Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын тогооч нарын холбоо” хамтран энэ сарын 9-нд “Улсын аварга тогооч” шалгаруулах уралдаан зохион байгуулах гэж байна. Хоол, ундааны нэр төрлийг олшруулах, технологийг сайжруулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнд хот, аймаг бүрээс гурван тогооч шалгарч, оролцох боломжтой.
Түүнчлэн 2008 онд улсын болон аймаг, нийслэлийн аварга болсон тогооч нар оролцох аж. Тэд үндэсний хоол, хүндэтгэлийн хоол хийн өрсөлдөх бөгөөд амт чанараас гадна чимэглэх урлаг, технологи ажиллагааг нь харгалзана хэмээн зохион байгуулагчид нь ярьсан юм.
“Үндэсний хоолны тогооч”, “Хүндэтгэлийн хоолны тогооч” гэсэн хоёр төрлөөр уралдааны шилдгүүдийг шалгаруулах бөгөөд нэгдүгээр байрын эзэд алтан медаль, 200.000 төгрөгөөр шагнуулна. Түүнчлэн уралдааны шилдгүүдээс олон улсын тэмцээн, наадамд оролцох баг бүрдүүлэх аж. Дашрамд дурдахад, “Улсын аварга тогооч” шалгаруулах уралдаан 1971 оноос уламжлал болжээ.
Б.ЦОХ