Хелико бактери
ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн дотрын их эмч, АУ-ны доктор Ц.Сарантуяа
Хүний дотор эрхтнүүдээс ходоод ямар үүргийг гүйцэтгэдэг вэ?
Ходоод хоол боловсруулах эрхтэн дотроо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад орчноос хоол тэжээлийг хүний эрхтэнтэй холбож өгдөг гүүр юм. Ходоодны гол гүйцэтгэх үүргийг манайхан ходоодны хүчил ялгардаг гэдгээр сайн мэддэг. Ходоодны хүчил ялгарснаар хоолны найрлагад байгаа уургийн бодис тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний задрал боловсорч эхэлдэг. Ходоодонд хоол холилдож шингэн зүйл болж нарийн гэдэс рүү орно. Ходоод хоолыг нөөцөлдөг эрхтэн. Хоол идсэнээс хойш 6-8 цагийн дараа ходоодонд хоолны бүтээгдэхүүн шингэн хэлбэр олтлоо агуулагдаж байдаг.
Хелико бактери
1984 оноос дэлхийн эрдэмтэд хелико бактери ходоодны архаг үрэвсэл, ходоодны шарх, ходоодны өмөн үүсгэж байгааг судалж тогтоосон. Хелико бактери нь ахуйн замаар халдварладаг. Ямар ч улсад уг нянг оношлох, эмчлэх талаар стандарт арга хэмжээг авдаг болсон. “Маастриксийн зөвлөмж” хэмээх ходоодны архаг эмгэгийн оношлогоо, эмчилгээний талаарх олон улсын зөвлөмж нь 1996, 2000, 2005 онд гурван удаа шинэчлэгдсэн. Манай эмч нар энэ зөвлөмжийн дагуу хүмүүст зөвлөгөө өгч, эмчилдэг.
-Баталгаагүй хоол хүнс ходоодны өвчин үүсгэдэг
Орчин үед хоол хүнсний аюулгүй байдлын тухай ярьж, бичиж байгаа. Өнөө үед баталгаатай хоол хүнс хамгаас чухал асуудлын нэг болоод байна. Хоол хүнс дэх шим тэжээлийн бодис хангалтгүй байхыг баталгаагүй хүнс гэдэг. Шим тэжээлээр дутмаг нэг төрлийн дан хоол, эсвэл бохирдсон хоол хүнс идсэнээс үүдэж ходоодны архаг үрэвсэл үүсдэг. Сүүлийн үед баталгаагүй хоол хүнснээс үүссэн ходоодны архаг үрэвсэл олны дунд газар авч байгаа.
Ходоодны хүчил ихдэх
Ходоодны хүчил ихсэх үед цээж хорсож ам гашуу оргиж, гулгидаг. Ялангуяа гурилан бүтээгдэхүүн, аарц, тараг гэх зэрэг хүчиллэг хүнсний зүйл идэхэд зохимжгүй. Ходоодны хүчил хоол тэжээлийн зүйлээс уураг агуулсан мах махан бүтээгдэхүүн задлах гол үүргийг гүйцэтгэнэ. Хүчил багасахаар уураг, мах махан бүтээгдэхүүний шингэц мууддаг. Амархан цатгалдана. Хоолонд дургүй болж, боловсруулалт муудна. Боловсруулалт удаашрахаараа гүйлгэх зовиур илэрдэг.
Ходоодны архаг үрэвсэл
Ходоодны архаг үрэвсэл үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Дан ганц хелико бактери, хоолны дэглэм алдагдсантай холбож үзэж болохгүй. Биеийн эсэргүүцэл сулрах, биед байгаа хууч өвчнүүдийн нөлөөгөөр ходоодны архаг үрэвсэл үүсдэг. Архаг үрэвсэл нь ходоодны хүчлийн ялгаралт ихсэх, багасах шинжээр илэрдэг. Олон жил өвдсөн хүмүүсийн ходоодны эсийн үйл ажиллагаа буурсантай холбоотой ходоодны хүчил багасдаг. Архаг үрэвсэл нь аажимдаа ходоодны хананд хатингаршил үүсгэнэ. Ходоодны хана хатингаршиж нимгэрсэн тохиолдолд ходоодны хавдар үүсэх эх суурь болдог. Монголчуудын дунд хамгийн түгээмэл байдаг өвчний нэг бол ходоодны архаг үрэвсэл юм. Архаг үрэвслийн эх суурь залуу насанд олдсон байдаг. Энэ нь даамширсаар ахимаг насанд ходоодны шарх, хавдар, хатингаршил болдог.
Ходоодны шарх
Ходоодны нэг өвчин нөгөө өвчнийхөө суурь нь болдог. Архаг үрэвсэл хүндрэхээрээ ходоодны шарх үүсгэнэ. Шарх хүндрэхээрээ ходоодны хавдарт шилждэг.
Шинж тэмдэг
Хавдрын үед илэрдэг түгшүүрийн шинж бий. Энэ нь ямар ч шалтгаангүйгээр турах, хоолонд дургүй болох, цус багадах зовиур илэрнэ. Хэрвээ ийм шинж илэрч байвал дотрын мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ
Мэс ажилбарын эмчилгээ, хавдрын эсрэг химийн эмчилгээ эхний нэг эсвэл хоёрдугаар үе шатандаа байх үед эмчилгээний үр дүн сайтай байдаг. Одоо манайд ходоодны хавдрыг дөнгөж эхэлж байх үед нь оношилдог болсон. Ийм үедээ оношлогдож байгаа хавдар эмчлэгдэх бүрэн бололцоотой. Ходоодны хавдрыг мэс ажилбараас гадна дурангийн эмчилгээгээр анагаадаг арга дэлхий дахинд нэвтэрсэн.
Дурангийн шинжилгээний давуу тал
Дурангийн шинжилгээ нь ходоодны бүтцийн өөрчлөлтийг оношилж, цаашилбал эд эсийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох, оношлогооны зэрэгцээ ур авах, цус тогтоох зэрэг эмчилгээ хийдэг.
Хооллолт
Ходоодны архаг үрэвсэл үүсгэж байгаа үндсэн шалтгааны нэг нь зохисгүй хооллолт. Ходоодны өвчний эмчилгээний үед хоолны дэглэмийг сайн барих хэрэгтэй. Дэглэм барих ёстой гээд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг ор тас хорино гэсэн үг биш. Орчин үед монгол хүмүүсийн аж амьдралын онцлогт зориулсан “Гэр зөвлөмж”-ийн дагуу хүн өдөр тутам таван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж байх хэрэгтэй юм.
Үүнд:
Үр тариа, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү цагаан идээ орно. Энэ таван бүтээгдэхүүнээс аль нэгийг нь хэрэглэхгүй үед тухайн хүнсний бүтээгдэхүүнд байдаг шим тэжээлийн бодисын дутагдал үүснэ. Орчин үед эрүүл амьдралын хэв маягийг хоёр зүйлтэй холбон үзэж байгаа. Нэгдүгээрт: Зохистой хооллолт, хоёрдугаарт: Идэвхтэй хөдөлгөөнтэй байх. Энэ хоёрыг хослуулж чадвал эрүүл амьдарч чадна.
Ходоодны өвчний үед хязгаарлах шаардлагатай хоол, хүнс
Хоолны зохимж муудсан ходоодны архаг үрэвсэлтэй хүнд тодорхой хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт өгдөг. Тухайлбал, ходоодны хүчил ялгаралтыг ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнд хоолны янз бүрийн амтлагч, соус, цэвэр сүү, түүхий ногоо, исгэлэн жимс, өөх тостой мах ордог.
Ходоодны өвчтэй өвчтөнд эмчилгээ сувилгааны хоол гэж тусдаа өгдөг. Эмчилгээ сувилгааны хоол нь ердийн хоолноос тодорхой хүнсний бүтээгдэхүүнд хязгаар тавьдгаараа ялгаатай. Түүнээс биш өвчтэй хүн гээд хоол хүнсийг хязгаарлан хорьж болохгүй. Манайхны дунд хоносон хоол халааж иддэг буруу зуршил байдаг. Хоносон хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж, ямар нэгэн халдвар авах боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр өрх бүр ам бүлдээ тохирсон хэмжээтэй, амттай, эрүүл чанартай хоол хийж байх хэрэгэтэй. Болсон хоолыг тэр даруй идэх ёстой. Хадгалж удаан байлгаж, хонуулж болохгүй.
Урьдчилан сэргийлэлт
Ходоодны үрэвсэл шарх, хавдрын өвчин үүсгэж хүчин зүйл бол хелико нянгийн халдвар гэж олон улсад хүлээн зөвшөөрөөд буй. Үүнээс сэргийлэх гол арга бол хүн бүрийн хувийн эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой. Эрүүл байхын тулд, эмгэгтэй хүн халдвараа бусдад тараахгүй тулд эрүүл ахуйг дэглэмийг сайтар сахих хэрэгтэй.
Тухайлбал, хувь хүн тусдаа аяга халбагатай байх, бага насны хүүхдийг зөв хооллох, хооллохын өмнө болон бие зассаны дараа гараа сайтар угаах, гал тогооны хэрэглэлийг зохистой бэлтгэх, боловсруулах зэрэг ахуйн энгийн соёлыг амьдралдаа хэвшүүлж сурах хэрэгтэй.
Өөр нэг анхаарах нэг зүйл бол өвдөлт, үрэвсэл намдаах эмийг зохистой хэрэглэх нь ходоодны хүчлээс сэргийлнэ. Учир нь эдгээр эм нь ходоодны хүчлээс ходоодны ханыг хамгаалах үүрэгтэй өтгөн зузаан салсан бүрхүүлийг гэмтээдэг. Хүн бүр өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эрүүл мэнд гэдгийг алхам тутамдаа санаж явах хэрэгтэй.
Өвчнөөс сэргийлэх хамгийн амархан, хамгийн хямдхан арга байдаг. Харин өвдсөн хойноо түүнийг эмчлэх хамгийн үнэтэй, эрсдэлтэй арга болдог. Та бүхэн аз жаргалтай амьдаръя гэж бодож байвал эрүүл мэндээ хайрлаж, хамгаалж яваарай.