“Амьдралд гэрэл нэмнэ” уриатай “Монсудар”- ын хамт олон нийтийн хөгжмийн боловсролд зориулан дэлхийн сонгодог хөгжмийн үе үеийн бүтээлээс багцалсан зургаан цомгоо танд хүргэж байна. “Барокко”, “Романтизм-I, II, III”, “Классицизм” зэрэг тэдгээр цомогт тухайн урсгал, чиглэлийн гол төлөөлөгчдийн шилдэг бүтээлээс сорчлон багтааснаас гадна тус бүрийн тайлбарыг нь монгол, герман хэлээр хэвлэн, хавсаргаснаараа онцлог.
Генделийн “Усны хөгжим”, Бахын “Токката Фуга”, Вивальдийн “Хавар”, “Мандолины концерт”, “Гитарын концерт” Гайдны “Нарийн бүрээний концерт”, Моцартын “Бялар хөгжимд зориулсан концерт”, “Турк марш”, Бетховений “Сарны сонат”, Шубертийн “Төгсөөгүй симфони”, Шуманы “Мөрөөдөл”, Штрауссын “Цэнхэр Дунай”, Брамсын “Унгар бүжиг” гээд хэдэн зуун дамжин хүн төрөлхтний сонорыг мялаасан бүтээлийг багтаасан цомог юм. Мөн Глинка, Мусоргский, Римский-Корсаков, Чайковский, Стравинский, Шостакович нарыг ч та таалан сонордоорой.
Өөрөөр хэлбэл, хөгжмийн урлагийн тодорхой үеийг илтгэн олон урсгалыг тодотгодог агуу хүмүүсийн бүтээлийг Германы алдарт “Deutsche Grammophon” фирмд хэвлүүлсэн байна. 1898 онд Германы Ханновер хотод байгуулагдсан “Deutsche Grammophon” нь дэлхийн шилдэг бүтээлийг өөрийн нэрээр бичиж гаргадаг, хоёр зуунд чанараараа гайхуулж яваа байгууллага юм. Эдгээр цомогт эгшиглэх бүтээлүүдийг удирдаач Herbert von Karajan, Trevor Pinnock, Claudio Abbado, Seiju Ozawa, Thomas Sanderling, хөгжимчин Vladimir Ashkenazy, Tamas Vasary, Martha Argerich, Friedrich Gulda, Emil Gilels, Wilhelm Kempff , Helene Grimaud нарын алдартнууд танд хүргэж байна.
Найрал хөгжмийн хувьд Берлиний филармони оркестр, Лондоны симфони оркестр, Венийн филармони оркестр түүнчлэн Бостон, Зальцбург, Вашингтон, Киров, Варшав, Оросын шилдэг цөөхүүл болон найрал хөгжмийн тоглолт энэ багцад оржээ.
Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Р.Энхбатаас тодрууллаа.
-Сүүлийн үед “Монсудар”-аас олон янзын цомог гаргаж байгаа. Үүний өмнө “Тайвшрал”, “Бүүвэйн дуу” нэртэй цомог гаргасан нь хүмүүст нэлээд таалагдсан байна билээ.
-Хэдэн зууны шалгуурыг даван өнөө үед ирсэн сонгодог хөгжмийн гайхамшгийг монголчууддаа дэлхийн алдартнуудын эгшиглүүлснээр хүргэж байгаадаа баяртай байна. Тэр сайхныг өөрөө мэдрээд, таашаал авах нь гол биш, олон түмэнтэйгээ хуваалцахыг эртнээс хүссэн юм. Тэр мөрөөдөл маань өнөөдөр ажил болж, “Сонгодог хөгжмийн урсгал чиглэл, гол төлөөлөгчид, шилдэг бүтээлүүд” цомог гаргасан нь энэ.
-Ном, сурах бичгээр дагнах бус ийм хэлбэрээр сонсдог ном бүтээж байгаа танай хамт олонд баярлалаа.
-Мэдлэг боловсролтой болох гэсэн хүмүүсийн хичээл зүтгэлийг дэмжихэд ямар ч хэлбэрийн ажил хийж, зохион байгуулж болно гэж би боддог. Цаад үр дүн нь цагаан мөртэй учир төлөвлөсөн ажил ч бүтдэг юм. Орчин үед цомог сонсох боломж айл гэр, албан тасалгаанд хангалттай бүрдсэн ч сонгодог хөгжмийг мэдрэх, мэдрүүлэх тийм “ориг” бичлэг манайд байдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, симфони оркестрыг дэргэд нь байгаа мэт мэдрэх боломж манай зах зээл дээр алга. Сонгодог хөгжим сонсох нь рок сонсохоос шал өөр гэдгийг мэдэрч би энэ ажилдаа шуурхайлан орсон.
-Энэ ажилд тань хэн туслав?
-Герман найз нар маань тусалсан. Энэ ажлын цаана гарах гэж хоёр жил болсон. Анхны бичлэгээ Германаас авчраад тэр оройдоо өрөөндөө ганцаараа сонсох агшинд “Хүн ийм гоё юм хийдэг ээ бас” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, бахархах сэтгэл бадарсан.
-“Deutsche Grammophon” компани дэлхийн сонгодог хөгжмийн олон эрхийг эзэмшдэг гэж сонссон.
-“Deutsche Grammophon” компанид сонгодог хөгжмийн маш олон уран бүтээлчийн эрх хадгалаастай байдаг. Харин бид хэний дохисон, ямар бүтээлийг хэвлүүлэх вэ гэдэг сонголтын эрхийг авсан юм. Иймээс дэлхийн хэмжээний сонгодгуудын бүтээлээс цогц болгон хүргэж байгаа юм. Дашрамд хэлэхэд, хөгжмийн урлагийн хамгийн урт настай, тансаг хэлбэр болсон сонгодог хөгжмийн чиглэлээр бидэнтэй хамтран ажилладаг Монголын хөгжмийн зохиолчид болон герман нөхдөдөө талархаж байгаагаа хэлье.
Ж.ЭРДЭНЭ