Циркт шинэ жилийн тоглолт болохгүй гэсэн таагүй мэдээлэл чих дэлсэх боллоо. Өнгөрсөн хоёр жилд үлгэрээс сэдэвчилсэн “Питер Пэн ба түүний нөхөд” тоглолт хийж, шинэ жилийн баярыг үзэгчидтэйгээ хуваалцаж байсан циркчид яагаад тоглолт хийхгүй болсон талаар тодруулахаар Циркийн сургуулийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатар руу утас цохилоо.
-Циркт шинэ жилийн тоглолт болохгүй гэв үү?
-Бид тоглолтоо “Хуучин цирк”-тээ хийхээр болсон. -Яагаад Монголын үндэсний циркийн байранд тоглохгүй гэж. -Уг нь тэнд үлгэрээс сэдэвлэсэн тоглолт хийх бодолтой байсан юм. Боломжгүй болсон учраас бид энэ сарын 16-26-нд “Happy land” нэртэй тоглолтыг “Хуучин цирк”-т хийх гэж байна. Өвлийн өвгөний амьдардаг аз жаргалтай аралд багачуудаа зочлуулахаар төлөвлөлөө. Энэ тоглолтод уран нугаралт, дээс, акробат зэрэг циркийн урлагийн бүх үзүүлбэр багтсан.
-Тэгэхээр Монголын үндэсний циркийн байранд шинэ жилийн тоглолт болохгүй гэсэн үг үү?
-Болох байх аа. Өөр хүн найруулж байгаа учраас сайн мэдэхгүй юм.
Энэ талаар Монголын үндэсний циркийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадамаас тодрууллаа.
-Манай циркийн шинэ жилийн тоглолт энэ сарын 20-нд эхэлнэ. Үлгэрээс сэдэвлэсэн орчин үеийн тавилттай уран бүтээл бэлтгэж байгаа. Бид энэ удаа “Grand pas”студийн захирал Д.Дашлхагватай хамтран ажиллалаа. Жонглёр, акробат, хөлөөр шидэгч, уран нугаралт зэ рэг үзүүлбэр багтаасан тоглолт хийнэ.
-Цирк амьтангүй болсон шүү дээ. Тэгэхээр үзэгчдэд нэг юм дутсан мэт санагдах байх даа.
-Тийм ээ. Хотын төвдөө байрладаг циркийн хувьд олон амьтан байлгах нь эрүүл ахуй, ариун цэврийн хувьд шаардлага хангахгүй байсан учраас бид ийм үзүүлбэр тоглуулахгүй. Харин гаднын циркчид амьтадтайгаа ирвэл тоглуулна. Түүнчлэн ирэх зунаас таван хошуу малтай тоглолт хийхээр төлөвлөсөн гэв.
Ж.СОЛОНГО