Европын орнуудын “Nokia Night of The Proms” хөгжмийн наадам нээлтээ хийлээ. Уламжлалт уг арга хэмжээнд алдарт “Roxette” хамтлагтай нэгэн тайзнаа манай “Трансмонгол” ардын урлагийн хамтлагийнхан язгуур урлагийн гайхамшгаа сонирхуулах талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хамтлагийн ахлагч Д.Хосбаяртай цахим сүлжээгээр дамжуулан хуучиллаа.
-“Nokia Night of The Proms” наадам амжилттай үргэлжилж байна уу?
-Тоглолт найм дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Бид Оберхаусен, Ерфурт Франкфурт зэрэг хотод тоглосон. Тоглолт бүр 15-20 мянган үзэгчтэй байгаа. Дараагийн тоглолтуудын тасалбар ч хэдийнэ зарагдсан гэсэн.
-“Nokia Night of The Proms” наадамд голчлон ямар урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчид оролцдог юм бэ?
-Поп классик наадам гэсэн тодотголтой байдаг.
-Танай хамтлаг ямар үзүүлбэрээр оролцож байна вэ?
-Хөөмий голчилсон язгуур урлагийн үзүүлбэрээр оролцож байгаа. Европт их нэр хүндтэй наадам тул эх орныхоо нэрийг тэр дундаа язгуур урлагаа сурталчилж яваадаа баяртай байна. Хүмүүс үзүүлбэрийг тэр дундаа хөөмийг талархан хүлээн авч байгаа. Энэ наадмын үеэр бид хөөмийгөө зөвхөн үзэгчдэд төдийгүй Европын нэр хүндтэй уран бүтээлчдэд танилцуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой.
-Наадам хэзээ дуусах вэ?
-Одоо арав гаруй тоглолт үлдсэн. Мөн шинэ он гарсны дараа Америк болон Канадын хотуудаар есөн тоглолттой.
О.УНДАРМАА