Дэлхий нийтийн санааг зовоож байгаа хорт хавдартай тэмцэхэд манай хойд хөрш багагүй анхаарч, олон арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл бол Санкт-Петербургт уржигдар зохион байгуулсан хандивын тоглолт байлаа. Хүн төрөлхтний цаг бусын үхлийн нэг шалтгаан нь хорт хавдар бөгөөд сүүлийн үед энэ өвчинд хүүхдүүд өртөх нь ихэссэн.
Тэгвэл ОХУын Ерөнхий сайд Владимир Путин хорт хавдартай хүүхдүүдэд туслах, эл өвчний эсрэг тэмцэхэд олны анхаарлыг хандуулахын тулд Шарон Стоун, Кевин Костнер, Моника Белуччи, Голди Хоун, Курт Рассел, Пол Анка, Микки Рурк, Ален Делон, Орнелла Мути, Жерар Депардье нарын дэлхийд танигдсан нэртэй хүмүүсийг урьж урлагийн тоглолт зохион байгуулж, хэд хэдэн музейгээр аялал хийв.
Тэрбээр зочдыг өнгөрсөн баасан гаригт Петербургийн түүхийн музейд зочлуулахдаа тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэн, эх түүхээ хэр сайн мэддэгээ харуулсан нь олны анхаарал татаж, басхүү талархал хүлээжээ.
Ж.ЭРДЭНЭ