол?
-Монгол үндэсний хувцас нүүдэлчдийн эрт, эдүгээгийн ёс заншил, соёлыг хадгалж чадсанаараа гайхамшигтай. Тэр дундаа ахуй амьдралтайгаа илүү зохицож хийгдсэн байдаг нь гадныхны сонирхлыг их татдаг. Үндэсний хувцсаа өмсөөд тайзан дээр алхаж байхдаа “Би хамгийн сайхан нь.
Шүүгчид Монгол гэж хамгийн түрүүнд дуудна” гэж өөртэй итгэлтэйгээр шивнэж хэлдэг. Хүн ямар ч үед өөрийнхөө дотоод сэтгэлийн үгийг чагнадаг байх ёстой. Саяхан “Нууц” нэртэй ном уншлаа. Надад их таалагдсан. Хүний хүсэл мөрөөдөл сэтгэл дотор байдаг. Хэрвээ үнэхээр хүсэж чадвал хүсэл чинь биелдэг гэдгийг ойлгосон.
-Та техник, технологи өндөр хөгжсөн арлын оронд мэргэжил эзэмшсэн. Монголынхоо нисэх хүчинд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. МИАТ компани танд их итгэл хүлээлгэж байгаа сурагтай?
-Монголынхоо МИАТ компани болоод аялал жуулчлалын салбарт өөрийн хувь нэмрээ оруулна. Энэ бол миний олон жил бодсон хүсэл, мөрөөдөл. Надад ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн ажил бий. Европын орнуудад үндэснийхээ хувцсыг сурталчилж, ЮНЕСКО-д батлуулах гэж буй түүхэн цаг үед иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх нь чухал гэж үзэж байна. Одоогоор “Итгэл сэтгэл, зүтгэлийн дор нэгдэцгээе” уриан дор байгууллагынхаа гишүүдтэй хамтран ажиллаж байна.
-Ярилцаж байх зуураа та гар утсаар нэлээд ажил амжуулчихлаа?
-Үнэнийг хэлэхэд ням гариг байдаг гэдгийг ч мартчихаж. Утас зогсоо зайгүй хангинахаар заримдаа хэцүү санагддаг. Бүр хэд хоног салгаад, чив чимээгүй газар амармаар бодогддог л юм. Зарим хүмүүстэй ажил хэрэг ярихаар өөдөөс “хэдэн настай вэ” гэж асуудаг.
Магадгүй олон ажил зэрэг амжуулах гээд энэ биедээ баймгүй ахадсан хүнд ачааг үүрсэн ч байж болох. Гэхдээ надад нас цаасан дээр бичсэн тоо юм шиг санагддаг. Хэдийгээр байгууллага удирдаж яваа ч Гантогоогийн зан хувирч өөрчлөгдөөгүй, өмнөх шигээ хэвээрээ л байгаа. Би хүүхэд байхын нэг зүйл хийхээр зоригловол түүнийхээ ард гарч, үр дүнг нь үзэж байж санаа амардаг зантай. Одоо ч хэвээрээ.
-Залуучууд болзоонд урьдаг уу?
- Монгол орны нүүр царай болж тэмцээн, уралдаанд оролцож байгаа болохоор олны хайрласан нэр хүндийг сэвтээлгүй өндөрт өргөж явах үүрэг, хариуцлага өөрийн эрхгүй оногддог. Завгүй ажиллах заримдаа сайхан санагддаг ч амрах юмсан гэж бодогдох үе бишгүй.
Нуугаад яах вэ, үеийнхээ нөхөдтэй нийлж, наргиж цэнгэмээр санагддаг. Найзууддаа зав гаргаж, вино ууж суухыг хүсдэггүй хэн байх вэ. Одоогоор надад тухтай ярьж суух зав гарахгүй байна. Үеийн маань нөхөд болзоонд явж, хамтдаа кино үзээд, хотын гудамжаар зугаалахыг харах сайхан санагддаг. Залуучууд уулзаж, болзох санал тавьдаг ч ажлын ачааллаас болоод татгалзсан удаа цөөнгүй. Жирийн хүмүүс шиг энгийн чөлөөтэй, өөрийнхөө эрх дураар байж болдоггүйн “зовлонг” мэдэрдэг шүү.
-Хайр, дурлалтайгаа учирчихсан биз дээ?
-Үгүй гэж хэлэхгүй ээ. Цаг хугацаа аяндаа харуулах биз. Хойшдоо өөрийнхөө амьдралыг ном болгон буулгахаар шийдсэн. Дэлхийн 40-өөд улсад хөл тавьж үзлээ. Орон орноор явж байсан дурсамжтай мөчүүдээ тэр үед төрж байсан бодол, сэтгэгдэлтэйгээ холбож бичих юм. Хэнд ч хэлж зүрхлээгүй сэтгэлийнхээ нандин дурсамжуудыг нэмэр хачиргүйгээр буулгана. Эцэс төгсгөлгүй амьдралын уртад хүн хичээж, тэмцэж, өршөөж амьдардгийг ухаарч л явна.
-Монголын томоохон бизнесмэнтэй амьдралаа холбосон гээд л хэвлэлүүд цөөнгүй бичсэн шүү дээ?
-Хүн ганцхан амьдралаар амьдардаггүй биз дээ. Амьдралд олон сонголт бий. Сэтгэлийг хорьж, барьж болдоггүй болохоор хэд ч дурлаж болно шүү дээ. Харин нэг хүнийг хүлээн зөвшөөрөөд хайрлаж амьдарна гэдэг бол өөр хэрэг.
Анхны хайр бүтдэггүй гэдэг үг бий. Алдаанаасаа сургамж аваад хоёр дахь амьдрал зохиогоод сайхан яваа хүмүүсийг алийг тэр гэх вэ. Бурхан надад ямар хувь заяа оноосон, тэр тавилангаар л би замнана. Тэгэхээр барьж болдоггүй, тэмтэрч болдоггүй сэтгэл гэдэг агуу ертөнцийг хөргөхгүй, хөлдөөхгүй байвал болоо юм биш үү. Би хувийн архивтай. Өөрийн минь талаар мэдээлсэн сонин хэвлэлийг цуглуулдаг. Арав, хорин жилийн дараа өөрийгөө ямар хүн байсныг эргэж нэг харъя.
-Та сайн, муугаар бишгүй бичигддэг. Гэхдээ нэг их ойшоодоггүй юм шиг санагддаг?
-Хэвлэлийнхнийг буруутгадаггүй, бас үзэн яддаггүй. Яаж бичих нь тэдний таалал. Надад сайн, муу тал байгаа болоод л бичүүлсэн биз. Хэрвээ алдаа байгаа бол засахын төлөө хичээнэ. Сайн тал байгаа бол түүнийгээ дээш нь гаргаж хөгжүүлнэ. Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Алдаагаа дахин давтахгүй байхыг хичээдэг.
Хүн өөрийгөө ялах нь амжилтын нэг үндэс гэж бодож байна. Тиймдээ ч дутагдалтай, ололттой бүхнээ би хүлээн зөвшөөрдөг. Хорвоогийн үнэн, худлыг цаг хугацаа харуулдаг. Муухай хэвлэл байдаг гэж боддоггүй. Харин муу сэтгүүлч хэвлэлийг шарлуулдаг байх гэж ойлгодог. Надад хэтэрхий их магтаал ч хэрэггүй, хиймлээр дордуулах гэсэн доромжлол ч хэрэггүй. Асуух нь хариулахаас ч хэцүү сэтгүүлчдийн ажлыг би хүндэлдэг.
-Хувь тавилан гэж юу юм бэ?
-Та бид өөд өөдөөсөө хараад аяга кофе уугаад сууж байгаа энэ мөч ч амьд явааг маань илэрхийлж байгаа азтай хувь тавилан биш гэж үү. Алдсан минут эргэж олддоггүй болохоор цаг хугацаа миний хувьд алт. Биднийг ярилцаж суух мөч секунд, секундээр урагшилж байна. Өнгөрсөн бүхэн нэгэнт эргэж ирэхгүйгээс хойш ирээдүйгээ бодож, өөдрөг амьдрах хэрэгтэй.
-Хайр нэг бодлын зовлон ч юм шиг, жаргал юм шиг санагддаг уу?
-Хорвоод хүн болж төрчихөөд хайрын сайхныг мэдрэхгүй, амсахгүй өнгөрнө гэдэг харамсалтай. Анхны хайртайгаа учраад болзоондоо яаран тэмүүлж байгаа залуусын зүрх сэтгэлийн догдлол, жаргалтай мөчийг үгээр илэрхийлж, зүйрлэмээргүй санагддаг. Хайр зовлон, жаргал, гуниг, баярыг дагуулдаг юм шигээ. Уйтгар гуниг, шаналал ч сэтгэлийг хөглөж, догдлуулдаг болохоор хайрыг олон янзын өнгөтэй гэж ойлгодог.
-Амралтын чинь өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Дандаа ийм завгүй байдаггүй байлгүй дээ?
- Амралтын өдөр намайг завтай гээд бодож ирсэн таныг их ажилтай угтаж байгаад уучлаарай. Үнэнийг хэлэхэд надад нойроо хугасалж ажиллах энүүхэнд. Шөнийн хоёр цаг хүртэл ажиллаад, өглөөний таван цагт босож үргэлжлүүлдэг. Ачаалал ихтэй ажиллаж байгаа ч залуу насныхаа эрч хүчийг мэдэрч, энэ цаг үедээ эзэн нь байж амьдармаар байна. Бусдад өөрийн чадах зүйлээрээ тусалж, урам зориг өгч, итгэл төрүүлж амьдаръя. Бидэнд тухтай ярилцах мөч дараа гарна гэдэгт найдаж байна.
-Шантарч, бүр зугатмаар санагддаг уу?
-Хүсэл, мөрөөдлийн төлөө ажиллаж байгаадаа хэзээ ч харамсахгүй. Харин нэг зүйл дээр сэтгэлээр унаж, шантарч байсан. Итгэж явсан найз, нөхдийн минь надаас урвасан урвалт хамгийн хэцүү нь байлаа. Нөхөрлөлөө зогсоох шийдвэр гаргахад хоолой минь зангирч, уйлж байсан. Надад үүнээс өөр сонголт хийх зам байгаагүй. Би амьдралаас их зүйлийг олох гэж шунадаггүй.
“Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” гэдэг үг миний хэлэх дуртай үг. Намайг гэсэн бүхнийг найзаа гэж боддог. Эд хөрөнгөнөөс илүү сэтгэлээр баян байхыг хүсдэг. Ямар ч хүн анд нөхөрлөл, гэр бүл, хийж буй ажилдаа үнэнч байх хэрэгтэй. “Үнэнч, шударга хүнийг дагах хэрэгтэй, хэрвээ өөрчлөгдөөд ирвэл орхи” гэдэг үгийг амьдралдаа баримталдаг.
-Найзууддаа дэндүү хатуурхчихдаг юм биш биз?
-Шударга байх нь миний ганц чаддаг зүйл. Дутагдлыг нь хэлж байж алдааг нь засна шүү дээ. Найзууд маань ч намайг шүүмжилдэг. Өөрт хэрэгтэй шүүжлэлийг би тэвчээртэйгээр сонсож чаддаг. Хатуу үг хэдий гашуун ч амьдралд тустай байх нь их юм билээ. Гэхдээ уучилж чаддаггүй хүн би биш ээ. Уучлалын хамгийн дээд эрхэм зүйл өршөөл гэж ойлгодог.
-Ажлын чинь өрөөнд улс төр, эдийн засаг, гоо сайхан, гадаад хэлний гээд төрөл бүрийн ном байна. Унших зав гарч байна уу?
-Би номыг их хүндэлдэг. Тиймдээ ч ухааныг минь тэлж, гэгээрүүлж байгаа дотны минь нөхөр гэж ойлгодог. Өвөг дээдэс минь үр хүүхдээ хөдөс нэхийд өлгийддөг хэрнээ ном, судраа торгонд баринтаглаж ирсэн ухаалаг ард түмэн байсныг түүх, соёл гэрчилдэг. Ажил ихтэй байсан ч өөрт тус болох ном байвал залхууралгүй зав гаргаад уншдаг.
Одоогоор “Амьдрал бол шатрын нүүдэл. Та 30 нас хүрэхээсээ өмнө 10 тэрбум төгрөг олох боломжтой” хэмээх дэлхийн алдартай хүмүүсийн амжилтад хүрсэн нууцын тухай солонгос хэл дээр хөрвүүлсэн ном уншиж байна. “Муу найзтай байснаас сайн номтой нөхөрлөсөн нь дээр” гэдэг үг байдаг. Ганцаардсан үедээ номтой нөхөрлөдөг. Чимээ аниргүй, тайван орчинд ном уншаад суухад тайтгардаг юм. Ухаантай хүнтэй ярилцсан мэт сэтгэгдэл төрдөг.
-Улаан балаар доогуур нь зурсан үгнүүд ямар учиртай юм?
-Хүн амьдралаас бүхнийг суралцдаг. Арван хуруу тэгш, алдаж энддэггүй хүн гэж байдаггүй. Алдаагаа давтахгүй, амьдралдаа алдахгүйн тулд бүхнийг эргэн харахыг хичээдэг. Өөртөө хэрэгтэй гэсэн болгоныг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичдэг. Эргээд харж байхад сэтгэлд ойр байдаг юм.
-Өдрийн тэмдэглэл хөтөлдөг юм уу. Дэвтрийн чинь хуудас дуусах дөхсөн байна шүү дээ?
- Тийм ээ, хөтөлдөг. Өнгөрсөн үеэ эргэж харахад дурсамжтай байдаг юм. Тухайн үед төрж байсан баяр, гунигаа цаасан дээр буулгана гэдэг амьдралын минь нэг хэсэг.
-25 нас хүрээд гэр бүлийн амьдралд хөл тавина гэж хэлж байсан чинь санаанд буулаа?
-Хүний амьдрал заримдаа тааварлашгүй оньсого мэт санагддаг . Тийм хүнтэй гэрлэнэ гэж одоохондоо бардам хэлж чадахгүй ээ. Тэгээд ч амьдрал, хайр сэтгэлийг төлөвлөх зүйл биш гэдгийг ойлгосон. Өнөөдөр ингэж тодорхойлж хэлж чадахгүй байгаа ч маргааш сайхан хайртай учирч болох шүү дээ. Бүсгүйчүүд амьдралдаа сайн ханьтай учирч, аз жаргалтай амьдрахыг хүсдэг.
Би ч гэсэн адилхан бодолтой явдаг. Заяаны минь хань хүнлэг сэтгэлтэй, боловсролтой, ухаалаг, эд хөрөнгө, царай зүс харахаас илүү ямар ч үед байгаагаар минь хүлээж авдаг, зөв хүмүүжилтэй, дөлгөөн хүн байгаасай. Урлаг, улс төрийн, энгийн сайхан залуу байх нь хамаагүй. Хайрлаж хүндэлдэг, ойлгож дэмждэг сэтгэлтэй байх нь чухал.
-Хэн нэгэн сэтгэл алдраад, хайраа илэрхийлбэл яаж хүлээж авах вэ?
-Надад зориг гаргаад сэтгэлийн үгээ илчилж байгаа хайрыг нь хүндэтгэнэ. Хоёр хүн нэг нэгнээ сайн таньж, мэдсэний үндсэн дээр хайр сэтгэлээ илэрхийлдэг. Түүнээс биш анхны харцаар дурлаж, хайр сэтгэлээ илчлээд, амьдралд хөл тавина гэдэг арай эртдэнэ. Үүнд цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Хайр сэтгэл хэр бат бөх байхыг он жилүүдийн нөхөрлөл үнэнээр нь харуулдаг байх.
-Нууц амрагийг хүлээн зөвшөөрдөг үү?
-Нууц нь битгий хэл жинхэнэ нь хаа яваа юм бол. Уучлаарай, надад ахадсан асуулт байна. Сайхан нөхөрлөлийг бол хүлээн зөвшөөрнө. Харин хүний гэр үймүүлж, хүүхдийн хувь заяагаар тоглосон өрөөсөн гутал шиг дурлалыг нууц амраг гэж ойлгож болохгүй байх. Нууц нь задраад ил гарчихдаг амьдралд ямар юмных нь нууц байх вэ дээ.
-Юуны төлөө амьдрахыг хүсдэг вэ?
-Их мөнгө олохын төлөө биш ээ. Мөнгөнд шунаж амьдарвал араас нь гүйх хэрэг гарна. Хүсэл мөрөөдөл, аз жаргалынхаа төлөө амьдрахыг хүсдэг.
-Таныг хэл сурах авьяастай, олон хэл мэддэг гэж ярих юм билээ?
-Ямар ч улсын хэлийг төрөлх хэл шигээ сурна гэдэг юу л бол. Хүнтэй ойлголцохын тулд, бас хүнд ойлгуулахын тулд зөв сурах хэрэгтэй. Япон, англи, солонгос хэлийг өөрийнхөө хэмжээнд сурсан.
-Ойрын үед төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-2006 онд Африк тивийн Танзани улсын нийслэл Дар-Эс-Салам хотод шагнуулж байхдаа “Би өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймгийн Ханбогд суманд дэлхийн томоохон номын сан байгуулна” гэж амлаж байсан. Нутгийн олон надад номын өргөө бариарай гэж газар бэлэглэсэн. Номын өргөөнийхөө хажууд үндэснийхээ түүх, соёлыг харуулсан музей байгуулна.
-Та ядарсан царайтай харагдаж байна. Гоо сайхандаа анхаарал тавьж байгаа биз дээ?
-Завгүй ажилтай байсан ч гоо сайхандаа анхаарч чаддаг. Гоо сайхны бүтээгдэхүүнээ зургаан сар болоод сольдог. Үнэтэй брэндийн бүтээгдэхүүн байнга хэрэглэвэл үр дүнгээ өгөхөө болчихно. Өөрийнхөө арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Сүүлийн үед Монголынхоо “Монос”-ын гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэж байгаа.
-Итали улсыг хэзээ зорих вэ. Тэнд амьдрахаар шийдсэн гэл үү?
-Ирэх сарын 1-нд явна. UBS TV-ийн захирал Л.Балхжавын зохион байгуулсан “TV miss” тэмцээний шилдэг таван охины нэгийг Итали улсын Ром хотод дэлхийн 50 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдөх “Miss motors” олон улсын тэмцээнд оролцуулах юм.
-Уйтгарлаж, гуниглах зав гардаггүй байх аа, Танд?
-Би бусдын л адил. Хааяа гуниглаж, уйтгарлах үе гардаг. Гэрээсээ хол байхдаа эх орон, аав ээж, найз нөхдөө санаж үгүйлнэ . Тийм үед сар руу хараад чимээгүйхэн уйлдаг юм. Харин өглөө босоод нар руу харах дуртай. “Нар минь та надад эрч хүч, урам зориг, сэтгэлийн тэнхээ хайрлаач” гэж шивнэдэг. Уйтгарласан үед Д.Жаргалсайхан ахын дуулсан
“Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр байна” гэдэг дуу санаанд орж ирдэг юм.
-Сэтгэл санаа тавгүй үедээ яаж тайвширдаг вэ?
-Бясалгал хийдэг. Юу ч бодохгүй залбирч суухад стресс тайлагддаг. Ээж минь ямар ч үед миний дэргэд байдаг. Надад санаа их тавина.
Эмч мэргэжилтэй болохоор ажил, амралтаа зөв зохицуулж, эрүүл амьдрахыг байнга захидаг юм. Дайчин , шаргуу, өөдрөг зангаар нь их бахархдаг. Ээжийнхээ ачийг хариулж чадсан хүн байдаггүй юм гэнэ лээ. Гэхдээ охин чинь хэзээ нэгэн цагт таныхаа ачийг заавал хариулнаа. Хааяа ажил амжихгүй явах үедээ ээжийгээ анзааралгүй орхиод, гомдоочихсон байдаг юм. Хүн хол байх тусмаа ээжийгээ санаж, үгүйлдэг юм билээ. Тэр зовлонг их мэдэрсэн.
-Зүүж байгаа гоёл чинь хээнцэр загвартай юм. Хаанаас авсан юм бэ?
-Эх орондоо ирэхээс өмнө дэлхийн хамгийн хурдтай FERRARI машиныг сурталчилсан рекламд нь тоглож, Италийн “SPORT&TURIST” сэтгүүлийн хавтсанд зургаа авахуулсан. FERRARI машиныг үйлдвэрлэсэн газар “Мiss mоtоr” тэмцээнийг спонсорлож байгаа. Тэмцээнийг зохион байгуулж буй байгууллагын брэнд бүтээгдэхүүнийг сурталчиллаа гэж энэ гоёлыг надад бэлэглэсэн юм.
-Монголдоо ирээд юуг их мэдрэв?
-Монголынхоо цэлмэг тэнгэр, цэвэр агаар, сайхан байгалийг их санасан., гэрийнхээ босгоор алхаад эрх чөлөө, амар амгалан, аз жаргалыг мэдэрсэн. Залууст хандаад “Бидэнд эх орноо хөгжүүлэх цаг үе хэдийнэ иржээ. Мэддэг, чаддаг зүйлээрээ хувь нэмэр оруулцгаая” гэж уриалъя. Би ярилцлагаа сайхан үгээр өндөрлөмөөр байна, болох уу?
-Бололгүй яах вэ, тэр үгээ хэл л дээ?
-Алтан дэлхийд цэцэг ургаад өнгөө бүү алдаасай
Амьдралын харгуйд хөл тавиад өвдөг бүү сөгдөөсэй
Ачит төрийнхөө сүлдэнд залбирнам би
Ард түмнийхээ хайрыг дээдэлнэм би
Ням гариг сэтгүүл