Оны сүүлийн сар дундаа орж амжаагүй ч албан байгууллагууд гацуур модоо засаж, дэлгүүрүүд шинэ жилийн гоёлоо дэлгээд нийслэл хотод хэдийнэ баярын уур амьсгал орчихож. Бүсгүй та шинэ жилээр өмсөх даашинзаа бэлдэхээр дэлгүүр рүү гарах гэж байгаа бол “Моод гоёл” буланд саатан энэ өвлийн гоёлын даашинзны чиг хандлагад ямар өөрчлөлт гарсныг сонирхоорой.
Нэг мөртэй даашинз нийтийн хэрэглээнд
Хэрэв та хүлээн авалт, ёслолын ажиллагаанд очихоор зэхэж байгаа бол шулуун урт хормойтой даашинзаар
гоёхыг санал болгож байна. Мөргүй даашинз хэзээд дур булаам харагдуулдаг ч энэ жилийн загварт нэг мөртэй эсвэл нуруу ил гарсан даашинз голлох нь. Харин та ийм загварын даашинзыг таашаадаггүй бол V хэлбэрийн захтайг сонгосон ч болох. Эл төрлийн даашинз шинэлэг, дэгжин байдлын илэрхийлэл байх болно.
Баяртай, бараан өнгө минь!
Жил бүрийн гоёлд голлох байр эзэлдэг бараан, тэр дундаа цулгуй хар өнгийг загвар зохион бүтээгчид энэ удаад халах гэж байна. Түүний оронд сонгодог, хүндэтгэл ёслолын хувцсанд ихэвчлэн хэрэглэдэг хар даашинзыг алтлаг өнгийн оруулгатай болгон өөрчилж байна. Хэрэв таны бэлдсэн даашинз тань энэ зарчимд нийцэхгүй бол санаа зовох хэрэггүй. Алтлаг өнгийн бүс, цүнх, бугуйвч, гутал гээд та өөрийн боломжид нийцүүлэн өнгөний жаахан өөрчлөлт хий чи хэж болох нь. Ялангуяа гутлын өсгий тань алтлаг өнгөтэй бол бүр ч дэгжин харагдах нь.
Эрдэнийн өнгө эрэлттэй байх нь
Харин сургуулийнхаа үдэшлэгт оролцох гэж байгаа залуу охидод үнэт эрдэнийн чулуу шиг тод хурц өнгийн богино даашинзыг санал болгож байна. Яг л маргад эрдэнэ шиг хурц ногоон, бадмаараг шиг улаан, индранил шиг хөх гээд л үдэшлэгийн бүжгийн тайзнаа эрдэнийн чулуу шиг гэрэлтэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тэгэхдээ богино, хормой нь шүхэр хэлбэрийн эсвэл 1940-өөд оны даашинзыг санагдуулам дэрэвгэр хормойтой байвал бүр ч догь.
У.ТЭНҮҮН