Хятадын Харбин хот жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын дунд үе хүртэл цас мөсний вант улс болон хувирдаг билээ. Тус хотод зохион байгуулдаг Цас, мөсөн урлалын олон улсын наадам харбинчууд болон дэлхийн жуулчдад мөсөн улсаар аялах боломж олгодог юм. 26 дахь жилдээ явагдаж байгаа энэ удаагийн наадамд Канад, Япон, Сингапур, Америк, Орос, ХБНГУ, БНСУ зэрэг олон орны 200 гаруй уран бүтээлч оролцож байна.
Тэд одоогоор 100.000 шоо метр цас, 150.000 шоо метр мөсөөр дэлхийн гайхамшигт барилга байгууламж, алдартай хүмүүсийн баримал болон хүүхэлдэйн киноны баатрууд зэрэг 2000 орчим бүтээл урлаж, мөсний хаант улсыг босгоод байна. Түүнчлэн энэ наадмын хүрээнд 100 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү наадам нь “Цас мөсөн Диснейлэнд” хэмээн алдаршсан бөгөөд зөвхөн эл арга хэмжээг сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин Харбинд ирдэг.
Сонирхуулахад, цас мөсний вант улсад нэвтрэх визний үнэ том хүн 150, хүүхэд 75 юань аж. Манай уран бүтээлчдийн хувьд энэ наадамд оролцоогүй. Учир нь олон улсын хэмжээнд зохион байгуулдаг цас мөсний баярт хувийн зардлаараа оролцдог болохоор багагүй асуудал тулгардаг юм билээ. Тиймээс хөрөнгө зардлаа шийдэж чадвал иймэрхүү арга хэмжээнд боломжоороо оролцохыг хичээдэг хэмээн ярьж байлаа.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Канад, Америкт болсон мөсний наадамд манай уран бүтээлчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.