ДБЭТ дэлхийн сонгодог урлагийн нэрийн хуудас болсон Ж.Вердийн нэрэмжит Миланы консерватори болон Ла Скала театрын дэргэдэх академитай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулжээ. Энэ гэрээг Ж.Вердийн нэрэмжит Миланы консерваторийн захирал Сониа Бо, Ла Скала театрын дэргэдэх академийн захирал Луиза Винчи, ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нар өнгөрсөн сарын 18-нд Миланд үзэглэсэн юм.
Эмэгтэйчүүдийн сүм байсан эртний түүхтэй байгууламжид байрладаг Ж.Вердийн нэрэмжит консерватори нь дэлхийн томоохон театруудын хөгжмийн мэргэжилтнүүдийг 200 гаруй жилийн өмнөөс бэлтгэх болжээ. Тус консерватори Ж.Верди, Ж.Пуччини нараар овоглосон хоёр театртай. Харин Ла Скала театрын дэргэдэх академи таван тэнхимтэй. Энд мэргэжлийн дуучин, балетчин, хөгжимчдийг бэлтгэхээс гадна урлагийн менежер, тайзны мэргэжилтнүүдийг сургадаг юм байна.
ДБЭТ-ынхан тайз, гэрэл, хувцасны мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Гэсэн ч анхан шатны гэрээгээр эдгээр асуудлыг тодорхой заагаагүй аж. Ирэх хавар Ж.Вердийн нэрэмжит консерваторийн захирал Сониа Бо, Ла Скала театрын дэргэдэх академийн захирал Луиза Винчи нар манай улсад айлчлан ДБЭТ-ын үйл ажиллагаатай танилцаад дараагийн гэрээгээ үзэглэснээр, хэрхэн хамтран ажиллах нь тодорхой болох юм.
Түүнчлэн ДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Вердийн “Аида” дуурийг амилуулахаар бэлтгэж буй. Энэ баасан гаригт эл дуурийг концертийн хэлбэрээр үзэгчдэдээ хүргэх аж. Тоглолтыг Красноярскийн дуурийн театрын удирдаач, ОХУ-ын ардын жүжигчин А.П.Чепурной дохих ба тэрбээр тоглолтын бэлтгэлээ базаахаар долоо хоногийн өмнө Монголд иржээ.
“Аида” дуурьт найрал дуучид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг учраас ДБЭТ-ын найрал дуучид СУИС болон ХБК-ийн дуурийн дуулаачийн ангийн оюутнуудаар хүрээгээ тэлж, 150 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа. Энэ бүтээлийн гол дүрийг удирдаач, найруулагчаар ажиллах А.П.Чепурной сонгох ба сопрано хоолойтой манай бүх дуулаач энэ дүрд бэлтгэж байгаа гэсэн. “Аида” дуурийг ирэх оны тавдугаар сард бүрэн эхээр нь үзэгчдэд хүргэнэ.
Ж.СОЛОНГО