“ХИТ ЭНТЕРТАЙНМЕНТ” хөгжим, мэдээллийн нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Г.Бурамыг сэтгүүлийнхээ энэ дугаарын зочноор урьлаа. Түүнийг хөтлөгчөөр ажиллаж эхлэх үеэс “ХИТ”-ийг сонирхож үздэг байв. Хөтлөх арга барил нь цаанаа л нэг өөр, сэтгэл өөрийн эрхгүй татагдмаар. Эрхэмсэг төрх, хөөрхөн инээмсэглэл, энгийн зан, хөтлөгчийн авьяас нь монголын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй залуусыг цэнхэр дэлгэцийн өмнө тэвчээртэйгээр “уядаг” гэдэгт би лав огт эргэлздэггүй.
Түүнийг нэвтрүүлгээ хөтлөхгүй жаахан удвал үзэгчид үгүйлээд эхэлдэг. Утасных нь дугаарыг олоод “ХИТ”-ээ хөтлөхийг санал болгоно, амраахгүй залгаж, мессеж “нисгэнэ”. Дэлхийн болоод монголын хөгжмийн түүхийг цаг үетэй нь холбож, урлагийн ертөнцөд өрнөж буй бүхий л үйл явцыг хүмүүст халуун цэгээс нь сурвалжлан хүргэдэг нь түүний давуу тал. Ажил ихтэй байсан ч түр хойшлуулж, цааргалалгүй гэртээ хүлээж авсан тэрбээр “Нэвтрүүлгээ хөтөлж байхдаа би аз жаргалтай байдаг юм” хэмээн өгүүлснээс бидний халуун яриа өрнөсөн юм.
-Өглөө тан руу утасдахад ажил ихтэй гадуур явна гэж байсан. Уг нь өнөөдөр амралтын өдөр шүү дээ. Ямар ажил амжуулав?
-Өглөө эрт гэрээсээ гарч, аавынхаа компанийн ажлыг амжуулах гэж гадуур үд хүртэл завгүй гүйлээ. Гэртээ дөнгөж ирээд сууж байгаа минь энэ.Үдээс хойш мөн л өөрийн компанийн ажлыг амжуулахаар гарна. Орой найзуудтай уулзаж, нэг аятайхан газар хооллонгоо ярьж, хөөрч сууна.
-Нэвтрүүлгээ хөтлөлгүй нэг хэсэг нам жим байхаар чинь таныг гадагшаа сурахаар явжээ гэж бодож байлаа...
-Би хувиараа компани байгуулаад, хагас жилийн нүүр үзэж байна. Компанийн маань үйл ажиллагаа авто тээврийн тэр дундаа том оврын машинаар ачаа тээвэрлэхэд чиглэж байгаа. Алсдаа гадаад худалдаа руу үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодол бий.
-Хөтлөгч, редакторын ажлаа бизнесээр яагаад сольчихов гэж хүмүүс гайхах байх даа...
-Хөтлөгчийнхөө ажлыг бүр мөсөн орхиогүй ээ. Хөгжмийн нэвтрүүлгээ 30 нас хүртэл хөтөлнө. Надад бизнест хөл тавих шалтгаан байсан юм. Монголын өнөөгийн нийгэм ямар байгааг надаар хэлүүлэлтгүй олон хүн сайн мэднэ. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хүмүүсийн амьдрал өмнөхөөсөө илүү дордож байна. Монголын залуус ажил хийгээд, сард 300-400 мянган төгрөгийн цалин авдаг. Телевизийн хөтлөгч бол миний багын мөрөөдөл. Би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Хүн өөрийнхөө дуртай ажлыг хийж байхдаа эрч хүч, урам зориг, аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. Хувийн компани байгуулсан болохоор одоохондоо гэр бүлийнхэнтэйгээ хамтарч юм хийхээр зорьж байна.
-Компани байгуулж, хөл дээр нь босгоод авч явна гэдэг өнөөгийн нөхцөлд амаргүй. Наад зах нь эдийн засгийн мэдлэг, боловсрол, туршлага, өрсөлдөөн гэдэг зүйл зайлшгүй шаардагдана...
-Тийм ээ. Компани байгуулж, үйл ажиллагаа явуулахыг амархан ажил гэж хэлэхгүй ээ. Энэ бүхнийг эргэцүүлж сайн бодсон. Одоохондоо “Ирмүүн Бурам” гэж нэрлэсэн. Нэлээн бодож байж энэ нэрийг өгсөн. Бурам гэдэг нь миний нэр. Намайг ойр дотныхон маань энэ нэрээр минь дуудаж ирсэн. Найз залууг маань, мөн хамгийн хайртай дүүг минь Ирмүүн гэдэг. Монгол толь бичигт энэ үгийн утгыг “Хүчтэй, зоригтой, дээшээ тэмүүлсэн” гэж тайлбарласан байна лээ. Хайртай хүмүүсийнхээ нэрийг өөрийнхөө нэртэй оролцуулж ингэж нэрлэсэн юм.
-“ХИТ” хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг. Хөгжмийн шинэ мэдээллийг нэвтрүүлгээс чинь авдаг болохоор залуус үгүйлж байгаа нь анзаарагдсан...
“Хит” бусад залуу нэвтрүүлгээс олны хүрээг хамарч чаддагаараа онцлогтой. Монгол орны өнцөг булан бүрт гардаг болохоор хамгийн их үзэгчтэй. Хөгжмийн мэдээллийг 15 жилийн турш үзэгчдэд тасралтгүй хүргэсэн хамгийн “хөгшин” нэвтрүүлэг гэж хэлж болно. Энэ ч утгаараа “ХИТ” хүмүүсийн сэтгэлд хоногшиж чадсан. Одоогоор нэвтрүүлэг түр завсарласан байгаа.
Давка ах БНХАУ-ын Бээжин хотод мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байна. Миний хувьд өнгөрсөн зун хувиараа бизнес эрхэлж завгүй өнгөрөөлөө. 2011 оноос “ХИТ” хөгжим мэдээллийн нэвтрүүлгээ үзэгчдэд үргэлжлүүлэн хүргэнэ. Манай нэвтрүүлэг гадаадын орнуудад очиж, хөгжмийн ертөнцөд өрнөж буй бүхий л үйл явцыг халуун цэгээс нь хүргэдэг. Үүнийг түлхүү толилуулна гэж бодож байгаа.
-Ажлаа үгүйлж байна уу?
-Хөтлөгч миний хамгийн дуртай ажил. Нэвтрүүлгээ хөтөлж байхдаа аз жаргалтай байдаг. Энд тэнд ажил хөөцөлдөөд явж байхдаа хөгжим сонсоод баймаар л санагддаг. Өмнө нь би хамтлаг, дуучидтай уулзсаныхаа дараа ажлынхаа өрөөнд суугаад, хөгжим байнга сонсдог байлаа. Бизнесийн салбарт хөл тавьж, энэ чиглэлийн ажил руу анхаарлаа хандуулаад ирэхээр хөгжмөө өөрийн эрхгүй үгүйлж байна шүү.
-Нэвтрүүлгээ хөтлөхийг залуус санал болгож байна уу?
-Миний емайл хаягийг олон хүн мэддэг юм билээ. Хөдөөгийн үзэгчид захидал бичиж, гар утас руу “Бурмаа халуун зун дууслаа. Амарч дуусаагүй юу. Хөгжмийн тэсрэлт хийх цаг болсон юм биш үү” гээд ёжилсон бас урам хайрласан мессеж их илгээжээ. “ХИТ”-д дуртай залуустаа хөгжмийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг удахгүй хүргэнэ гэж амлая.
-Хөтлөгчөөр ажилласан он жилүүд таныг ямар байр сууринд аваачив?
-Амжилтад хүргэсэн гэж хэлэхгүй ч үүрэг хариуцлага гэдгийг мэдрүүлж чадсан. Нэвтрүүлэг хөтлөх ур чадварын тал дээр дээшилж, хөгжмийн урсгал, төрөл чиг хандлагын талаар тодорхой мэдлэгтэй болсон. Үүнийгээ орчин үетэй холбож, уялдаа холбоотойгоор үзэгчдэд ойлгуулж чадсан гэж боддог. Биеэ зөв авч явах, хүнтэй боловсон харилцах соёлд чамгүй суралцлаа. Надад телевиз хэмээх том айлаас сурсан зүйл их бий. Нойр хоолоо умартан ажилладаг хамт олон, уран бүтээлчдээсээ ажлын амтыг мэдэрч чадсан. Үзэгчдийн урам надад олон зүйл хийх зориг хайрлаж, хүсэл тэмүүллийг бадрааж өгдөг. Үргэлж магтуулна гэж юу байх вэ. Хааяа үзэгчдээс “Чи дараагийнхаа нэвтрүүлгийг хөтлөхдөө хувцаслалт дээрээ анхаараарай.Үснийхээ засалтыг хувцастайгаа зохицуулах хэрэгтэй шүү” гэх шүүмжлэл сонсоно. Миний төлөө хэлж байгаа хүмүүсийн шүүмжийг би хүлээцтэй хүлээж авдаг.
-Хааяа хөтлөгчийн ажил хэцүү санагддаг байв уу?
-Хэцүү гэж бодож байгаагүй юм байна. Эмэгтэй хүнд тохирох хамгийн сайхан ажил бол телевизийн хөтлөгч. Хөтлөгч хүнд өөрийгөө хүндлэх, нэвтрүүлгээрээ үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх, шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэх гээд олон үүрэг хариуцлага бий. Хүнтэй ярилцаж байхдаа алдаа гаргаж байсан удаа тун ховор. Нэвтрүүлэг хөтөлсөн цагаас манайхан зургаан жилийн турш ганц ч дугаар алгасалгүй үзэж байна.
-Та сэтгүүлч мэргэжилтэй. Сонины халуун цэгт ч гэсэн ажиллаад үзье гэсэн бодол төрдөг үү?
-Залуу хүн болохоор надад бодож төлөвлөсөн зүйл их бий. Эхлээд өөрийнхөө байгуулсан компаниа хөл дээр нь босгоод, нэг урсгал чигт нь оруулъя. Харин дараа нь нийгмийн идэвхт ажил эрхлэх болов уу. Өнөөдрийн нийгэмд монголын эмэгтэйчүүд сэтгэлийнхээ тэнхээгээр амьдралын хүнд, хэцүүг нуруун дээрээ үүрч явна. Тийм болохоор эмэгтэйчүүдийнхээ төлөө дорвитой зүйл хийж, хүүхдийн асрах төв байгуулъя гэж бодож байгаа.
-Ийм бодол төрсөн чинь юунаас үүдэлтэй вэ?
-Би учиргүй баян хүн биш ээ. Жирийн дундаж амьдралтай. Монголын нийгэм хэт баян, хэт ядуу гэсэн түвшинтэй болчихжээ. Зарим хүн өдөрт 200 сая төгрөгийн ашиг орлоготой амьдарч байна. Тансаг амьдарч байгаа хүмүүс өнчин ядуу, өлсөж зовж байгаа хүүхдүүдэд бага боловч тусалж байгаасай.
Хэрвээ би тэдэн шиг ашиг орлоготой бол хүүхдийн төлөө тодорхой хувийг зарцуулах хүсэлтэй амьдарна. Ингэж бодсоны үндсэн дээр өнчин ядуу, өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд асрамжийн төв байгуулъя гэдэг бодол төрсөн юм. Миний хувьд тансаг амьдрах юмсан гэж боддоггүй. Өөрийнхөө дураар эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг.
-Тэгвэл та юугаар баян амьдрахыг хүсдэг хүн бэ?
-Сэтгэлээрээ. Зорилготой амьдрах сайхан шүү дээ. Мөнгөтэй байлаа гээд сэтгэлд минь уйтгар гуниг, ганцаардал ноёлж байвал хоосон амьдарснаас ялгаагүй биз дээ. Эргэн тойронд байгаа ойр дотныхоо хүмүүсийг эрүүл саруул, элэг бүтэн, аз жаргалтай, сайхан амьдраасай гэж хүсдэг. Хүн яах гэж төрдөг юм бэ гэж олон удаа өөрөөсөө асууж, эргэцүүлж бодсон. Хүн мөнгө олохын төлөө төрж, дараа нь аз жаргалтай амьдарна гэж хэзээ ч байдаггүйг ойлгосон. Бид нэг л удаа амьдарна.
Тийм болохоор аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Хүмүүс аз жаргалыг дэргэдээсээ бус холоос хайдаг. Хөрөнгө мөнгөтэй болсныхоо дараа жаргалтай амьдарна гэж боддог. Тийм биш шүү дээ. Миний ажиллаж, амьдарч байгаа нэг өдрийн хором, агшин бүрт аз жаргал бий. Эд, хөрөнгө хүний зөвхөн хэрэглээ болохоос биш аз жаргалтай холбоотой зүйл биш.
-Ээжтэй чинь ярилцаад сууж байхдаа халуун, дулаан уур амьсгалтай гэр бүл байна гэдгийг мэдэрлээ...
-Манайд зочилсон хүмүүс аав, ээжтэй яриа өрнүүлж суух дуртай байдаг юм. Ээж ирсэн зочдоо хүндэлж, сайхан харилцдаг. Их сургуульд хамт суралцдаг байсан ангийн маань найз, нөхөд манайхаар ирэх дуртай. Надтай утсаар ярихдаа “Аав, ээж тань сайн биз дээ. Мэнд дамжуулаарай” гэж заавал хэлдэг. Аав, ээжийнхээ ач тусаар өдий зэрэгтэй яваадаа би их баярладаг.
-Аав тань шатрын спортод гаргууд юм. Медалийн ихэнх нь алт байна шүү дээ?
-Тийм ээ. Аав шатрын тэмцээнд олон удаа оролцсон. Авсан шагналуудаас нь алтан медаль их бий. Бид аавынхаа ухаалаг, тайван зан, амьдралыг авч яваа ноён нуруу, алсыг харсан холч ухаанаар нь бахархдаг. Биднийг хатуу үгээр зэмлэж байгаагүй. Аав даруухан, дуу цөөнтэй. Хааяа нэг алдаа гаргавал “Миний охин ингээд байна уу даа” гэж байгаад жинтэй үг хэлнэ. Цөөн үгээр санаагаа ойлгуулчихдаг болохоор ч тэр үү ааваасаа эмээнэ.
-Таныг айлын ганц, эрх охин гэж боддог байлаа. Тэгтэл өнөр, өтгөн өссөн юм байна шүү дээ?
-Би өнөр, өтгөн айлын хүүхэд. Нэг эгчтэй, гурван ахтай, айлын бага охин. Ах, эгчийнхээ хүүхдүүдийг өөрийнхөө төрсөн дүү шиг хайрладаг. Надад зургаан сайхан дүү бий. Дүү нараас Оргил шатар тоглох дуртай. Өвөөгийнхөө шатрын спортыг өвлөж байгаа. Шатрын тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн.
-Ээжийн тань хийсэн хоол сайхан амттай юм. Гарынх нь хоолыг зооглохоор амралтын өдөр танайхыг зорьж ирдэг хүн олон байх аа?
-Ээжийн зан ааш, хийсэн цай хоолонд нь хүмүүс их татагддаг юм. Аав, ах бид гурвыг сайн халамжилдаг ээжийгээ гэрийн сайн эзэгтэй гэж хэлнэ. Гэр бүлдээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Өглөө эрт босно, гэрээ цэвэр, цэмцгэр байлгана. Манай гэрт бүртийх хог, тоос ч байдаггүй. Хогийн сав хүртэл гялалзаж байхыг хүмүүс харчихаад, ээжийн ажилсаг нямбай зангаар бахархдаг юм. Би эрх дураараа ч гэлээ ээжийнхээ цэвэрч нямбай, ажилсаг занг дуурайсан.
-Сурвалжлага хийхээр хилийн дээс алхсан байлгүй. Ямар орон өөрт тань сайхан сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Би олон оронд хөл тавиагүй ээ. Надад Москва үнэхээр сайхан санагдсан. “МУЗ ТВ” хөгжмийн сувгийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Олимпиский стадион”-оос сурвалжлахдаа Оросын нэр хүндтэй одуудыг нэг дор тайзан дээрээс харсан.
Анхны сурвалжлага байсан болохоор сэтгэлд мартагдахааргүй дурсамж үлдээсэн. Ёслолын ажиллагаанд оролцсон хамтлаг, дуучидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонсон, ярилцлага авч байлаа. Энэ бүхэн миний хувьд хамгийн сайхан аз завшаан байсан. Хөтлөгчийнхөө хувьд тухайн тоглолтын зохион байгуулалт, дүрс бичлэг, тайзны засалт ямар байдгийг телевизийн талаас нь ажиглаж, сурвалжилсан.
-Нас чинь хорь гарчихлаа. Гэрлэлтийн талаар төлөвлөсөн үү?
-Таньдаг хүмүүс надтай уулзахаараа “Чи 25 нас хүрчихлээ. Амьдралд хөл тавьж, үр хүүхэдтэй болох оройтлоо. Хүнтэй суугаач” гэдэг юм. Би 20 нас хүртлээ бие хүнд зайлшгүй хэрэг болох боловсрол эзэмшсэн. Дараа нь таван жил ажиллаж, өөрийгөө чамгүй хөгжүүллээ. Харин одоо өөрийнхөө төлөө амьдаръя. Одоохондоо надад гэрлэлтийн тухайд төлөвлөсөн зүйл алга. Тийм болохоор энэ асуудлыг түр хойшлуулж байгаа. Амьдралын жам ёсоор би хэзээ нэгэн цагт гэрлэж, ээж, эзэгтэй болно шүү дээ. Залуу байгаа дээрээ өөрийн хийж чадах зүйлд хүч, ухаанаа сориод үзье.
-Аав, ээж чинь зээгээ харахыг хүсэж байгаа биз дээ. Иймэрхүү үг цухайлгаад байх заримдаа нэг бодлын хэцүү санагддаг уу?
- Би “Одоохондоо нас залуу байна. Хийж бүтээх зүйл миний хувьд их бий” гэж хариулдаг юм. Монголчууд гэрлэлтэд нас заагаад байдаг. 30 хүрсэн бол хөгширлөө гэж боддог. Гадаадын залуус 35 нас хүрч байж, нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр, суурь эзэлсэн хойноо гэрлэдэг. Хүн насаараа суралцдаг биз дээ. Амьдралын туршлага бага ч болов өөртөө хуримтлуулмаар байна шүү дээ.
-Залуу хүнтэй ярилцаж байгаа болохоор хайрын тухай асуулгүй өнгөрч чадахгүй нь. Хайр, дурлал хоёрын ялгаа юунд байдаг юм бэ?
-Хайр хэзээ ч давтагдашгүй нандин зүйл. Хүнийг байгаа байдлаас нь өөрчилж чаддаг хүчтэй. Хайртай хүнийхээ төлөө хүн өөрийгөө золиосолж чаддаг, амьдарч чаддаг шүү дээ. Дурлал бол арай өөр. Хүний өдөр тутмын амьдралд тохиолдож болох зүйл. Өнөөдөр нэг сайхан залууд шохоорхож харчихаад, маргааш гэхэд мартаж болно шүү дээ.
-Найз залуугаа танилцуулаач...
-Бизнесмэн залуу бий. Дээр нэрийг дурдсан шүү дээ. Бизнесийн ажил дээр зааж зөвлөсөн зүйл нь алхам тутамд минь хэрэг болдог. Бид тэс өөр зан араншинтай.
Миний хувьд амьдралыг эрч хүч, эмоци, сэтгэл хөдлөл, тэр өдрийнхөө уур амьсгалаар төсөөлдөг байхад найз залуу алсын хараатай харж, төлөвлөдөг байх жишээтэй. Аливаа зүйлд бодож байж, шийдвэр гаргана, ямар нэгэн зүйл хийхээр болбол сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. Энэ давуу зан чанараас нь суралцахыг хичээж байгаа.
-Чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Сүүлийн зургаан сар үнэхээр зав гарсангүй. Шинэ ажил эхлүүлэхэд хүч, хөдөлмөр их зарцуулдаг юм байна. Өглөө долоон цагт босож, есөн цаг гэхэд нэг албан байгууллага, эсвэл банкин дээр ажил амжуулах гээд завгүй байх жишээтэй. Орой гэртээ ирээд, ажлынхаа тухай боддог. Заримдаа завгүй ажиллах сайхан санагддаг. Гэхдээ ажлын төлөө төрсөн юм шиг амьдарч болохгүй л дээ. Юутай ч ойрын хоёр жилд завгүй ажиллах байх аа.
-Амьдрал танд ямар бодлыг төрүүлж байх юм?
-Амьдрал таахын аргагүй оньсого шиг санагддаг. Хүн өөрийнхөө сэтгэлд амьдралаа төсөөлөн зурж, босгодог. Эргэн тойрноо хэрхэн харж, хүмүүстэй яаж харилцаж байгаагаас амьдрал ихээхэн шалтгаалдаг юм шиг ээ. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг үг байдаг даа. Бусдын амжилтад атаархаж болохгүй. Хэн нэгэнд таалагдаж, адилхан амьдрах албагүй шүү дээ. Аливааг өөдрөгөөр харж, амьдралын төлөө хичээж, зүтгэвэл та ч гэсэн сайхан амьдарч чадна. Бодол, сэтгэл гэдэг чинь хүнийг хөгжүүлж, урагшуулж чаддаг хүчтэй зүйл.
-Гольф хэзээ тоглож сурсан юм бэ. Хараад байсан чинь тун сонирхолтой санагдлаа?
-Таван жилийн өмнө “Eldorado” сургалтын төвийн талбайд гольф тоглохыг солонгос багшаар заалгаж, онол, дүрмийн талаас нь түлхүү судалсан. Цохилт болгон нь өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул гольф тоглохыг төгс эзэмшсэн хүн тун ховор байдаг гэдэг юм билээ. Хааяа энд ирж, тоглох надад нэг бодлын амралт болдог юм.
-Хувцасныхаа сонголтыг хаанаас хийдэг вэ?
-Хонгонг, Орос, Солонгос руу ажлаар явахдаа хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгоод авчихна. Америкт амьдардаг найзууд маань миний захисан хувцсыг яг надад тохируулж аваад, Монгол руу явуулчихдаг. Миний сонгосон хувцасны өнгө голдуу цагаан, ягаан, цайвар, цэнхэр байдаг.
-Гоо сайхны бүтээгдэхүүн, гоёлын зүүлтээсээ сонирхуулаач...
-Lancome, Christian Dior фирмийн гоо сайхны бүтээгдэхүүнийг таван жил хэрэглэж байна. Эмэгтэй хүн болохоор арьс арчилгааны бүтээгдэхүүнд сонголттой хандана. Гоо сайхандаа анхаарч, тодорхой хэмжээгээр мөнгө зарцуулдаг. Сайхан байхын төлөө хэзээ ч гар татдаггүй. Би залуу насаараа гоёх дуртай. Тиймдээ ч дэлбээлж байгаа цэцэг, гэрэл гэгээтэй, гялтганаж гялалзсан зүйлтэй залуу насаа зүйрлэх дуртай. Гоёл чимэглэлийн эдлэлээс Swarovski болор ээмэг, зүүлт, бөгж хэрэглэдэг.
-Дуртай сүрчиг...
-Burberry, Dior, D&G, Moschino, Sergio Tacchini, Gucci, Lacoste, Hugo Boss.
-Найзуудтайгаа тухтай ярилцах зав гаргаж байна уу?
-Ямар ч ажилтай байсан найзуудтай уулзаад, ярьж хөөрөх зав гаргаж чаддаг. Таван жилийн өмнө бид энд, тэндхийн хов жив, гоёл гангараа, моод загварын тухай их ярьдаг байжээ. Одоо бол амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болсон маань бидний ярианаас ажиглагддаг. Ярианы сэдэв амьдрал руу өнгийсэн, хийж байгаа ажлын онцлог, туршлага, алдаа оноо, амжилт бүтээл, мөн хийхээр төлөвлөж буй зүйлийнхээ тухай нэгнээсээ зөвлөгөө авсан, эсвэл зөвлөсөн яриа голдуу өрнүүлдэг болсон байна.
-Машины марк...
-Cadillac Escalade. Найз залуу бэлэглэсэн юм. Бариад сар гаруй болж байна.
-Жолооч болоод хэр удаж байна?
-Таван жил жолоо барьлаа.
-Хотоос зайдуу задгай зам дээр хэдэн миллийн хурдтай давхидаг вэ?
-Сүүлийн үед би машин жолоодохгүй байгаа. Хотын зам түгжрэл ихтэй, ажил амжуулах гээд яарч сандарч явдаг болохоор жолоочтой болсон.
-Та ахтайгаа ойролцоо настай болохоор яг найзууд шиг байх юм аа?
- Би ахаасаа хоёр насны зөрүүтэй. Бидний харилцаа гаднын хүнд энгийн, найз нөхөд шиг харагддаг байх. Амьдрал дээр бол ахыгаа хүндэлнэ. Хааяа аав, ээжээс айгаад хэлэхгүй зүйл гарвал ахдаа түрүүлж хэлдэг. Дэрсхэн өссөн болоод ч тэр үү ахдаа илүү дотно байдаг юм. Би гурван сайхан ахтай. Хүүхэд байхдаа ах нарынхаа дунд тоглож өссөн. Тэднээрээ одоо ч хүрээлүүлж яваадаа баярладаг.
-Залуу хүн байна, үеийнхэндээ хандаад урмын үг хайрлаач?
Амьдрал өөрөө баялаг түүхтэй. Хүн амьдралын ямар замаар замнахаа өөрөө сонгодог. Аль болох зөв зам сонгож, зөв бодолтой амьдраарай. Эрүүл саруул, ухаантай амьдарна гэдэг ирээдүйд олон зүйл хийж, бүтээх амжилтын эхлэл чинь шүү.
Ням гариг сэтгүүл