Хоёр жил тутамд зохиодог уламжлалтай Улсын аварга тогооч шалгаруулах уралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Хоолыг хэрэглээ төдийхнөөр боддог байсан цаг хэдийнэ ард хоцорсныг уламжлалт энэ арга хэмжээ харуулдаг юм. Өндөр хөгжилтэй улсуудад олон зууны тэртээгээс урлаг болтлоо хөгжсөн хоолны салбар манайд харьцангуй шинэ ч гэлээ боломжийнхоо хэрээр ахиж, дэвшиж байгаа.
Энэ талаар Монголын тогооч нарынхаа холбоо санаачилгатай байж, олон улсын тавцанд монгол хоолоо сурталчилж, тогооч нарын чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байгаагийн нэг илрэл нь Дэлхийн тогооч нарын холбоонд элссэн явдал юм. Тэр хэрээр Улсын аварга тогооч шалгаруулах уралдааны цар хүрээ тэлж, өгөгдөх даалгавар нь тогооч нарын ур чадварыг сорьж, тодорхой түвшинд хүрсэн.
Энэ удаагийн уралдаанд 61 тогооч ур чадвараа сорьсноос 23 нь орон нутгаас ирж, оролцлоо. Хүндэтгэлийн болон монгол хоол унд гэсэн хоёр ангиллаар тус бүр 30 тогооч өрсөлдөв. Үүнээс гадна энэ уралдааны уламжлал болох гэрийн даалгаврыг өөрийн сонголтоороо чөлөөт сэдвээр гүйцэтгэсэн юм. Энэ удаагийн уралдааны онцлог нь шинэ залуу үеийнхнийг дэмжиж, дэлхийн жишигт хүргэхэд алхам ойртуулах зорилготой байсан тухай МТХ-ны гүйцэтгэх захирал Ч.Санчир мэдээлсэн.
О.Энхбат
ХХААХҮЯ, МТХ-той хамтран зохион байгуулж, “Алтай барбикью” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон тус уралдааныг доктор, мастер тогооч цолтой нэр хүнд бүхий таван хүн шүүж, хяналтын шүүгчээр хоёр хүн ажилласан юм. Бүтэн өдрийн турш өрсөлдөж, харилцан туршлага солилцсон тогооч нараас тэргүүн байрт М.Гангантөгс шалгарч 200.000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Удаах байрыг Э.Цэцэгмаа эзэлсэн. Өмнө нь иймэрхүү уралдаанд оролцож байгаагүй туршлага багатай хэд хэдэн хүн энэ удаагийн шалгаруулалтад оролцсоны нэг нь “Улаанбаатар” рестораны тогооч О.Энхбат. Сэтгэгдлийг нь асуухад “Гоё байна. Сандарч байна” хэмээн товчхон хариулсан тэрбээр даалгавар гүйцэтгэхдээ бага зэрэг сандарч байсан ч “бурхи”-нуудаас дутахааргүй сайн байлаа.
Ж.ЭРДЭНЭ